Ажил дээрээ сайн найзтай байх нь ажлын бүтээмж нэмэгдүүлж, тогтвортой ажиллах суурь болдог

2023/04/25 Админ 2876 0 сэтгэгдэл

  Хүн дунджаар ажил дээрээ амьдралынхаа 81,396 цаг буюу есөн жилтэй тэнцэхүйц хугацааг өнгөрөөдөг гэсэн тооцоолол бий. Америкийн Хүн-амьдралын судалгааны төвөөс "Хүмүүс гэр, сургууль, сүм зэргээс илүүтэй ажлынхаа хамт олонтой илүү нөхөрлөх магадлал өндөр болсон” гэж мэдээллэсэн бөгөөд одоо байгаа найз нөхдөөсөө ч илүү ажлын хүнтэйгээ хурдан найзалдаг гэдгийг онцолжээ. Байгууллагууд ажилтны үл хайхардаг, хамгийн бага хөрөнгө оруулалт хийдэг зүйл болох “сайн сайхан байдал”-ыг сайжруулахын тулд хамаг бүхнээ хийдэг гэж дэлхийн томоохон компаниудын CHRO нар Gallup-ийн судалгаанд онцлон өгүүлжээ. Түүнчлэн тус судалгаагаар 10 ажилтан тутмын гурав нь л ажлын байрандаа сайн найзтай гэж өгүүлжээ.

Байгууллагууд яагаад анхаарах шаардлагатай вэ?

  "Хүмүүс бол байгууллагын хамгийн том хөрөнгө" гэж ярьдаг ч гэсэн удирдах албан тушаалтнууд ажилтнуудаа өглөө ирэхдээ хувийн амьдралаа ардаа үлдээхийг хүсдэг.  Гэсэн ч Gallup-ийн судалгаагаар нь ажил дээрээ сайн найзтай байх нь ашиг орлого, аюулгүй байдал, үйл ажиллагааны хяналт, ажилтны тогтвортой байдал зэрэг бизнесийн үр дүнтэй холбоотой болохыг харуулав.

  Пенсильванийн их сургууль болон Миннесотагийн их сургуулийн судлаачид ажлын байран дээрх нөхөрлөл ажлын бүтээмж нэмэгдүүлдгээс гадна тэд илүү сайн харилцаж, бие биедээ урам зориг өгөн тууштай ажиллахад чухал нөлөө үзүүлдэг аж. Мөн Олон Улсын Нийгмийн Судалгааны Хөтөлбөрийн (ISSP) дэлхийн судалгаагаар “Хүн хоорондын  харилцаа нь ерийн ажилтны сэтгэл ханамжид багагүй буюу мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлдэг гэжээ. Ажлын байрны сэтгэл ханамжид нөлөөлдөг 12 гол хүчин зүйлээс ажлын найз гэх ойлголт нэгдүгээрт ордог.”

  Ажлын бүтээмж, ашигт ажиллагаа, сэтгэл ханамж, тогтвортой байдал зэргийг нэмэхээс гадна Gallup-ийн хамгийн сүүлд хийсэн судалгаагаар цар тахлын эхэн үеэс эхлэн ажил дээрээ сайн найзтай байх нь бусдад ажлаа санал болгох, гарах магадлал, ерөнхий сэтгэл ханамж зэрэг үйл ажиллагааны чухал чухал үзүүлэлтэд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Зайнаас болон хосолмол ажлын байрны эрин эхэлсэн энэ цаг үед “ажлын найз” нь нийгмийн чухал харилцаа холбоо, хамтын ажиллагаа, өөрчлөлтийн үед нэгнээ дэмжих, сонсох амьдралын чухал хэсэг болж байна.

  Харамсалтай нь цар тахал хүмүүсийн ганцаардлын түвшинг улам дордуулаад зогсохгүй ажлын байран дахь нөхөрлөлд ч сөргөөр нөлөөлөв. Хосолмол орчинд ажилладаг хүмүүсийн дунд явуулсан Gallup-ийн судалгаагаар 2019 оноос хойш ажил дээрээ найзтай гэсэн хүмүүсийн тоо таван нэгжээр буурчээ.

Ажлын байранд урт хугацааны нөхөрлөл бий болгох нь

  Ажил үүрэг нь биечлэн ирж ажиллах, цахим аль эсвэл хосолсон байсан ч гэсэн ажлын байран дахь нөхөрлөлийг чухалчилдаг соёлтой байгууллага ажилтнуудад сайнаар нөлөөлж, урт хугацааны эерэг уур амьсгал бий болгодог. Тэгвэл менежерүүд хэрхэн дэлхий дахины ганцаардлын түвшинг бууруулангаа нөхөрлөж болохуйц таатай уур амьсгал бий болгох вэ? Ажлын байрны нөхөрлөлийг дэмжих дараах арга замууд бий.

Чиглэл олгох

  Хүн бүрт найз хэрэгтэй ялангуяа байгууллагад дөнгөж шинээр орж буй хүмүүст. Шинээр орсон хүмүүсийг удаан хугацаанд ажиллаж байгаа буюу ахмад ажилчидтай баг болгон хамтруулах нь ажилдаа хурдан дасах, бүтээмж нэмэгдүүлэх зэрэг ач холбогдол өндөр байдаг. Ийн чиглэл олгох нь шинэ хүмүүст байгууллагын эд зүйл хаана байдаг, дотоод буюу “бичигдээгүй” дүрмүүд, бусад ажилтнуудтай танилцах гэх мэтчилэн олон зөвлөгөө өгөх завшаан болдог. Мөн ингэж анх танилцсан хүмүүс хамгийн удаан, дотно нөхөрлөх нь бий.

  Чиглэл олгох арга замын хамгийн гол түлхүүр бол ойр ойрхон уулзаж, харилцах явдал юм. Microsoft компанийн нэгэн судалгаагаар шинээр ажилд орсон ажилтан эхний 90 хоногтоо чиглэл өгөх хүнтэйгээ 8-аас дээш удаа уулзахад ажилдаа хурдан дасах, бүтээмжтэй ажиллахад тусалсан гэжээ. Харин шинээр ажилд орсон хүн эхний 90 хоногт чиглэл олгогчтой ганцхан удаа уулзахад дээрх үзүүлэлт 56% болтлоо буурчээ.

Нүүр нүүрээ харан харилцах боломж

  Цар тахлаас өмнө ажлын байр гэдэг хамтран ажиллагсад хамт кофе ууж, өдрийн хоолоо идэж, үүдний танхимд нэгэнтэйгээ таардаг, хөнгөн богино яриа өрнүүлдэг газар байсан. 2020 онд хүмүүс бүтэн цагаар цахимаар ажиллаж эхэлсэн тул ажлын найз нөхөдтэйгээ харилцах, цаг өнгөрөөх зэргээр нийгмийн харилцаанд орох нь эрс багассан билээ.

  Нөхөрлөл, нийгэмшил гэдэг хоорондоо харилцан ярилцах, нэгнээ харах хамтдаа байхын нэр. Бие биетэйгээ холбогдохын тулд Zoom, FaceTime аль нь ч байсан нэгнээ харах нь хамгийн чухал. Наанадаж л имейлээр бага харилцаж, биечлэн ярилцах хэрэгтэй. Учир нь имейл хэзээ ч нүүр тулан уулзах мэдрэмжийг төрүүлэхгүй бөгөөд имейлээр хэн нэгний хэлсэн үг, яриа бичвэрийг буруугаар ойлгох магадлал маш өндөр.

  Бизнесийн удирдлагууд ч мөн биечлэн уулзахаа ихэсгэж, имейлээ бага бичих хэрэгтэй. Цаашлаад уулзалтын хүлээлтийг хянах, байгууллагын шинэ соёл тогтоох, тохиргоог шинэчлэх замаар биечлэн уулзах үйлийг дэмжиж чадна. Үлгэрлэвэл, хосолсон сургалт буюу албууд бие биедээ сургалт орох, ажлын байраа сэлгэн ажиллах зэргээр компанийн бусад ажилтнуудтай танилцах, хамтрах боломж олгож болно. Шинэ хүмүүстэй танилцах нь шинэ найз нөхөдтэй болохын эхлэл шүү дээ. Бөөндөө хамт байх арга хэмжээ, уулзалт бүр болохгүй бол өдрийн хоол ч төлөвлөж болно. Хүмүүсийн ажлын байр буюу ширээ сандал, өрөөнүүдийг ойрхон байхаар зохицуулалт хийх. Нэг ижил зорилгын төлөө ажиллаж буй шал өөр амьдралын хэв маягтай хүмүүстэй танилцах боломж төдийлөн олдохгүй нь лавтай. Бусдын хичээл зүтгэл, хөдөлмөрөөс хамааралтай нөхцөлд байгааг ч мөн дурдах нь зүй.

Байнга хөгжилд

  Хүмүүс нэг зорилгын дор зүтгэж, хамтдаа агуу их амжилтанд хүрэхэд тэдний дунд онцгой холбоо бий болдог. Хамтран ажиллахын хамгийн сайхан нь хамтдаа “ид шид бүтээх” шүү дээ. Гүйцэтгэл, үзүүлэн сайтай Beatles хамтлагийн жишээг авч үзье л даа. The Economist сэтгүүлд бичсэнээр: “Битлз амьдрахын төлөө хийдэг зүйлдээ хайртай байсан. Тэд хөгжим тоглохгүй байх үедээ үргэлж хөгжмийн тухай ярьж эсвэл боддог. Тэд өөрсдийн дуу шигээ үргэлж хөгжилдөн цэнгэдэг байсан".

Хамтран ажиллахад урамтай хүмүүсийн дунд байсан бол та энэ мэдрэмжийг сайн мэднэ. Бусад ажилтнууд ч мөн мэднэ – хөгжилдөх зууртаа хамтдаа гайхалтай зүйлийг бүтээж буй гэсэн сэтгэл ханамж, бахархах мэдрэмж. Gallup-ийн судалгаагаар хүмүүс бусадтай хамт ажиллах үедээ үйлчлүүлэгчид болон дотоод түншүүдээ илүү их татан оролцуулж, богино хугацаанд их ажил гүйцэтгэн, ажлын байрны аюулгүй байдлыг хангадаг бөгөөд санал бодлоо хуваалцан, шинийг санаачлах хандлагатай байдаг аж.

Хүчилж болохгүй

  Цар тахлын ачаар оройтож ажлуулах зорилготой өнгө өнгийн наадгайтай, баг хамт олон бүрдүүлэх гэсэн зугаатай тоглоомоор дүүрсэн, хүссэн-хүсээгүй очдог “цэцэрлэгийн оффис”-ийн эрин үе дуусч байна. Ванкувер дэх Playficient зөвлөх компанийг үүсгэн байгуулагч Пол Лопушинскийн хэлснээр, “Байгууллагын тэр соёл бол хөгжилдөх бус, хүмүүсийг удаан хамтад нь байлгах гэсэн л оролдого юм” хэмээжээ.  

Удирдлагууд үйл ажиллагааны бодлого, сургалт, цагийн хуваарийг тогтоож болох ч гэсэн хүмүүсийг хооронд нь найз нөхөд болгож чадахгүй. Байгууллагын арга хэмжээ гэхээр л ажилтнууд нь дургүйлхсэн өнгө аястай байгаасай гэж хүсэхгүй нь лавтай.

Хэрэв ажлын байран дахь нөхөрлөлөөс үүдэлтэй бизнесийн үр өгөөжийг мэдсээр байж үгүйсгэсээр байгаа бол дараах энгийн өгүүлбэрийг санагтун: Нөхөрлөлийг үл хайхрах нь хүний мөн чанарыг ч үл тоомсорлож байгаатай адил явдал юм. Компанийн бодлого, хүний мөн чанар хоёрыг зэрэгцүүлэхэд хүний мөн чанар ямагт илүүрхэнэ. Хүмүүс ямар ч үүрэг даалгавартай байсан нийгмийн хэрэгцээгээ хангах болно гэдгийг дээрх баримтууд нотлож байна. Компаниуд энэ төрлийн нийгмийн капиталын хүчийг няцааснаас өөрт ашигтайгаар эргүүлэх нь хамаагүй ухаалаг сонголт юм.

Тулгамдсан үед найдах найз нөхөдгүй ажилтнуудын хувьд ажил нь хэцүү байж болох ч ажилгүй байх нь үүнээс ч дор, онцгүй мэдрэмж гэдгийг санаарай. Харин ажилтнуудынхаа сайн сайхан байдлыг эрхэмлэн ажлын байран дээр найз нөхөдтэй болох боломжийг бүрдүүлдэг компаниуд хүн төрөлхтний хамгийн аймшигт тахал болох “ганцаардал”-ын эсрэг шийдэл болж байгаагаа санаарай.

Товч: Олон сая хүмүүс ганцаардлаас болж зовж шаналдаг. Gallup-ийн мэдээлснээр дэлхийн хэмжээнд 300 сая гаруй хүн ганц ч найзгүй гэж мэдүүлсэн бөгөөд хүмүүсийн 20 гаруй хувь нь хэрэгтэй үедээ найдаж болох найз нөхөд, гэр бүлгүй байдаг гэж дүгнэжээ.  Хүмүүс амьдралынхаа ихэнх хугацааг ажил дээрээ өнгөрөөдөг бөгөөд хэн нэгэнтэй нөхөрлөх магадлал хамгийн өндөр байдаг. Зайнаас болон хосолмол ажлын байрны эрин эхэлсэн энэ цаг үед “ажлын найз” нь нийгмийн чухал харилцаа холбоо, хамтын ажиллагаа, өөрчлөлтийн үед нэгнээ дэмжих, сонсох амьдралын чухал хэсэг болж байна. Гэсэн хэдий ч Gallup-ийн судалгаа ажил дээрээ сайн найзтай байх нь ашиг орлого, аюулгүй байдал, үйл ажиллагааны хяналт, ажилтныг тогтвортой байлгах зэргээр бизнесийн үр дүнтэй холбоотой болохыг харуулжээ. Нэн ялангуяа цар тахал эхэлснээс хойш ажлын байрандаа сайн найзтай байх нь ажлын байраа бусдад санал болгох, ажлаас гарах магадлал, ерөнхий сэтгэл ханамж зэрэг олон чухал үзүүлэлтэд үр нөлөөтэй болсныг онцолж байна. 

Эх сурвалж: Harvard Business Review 

Бэлтгэсэн: Б.Оюунханд 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.