Шинэ менежерийн хувьд ажиллах хэв маягаа хэрхэн тодорхойлох вэ?

2023/06/08 Админ 3083 0 сэтгэгдэл

Товчлол   

Хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө таньж мэдэх ур чадвар бол хамгийн хэрэгцээт чадварын нэг. Харин менежментийн салбарт шинээр хөл тавьж буй тохиолдолд хэрэгцээт гэхээсээ илүүтэй чухал чадвартаа ордог. Анх удаа менежерийн ажил хийж буй хүмүүст зориулсан өөрийгөө танин мэдэхэд туслах хоёр алхмыг хэлж өгье.

  • Нэгдүгээрт, өөрийн ажиллах хэв маягийг тодорхойлох: Та introvert үү extravert үү? Үүрэгт ажилдаа төвлөрдөг үү? Хүмүүст төвлөрдөг үү?
  • Өөрөөсөө асуугаарай: Би бусадтай хамтар ажиллахаараа илүү үр дүнтэй байдаг уу, ганцаараа ажиллахыг илүүд үздэг үү? Би аливааг хурдан үр дүнтэй байлгахад анхаарч ач холбогдол өгдөг үү, эсвэл хамт олноороо нэгдэн зөвшилцөлд хүрэхийг илүүд үздэг үү? Ингээд та өөрийгөө аналитикч, удирдагч, хамтран ажиллагч, дэмжигч аль нь вэ гэдгийг тодорхойлоорой.
  • Гуравдугаарт, үнэт зүйлээ тодорхойлох: Олон жилийн дараа карьерын зам мөрөө эргэж харвал юу танд хамгийн чухал байх вэ? Бүрэн бүтэн сайхан амьдарсан гэх тодорхойлолтод тань нийцсэн 10 үнэт зүйлийг жагсаагаад сэдвийн хувьд ангилан 5 дараа нь 3 болтол шүүн тунгаана уу. Дараа нь тэдгээр үнэт зүйлтэй нийцэх ажиллагааг жагсаан бичнэ үү. Жишээлбэл таны үнэт зүйл шилдэг нь байх бол та хийсэн зүйлээ төгс гэж үзэхээс нааш бусадтай хуваалцахгүй байх гэх мэт.
  • Эцэст нь та хамтран ажиллагсадтайгаа өөрийн ажиллах хэв маяг, идэвхжүүлэлт болдог үнэт зүйлээ нээлттэй хуваалцаарай. Ингэснээр ажил дундын урсгал, хамтын ажиллагаа сайжран үйл хэрэг оновчтой болох бүрэн боломжтой юм.

Өөрийн ажиллах хэв маягаа таньж мэдэх нь

Карьерийнхаа туршид бусдын олон зан байдлыг таньж мэдэн, гүйцэтгэлийг үнэлж сурснаар хүмүүсийн ажиллах хэв маягт хоёр гол шалгуур байгааг олж мэдсэн юм.

  • Тэр хүн гадагшаа чиглэсэн нээлттэй хүн үү эсвэл дотогш бүгсэн хаалттай хүн үү?
  • Үүрэг даалгавартаа төвлөрдөг хүн үү эсвэл хүмүүст төвлөрч ажилладаг хүн үү?

Introvert, extrovert эсэхээ мэдэхийн тулд дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:

  • Би бодож, ойлгох гэж ярьдаг уу? эсвэл бодож байгаад ярьдаг хүн үү?
  • Хүмүүстэй хамтарч ажиллахаараа илүү хичээдэг үү? Ганцаараа ажиллахдаа илүү үр дүнтэй байдаг уу?
  • Хурал уулзалт, багийн ажиллагаа намайг ядраадаг уу? Эрч хүч оруулдаг уу?

Тухайлбал, бичээч би өөрийгөө хэт extrovert гэж боддоггүй, гэхдээ зөв хариултанд хүрэхийн тулд бүхий л санаагаа гадагшлуулах хэрэгтэй байдаг. Хэрэв та илүү extrovert нэгэн бол тулгарч буй саад бэрхшээлийг даван туулахдаа ажлынхаа хүнтэйгээ ярилцдаг, асуудал шийдвэрлэхийн тулд баг хамт олонтойгоо нэгдэж байж шийдэхийг илүүд үздэг болов уу. Харин эсрэгээрээ introvert бол аливаа төлөвлөгөө, шийдлийг бусдад танилцуулан, хариу авахаасаа урьтан ганцаараа бие даан тунгаан бодохыг илүүд үздэг. Мөн хурал, уулзалтаас илүү имэйл, албан бичгээр харилцах нь илүү тохиромжтой санагддаг болов уу.

Үүрэг даалгавартаа төвлөрдөг эсвэл бусдад төвлөрдөг эсэхээ мэдэхийн тулд та,

  • Би хийж буй ажилдаа төвлөрдөг үү эсвэл түүнийг хийж буй хүмүүст анхаардаг уу?
  • Би аливаа ажлыг хурдан үр дүнтэй байхад ач холбогдол өгдөг үү эсвэл явц дундаа бусадтай хамтран ажиллаж, зөвшилцөлд хүрэхийг чухалчилдаг уу?
  • Асуудал тулгарахад би шууд шийдлийн тухай боддог уу эсвэл бусдын нөхцөл байдал, өнцгийг түрүүлж боддог уу?

Үүрэг даалгаварт чиглэсэн хүмүүс аливааг хийх хамгийн хурдтай, үр дүнтэй арга барил, бага нөөц ашиглахад анхаардаг. Харин хүмүүстээ анхаардаг хүмүүс бүхий л зүйлд зөвшилцөлд хүрэхийг зорьдог ч гэлээ хүмүүсийг нэгтгэхэд хэт анхаарснаас үүдэн ажлаа үр дүнтэйгээр гүйцэтгэхээ мартах нь бий.

Дараах тэнхлэгийн хаана байгаагаас та өөрийгөө тодорхойлж болох буй за. Аналитикч, удирдагч, хамтран ажиллагч, дэмжигч гэж дөрөв ангилдаг.

  • Аналитикч нар олон өнцгөөс бодолцож үзсэн, датанд суурилсан нягт шийдвэр гаргадаг. Тэд зөв шийдэл, хариулт боловсруулахдаа сайн ч гэлээ хангалттай мэдээлэлгүйгээр ажиллахад бэрхшээлтэй байдаг. Түүнчлэн хамтран ажиллах, үйл явц бий болгох, зөвшилцөлд хүрэхийг төдийлөн эрмэлздэггүй.
  • Удирдагч нар өөрийн гэсэн үзэл бодолтой, алсын хараа сайтай байдаг. Тэд үр дүнд аль болох богино хугацаанд хүрэхийг чухалчилдгаас улбаалан бага зэрэг туйлширсан, нэг талыг баримталсан үйлдэл гаргах нь бий. Мөн заавал хийх ёстой зүйл хэмээн хатуурхах талтай байдаг тул бусдын эрч хүчийг унтрааж, ганцаараа бүх ажлыг хийх нь бий.
  • Хамтран ажиллагч нар нь үйлчлүүлэгч, дотоод үйлчлүүлэгч буюу бусад баг, хэлтэс зэрэг сонирхогч талууд ихээхэн анхаарал хандуулдаг. Тэд ямарваа нэгэн тогтолцоо, үйл явцыг бий болгохдоо маш сайн боловч хүн орхигдуулахыг хүсдэггүй тул заримдаа ажлыг хэт ярвигтай болгох нь бий.
  • Дэмжигч нар нь маш санаачлагатай байдгаараа онцлог. Тэд харилцаа тогтоох, бусдад урам зориг өгөх, түүнийгээ илэрхийлэх, жишээ татах чадвартай. Гэвч тэд ажлын нарийвчлал, удирдлага зэргийг төдийлөн анхаардаггүй учир эхэлснээ дуусгаж чаддаггүй байх сул талтай.

Өөрийнхөө ажиллах хэв маягаа/энгийнээр хэлбэл өгч буй тайлангаасаа харж болно/ ухамсарлан мэдэх нь таныг үр дүнд чиглэсэн эмпатик менежер болоход туслана. Баг, хамт олны түвшинд яривал та ажиллах хэв маягийн үнэлгээг ашиглан давуу болон сул талаа хослуулж сайтар боловсруулах боломжтой. Хувь хүний хувьд сул талаа хянаж, боломж нөхцлөө өөртөө тааруулах, төлөвлөгөө боловсруулах боломжийг танд олгоно.

Жишээлбэл, удирдлагууд асуудал тулгарахад тэр дариу хариу үйлдэл хийх хандлагатай байдаг. Үүний оронд баг хамт олны түвшинд бодон шийдвэр гаргахаас урьтан асуулт асуух нь хамгийн зөв. Ингэснээр үйл ажиллагаа хэт хурдсаж, ачаалал нэмэхгүйгээр багаараа асуудал шийдвэрлэх ур чадвараа сайжруулах боломжтой.

Үнэт зүйлээ тодорхойлох

Дараагийн алхам бол танд урам зориг өгдөг үнэт зүйлсийг тодруулах явдал юм. Таны ажиллах хэв маяг болон үнэт зүйл тань баг удирдах, бусадтай хамтран ажиллахад чиглүүлэг болж өгдөг.

  1. Хожим хойно, олон жилийн дараа өөрийн ажил, карьерээ дүгнэж байна гэж төсөөлөөд үз. Эцэст нь юу таньд хамгийн чухал байв?
  2. Бүрэн бүтэн амьдрал гэх ойлголтод тань багтах 10 үнэт зүйлийг жагсаан бичнэ үү. (Жишээлбэл: Амжилт, тэнцвэртэй байдал, хүрээлэл, баяр хөөр, нөлөөлөл, суралцах гэх мэт)
  3. Жагсаалтаа нарийвчлан эхлээд 5, дараа нь 3 үнэт зүйл болгоорой.
  4. Үнэ цэнэтэй гэсэн бүх “үйлдэл” бүгдийг нь бичнэ үү. Үлгэрлэвэл, аливаад шилдэг нь байх нь таны хувьд үнэ цэнэтэй бол, та төгс болсон гэж үзсэн төслөө л бусдад танилцуулах нь таны үнэ цэнэтэй холбоотой “үйлдэл” тань юм.
  5. Эдгээр үнэт зүйлийн эерэг үр дүн мөн золиосыг бодолцон үзээрэй. Жишээлбэл, шилдэг нь байхыг эрхэмлэдэг хүн баг, хамт олноо гайхалтай ажил хийхийг шавдуулж чаддаг ч гэлээ бодит бус хүлээлт, бололцоот бус хугацаа товлох магадлалтай.

Тодорхойлсон үнэт зүйлийнхээ тухай бодоод үзээрэй. Таны ажиллах хэв маягтай хэрхэн нийцэж байна вэ? Үүнийг мэдсэнээр ухамсаргүй дэх хэвшмэл хандлагаа ойлгож, өөрийн давуу талаа хөгжүүлэх, бусадтай харилцахдаа ойлголцол сайтай байна. Жишээлбэл, та хамт олноо эрхэмлэдэг, хамтран ажиллагчийн хэв маягтай бол багийнхаа сэтгэл зүйн аюулгүй байдлын төлөө хэтэрхий их хичээл зүтгэл гаргах магадлалтай. Ингэснээр та бусдыг бие даахад сургахгүй байгаагаа анзаарах болно. Эсвэл та үр нөлөөтэй байдлыг чухалчилдаг, удирдагчийн хэв шинжтэй гэж бодъё. Үр дүн үзүүлэхдээ сайн ч гэлээ, хурдаа сааруулж бусдад бие даан сурах боломж олгох, зааж сургах тал дээр тааруухан байх талтай.

Ажиллах хэв маяг болон үнэт зүйлээ ярилцах

Ажиллах хэв маяг болон идэвхжүүлдэг үнэт зүйлийнхээ тухай та нээлттэй байх нь чухал юм. Тэгэж байж хамт олон тань хэрхэн хамтран ажиллах, санал хүсэлтээ хэлэх боломжтой болно. Мөн хамтарч ажиллахдаа баримталдаг зарчим, менежмент хийх ур чадвар, харилцах хэв маяг, ажиллаж чадах салбар чиглэл зэргээ тодорхойлсон “Надтай хамтарч ажиллах нь” гэсэн файл ч үүсгээд бусадтай хуваалцаж болох шүү дээ. Эсвэл ийм ажлыг баг хамт олноороо хийвэл илүү үр дүнтэй бөгөөд ингэснээр хамтын ажиллагаа хэрхэн сайжирч байгааг харах бүрэн боломжтой.

. . .

Өөрийгөө танин мэдэх ур чадвар бол таны карьерын туршид шаардлагатай бөгөөд хэрэгцээт чадвар юм. Цаг хугацааны явцад хөгжүүлэн, дасан зохицох ч боломжтой. Бусдаас ялгарах шинж байдлаа эрт тодорхойлсноор одоо болон ирээдүйд зөв, оновчтой ажил руу чиглүүлэхэд туслана.

Эх сурвалж: Harvard Business Review 

Бэлтгэсэн: Б.Оюунханд 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.