Дэлхий даяар бизнес эрхлэгчид борлуулалтаа өсгөх бүх л боломжит замуудыг эрэлхийлсээр байна. Гэсэн ч байгууллагуудын борлуулалт тэдний санасан хэмжээнд өсдөггүй нь харамсалтай. Гэхдээ борлуулалтаа өсгөх үйл явц нь үнэтэй зөвлөгч хөлсөлж янз бүрийн хүнд бэрх бартааг туулахтай огт хамааралгүй бол яах вэ? Борлуулалтыг нэмэгдүүлэх нь үндсэн хэдхэн зарчмыг мөрдөх төдий маш энгийн гэвэл та итгэх үү? Форбсын бизнесийн зөвлөлийн 16 мэргэжилтэн “энгийн атлаа бүтээмжтэй байх нь гол түлхүүр” юм гэж хэлжээ.
1. Хэрэглэгчдэд ээлтэй байх
Шинэ худалдан авагчдыг татах тогтвортой стратеги боловсруулахын тулд маркетингийн харилцаа холбоогоо хэрэглэгчдийн ашиг сонирхлын эргэн тойронд бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд байршил, борлуулалтын багийн чадвар, бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, вэбсайтын шуурхай байдал зэрэг нь багтдаг.
Тэдний зангилаа болсон асуудлууд дээр сайн чанарын судалгаа хийгээд таны бизнес тухайн асуудлыг хэрхэн өвөрмөц байдлаар шийдэж чадахыг мэдүүлэх хэрэгтэй. Бизнесийн манлайлагчид зах зээл дээрх байр сууриа хадгалж улам өсөж хөгжихийн тулд үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтэнд хандахдаа маш шуурхай байх шаардлагатай.
2. Үйлчилье гэсэн хандлагатай байх
Борлуулалт бол таныг идэвхтэй үед явагдаж байдаг оролцооны дүрэмтэй спорт юм. Үйлчлүүлэгчиддээ хамаг анхаарлаа өгөх хэрэгтэй. “Би юугаар танд илүү тусалж болох вэ?”, “Би хэрхэн танд үйлчлэх вэ?” гэсэн хандлагатай байх хэрэгтэй. Эдгээр асуултууд нь тогтвортой харилцааны үндэс болдог төдийгүй танд үйлчлүүлэгч сэтгэл хангалуун үр дүнд хүрэх ёстойг сануулж байдаг.
3. Зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн гаргах
Зах зээл дээр олон төрлийн стратеги, тактикийн аргууд бий. Тактикийн асуудлыг авч үзэхээс урьдаар эхлээд зах зээлд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эсэхээ нягтлаарай. Тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэх чадвартай, өрсөлдөхүйц байдал нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд зайлшгүй тусалдаг.
4. Өвөрмөц үнэ цэнийг бий болго
Эрэлттэй байгаа давуу байдлыг санал болгох нь нэн чухал юм. Хэрвээ та төгс бүтээгдэхүүн үйлчилгээтэй ч бусад олон компаниуд таныхтай яг ижил чанартайг үйлдвэрлэдэг бол борлуулалтаа өсгөх нь тийм ч амар биш болов уу. Гэхдээ та үйлчлүүлэгчиддээ жинхэнэ давуу байдлыг санал болговол та яллаа гэсэн үг.
Үүний нэг жишээ нь Uber юм. Хүмүүс такси дуудахдаа операторт дуудлага өгч одоо байгаа байршил болон хаана очихоо дэлгэрэнгүй тоочдог байсан бол Uber нь ганц аппликейшний тусламжтайгаар утасны дуудлага хийлгүй газрын зураг ашиглан, ганц товч дээр дараад л таксигаа авах боломж бүрдүүлж төлбөрийн хамгийн оновчтой нөхцлийг санал болгосон. Энэ нь бусдаас ялгарах давуу байдал нь болсон юм.
5. Маркетингийн тогтвортой стратеги
Бизнес үргэлж өсөлттэй дардан байдаггүй. Таны бизнес урагшилж өгөхгүй үед мэргэжлийн багтай хамтран эсвэл өөрөө суралцаад тогтвортой маркетингийн стратеги хэрэгжүүлэх шаардлагатай.
6. Байнгын үйлчлүүлэгчиддээ анхаар
Шинэ хэрэглэгч олохоос илүү хуучин хэрэглэгчдэдээ борлуулах нь 10 дахин илүү хялбар байдаг. Нэгдүгээрт одоогийн борлуулалтын үйл ажиллагаандаа юуг нэмэлтээр сайжруулж болох вэ гэдэг дээр эрэлт хайгуул хийх.
Хоёрдугаарт үйлчлүүлэгчийг дахин ирүүлэх буюу худалдан авалтын давтамжийг нэмэгдүүлэх онцгой урамшуулал, хөнгөлөлт зэргийг үзүүлэх хэрэгтэй. Мөн байнгын үйлчлүүлэгчээсээ өөр найзыгаа урихыг эвтэйхнээр ятгаарай. Үүний дараа и-мейл хаягийг бүртгэж аваад бүтээгдэхүүний мэдээллийг давтамжтай илгээгээрэй.
7. Хэрэглэгчид яагаад үүнийг авах ёстой вэ гэдэгт төвлөрөх
Борлуулалтыг нэмэгдүүлэх хамгийн энгийн бөгөөд шалгарсан арга бол “Яагаад үйлчлүүлэгч энэ бүтээгдэхүүн үйлчилгээг авах ёстой вэ?” Гэсэн асуултыг л бясалгах юм. Энэхүү арга зүй нь байгууллагад ч хувь хүнд ч тэгш үйлчилдэг.
8. Шийдлийг биш асуудлыг эхлээд сурталчлах
Худалдан авагч нар тухайн бүтээгдэхүүн хэрхэн ажилладаг вэ гэдэгт барагтаа анхаардаггүй харин таны бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тэдний хэрэгцээнд нийцэж байна уу үгүй юу гэдэг нь л тэдэнд чухал юм.
9. Олон удаагийн оролдлого амжилт авчирдаг.
Дундаж борлуулагч бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулахын тулд хоёрхон оролдлого хийдэг. Ганц нэг удаагийн оролдлогоор өндөр дүнтэй борлуулалт хийх нь тун ховор байдаг.
Ерөнхийдөө борлуулалт нь олон сувгаар хэд хэдэн удаагийн холбоо барилт шаарддаг процесс юм. / Имэйл, Linkedin, утас, видео дуудлага, sms болон бусад сошиал сувгууд/ Ирээдүйд борлуулалтын чиг хандлага нь үйлчлүүлэгчийн асуудлыг шийддэг, итгэлцэл дээр тулгуурласан тогтвортой харилцаа байх болно.
10. CRM хэрэглэх
Борлуулалтын төлөөлөгч дунджаар өдрийн ердөө 28%-ийг борлуулалт хийхэд зарцуулдаг. Үлдсэнийг нь дотоод уулзалт, сургалт, шинэ хэрэглэгчийн эрэл хайгуулд зориулдаг.
Тэгэхээр та борлуулалт хийх энэхүү бага хугацаагаа хэрхэн ашиглах вэ? Шийдэл нь найдвартай CRM юм. Тодруулбал, дуудлагыг хянах функц бүхий CRM нь танд бага хүчин чармайлтаар илүү олон харилцагчдад хүрэх боломжийг олгодог.
Ихэнх орчин үеийн CRM нь технологиор дамжуулан утсаар холбогдох, хэрэггүй мэдээллийг хасах, борлуулалтын бүтээмжийг дээшлүүлдэг төдийгүй үйлчилгээг сайжруулах зорилгоор утасны яриаг бичлэг болгон хадгалдаг.
Хэрэв дээрх зөвлөмжүүдийг таны бизнес хэрэгжүүлээд үр дүн гарахгүй бол дараахыг туршаад үзээрэй.
Эх сурвалж: Forbes