2023 оны МАРКЕТИНГИЙН топ чиг хандлагууд

2023/03/01 Админ 5972 0 сэтгэгдэл

  Маркетингийн салбар гэрлийн хурдаар өөрчлөгддөг. Ямар ч туршлагатай маркетер байсан өөрчлөлт, шинэчлэл бүрийг дагаж мөрдөхөд бэрхшээлтэй байдаг. Хурдацтай хөгжиж буй маркетингийн ертөнцөд амжилт гаргаж, хүлээн авч буй хүмүүстэйгээ ойрхон байх гол түлхүүр бол тэднээс түрүүлж алхах явдал юм.

  HubSpot блог дэлхийн 1000 гаруй маркетингийн мэргэжилтнүүдээс судалгаа аван ярилцаж, бизнесийн байгууллагуудад 2023 онд буюу хамгийн сүүлийн үеийн - өрсөлдөж чадахуйц маркетингийн стратегийг боловсруулахад туслах гарын авлага боловсруулжээ.

2023 оны маркетингийн тренд /Тойм/

  1. Инфлүүнсэр маркетинг нь маркетингийн тогтсон арга болно.
  2. Видео маркетерууд контентын хугацааг богиносгоно.
  3. Сошиал медиа хэрэглэгчдэд үйлчлэх хэрэгсэл болж хувирна.
  4. Олон байгууллага хайлтын урсгалд нийцүүлэхийн тулд SEO-г ашиглана.
  5. Гар утасны оновчлолд илүү анхаарал хандуулна.
  6. Компанийн нийгмийн хариуцлагыг чухалчилна.
  7. Маркетинг, борлуулалтын нэгдмэл баг амжилтад хүргэнэ.
  8. Шинэ туршилт бүхий маркетингийн арга эргэн ирнэ.
  9. Өсч буй жижиг бизнест Инбаунд маркетинг хамгийн шилдэг арга хэвээр байх болно.
  10. Virtual reality (VR), Augmented reality (AR) нар маркетингийн салбарт бүрэн хэрэгжтэл хугацаа шаардагдана.
  11. Байгууллагууд дотоод-сурталчилгааны зарыг туршина.

1. INFLUENCER МАРКЕТИНГ НЬ МАРКЕТИНГИЙН ТОГТСОН АРГА БОЛНО.

  2022 онд инфлүүнсэр маркетинг эрчээ авсан бол 2023 онд ч мөн үргэлжлэх төлөвтэй байна. Учир нь инфлүүнсэр маркетинг ашиглаж байгаа маркетерүүдийн 89% нь ирэх жил энэ эрчээрээ эсвэл хөрөнгө оруулалтаа нэмэх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн судалгаанд оролцсон маркетерүүдийн 17% нь анх удаа инфлүүнсэр маркетингт хөрөнгө оруулах бодолтой байгаагаа илэрхийллээ. Маркетерууд салбарынхаа тэргүүлэгчид болон инфлүүнсэрүүдтэй хамтарч ажиллахад, өөрсдийн брэндийг олон нийтэд илүү таниулж тухайн инфлүүнсерийн дагагчдыг ч мөн хэрэглэгч болгон татан авах боломжтой аж.

  Олон сая дагагчтай алдартантай хамтарч ажиллах боломжгүй байна уу? Зүгээр дээ. Учир нь инфлүүнсэр маркетингт хөрөнгө зарж буй маркетерүүдийн 56% нь микро-инфлүүнсертэй хамтардаг.

  Микро-инфлүүнсэр гэдэг нь арай цөөн дагагчтай (мянгаас саяын хооронд) цахим ертөнцийн сурталчлагч нар юм. Цөөхөн дагагчтай байсан ч гэлээ тэдний оруулсан, нийтлэсэн бүхэнд бусдын оролцоо, нөлөөлөл илүү их байдаг. Эдгээр инфлүүнсэрүүд тухайн салбарт ч мөн өөрсдийн байр суурийг олчихсон байдаг тул аливаа удирдамж, санааг өөрсдийнхөөрөө буулгаж, дагагч нартайгаа холбогдон, брэндийг бусдад таниулах чадамжтай байдаг. Микро-инфлүүнсэрүүд нэрд гарсан, холбоо тогтоох боломжгүй алдартангуудтай харьцуулахад “ердийн” хүмүүстэй адилхан гэгдэж, ойрхон санагддаг учир тэдний дагагчид үзэл бодол, санал болгодог зүйлст нь илүү итгэдэг аж.

  Жишээлбэл, доорх зурагт үзүүлсэн Rosie гэх Лондонд амьдардаг эмэгтэй, аялал болон амьдралын хэв маягаа хуваалцдаг инфлүүнсэр бөгөөд 330 мянган дагагчтай. Харин түүний оруулсан зураг 36000 мянган лайк авна гэдэг 11%-ийн амжилттайгаар бусдад хүргэж чадаж байна.

  Зөвхөн дагагчийн тоог харж инфлүүнсэрээ сонговол тохиромжгүй хүн сонгох магадлалтай.  Чанартай инфлүүнсэрийг хүмүүст хүрж буй байдлаар нь шалгуур тавихад тохиромжтой (Лайк, subscribe, худалдан авалтын тоо гэхчилэн).

2. ВИДЕО МАРКЕТЕРУУД КОНТЕНТЫН ХУГАЦААГ БОГИНОСГОНО.

  Богино бичлэгүүд маркетингийн ертөнцөд 2022 онд шуугиан тарьсан бол энэ онд ч мөн үргэлжлэх хандлагатай байна. Судалгаанд оролцсон маркетерүүдийн 90% нь 2023 ондоо богино бичлэг хийхэд зарцуулах мөнгийг сайтар тооцоолж, өсгөх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 5 маркетер тутмын 1 нь л анх удаа богино видео хийхээр зэхэж байна.

  Урт хэлбэрийн бичлэгүүд тухайн брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай өргөн агуулгатай мэдээлэл хүргэж чадах ч гэлээ B2B (business-to-business) B2C (business-to-customer) чиглэлийн маркетерууд богинохон бичлэгээр шууд санаагаа илэрхийлэх нь илүү үр дүнтэй байгааг онцолсон юм.

  Богино хэмжээний бичлэг хийхэд бага нөөц зарцуулахын сацуу энэ цагийн онлайн үзэгчдийн анхаарал төвлөрөх хугацаа богиносч буйтай уялдан түүнд нь нийцдэгээрээ онцлог. Тиймдээ ч TikTok, Reels, Snapchat (анхдагч) зэрэг платформ хурдацтай хөгжиж, маркетингийн анхаарлыг татсан байх.

  Жишиг: Canva платформ хэрхэн график, дизайнуудаа мэргэжлийн хүн шиг хийсэн TikTok бичлэгийг сонирхоорой.

3. СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГСЭЛ БОЛЖ ХУВИРНА.

  Сошиал медиаг хэрэглэгчдэд үйлчлэх хэрэгсэл болгон ашиглах нь харьцангуй шинэ зүйл боловч энэ чиг хандлага маш хурдан хөгжиж байна. Маркетеруудын 25% гаран хувь нь шууд мессеж буюу DM-ийг ашиглан хэрэглэгчдэд мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 15% нь 2023 онд анх удаа туршиж үзэхээр төлөвлөж байна.

  Facebook, Instagram гэх цахим платформууд цахим-худалдааны боломж бололцоог өргөжүүлэн, хөгжүүлж буй энэ цаг үед ийм чиг хандлага бий болж буйд төдийлөн гайхах зүйлгүй. Тиймээс эдгээр платформоор дамжуулан хэрэглэгчтэй харилцах нь маш чухаг үзүүлэлт болж байна.

  Хэрэглэгчид, нэн ялангуяа Gen Z, Millennial үеийнхэн DM-ээр дамжуулж тодорхой брендтэй холбогдохыг илүүд үзэж байна. Hubspot блогийн 2022 онд явуулсан “Хэрэглэгчийн чиг хандлага” гэх судалгаагаар Gen Z эриний 20%, Millennial эриний 25% нь сүүлийн гурван сарын хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн брэндтэй холбогдож, хэрэглэгчийн үйлчилгээнд хамрагдсан байна.

4. ОЛОН БАЙГУУЛЛАГА ХАЙЛТЫН УРСГАЛД НИЙЦҮҮЛЭХИЙН ТУЛД SEO-Г АШИГЛАНА.

  2023 онд маркетеруудын хамгийн их хөрөнгө оруулалт хийх чиг хандлагын гутгаарт SEO орж байна. Маркетерууд бид өөрсдийн вебсайт, контентуудаа хайж олоход амархан, нээлттэй (ялангуяа Google-д) байлгахыг зорих хэрэгтэй. Энэ нь урт болон богино хугацаандаа мэдээллийн урсгалын ашиг авчрах боломжтой юм.  Хэдийгээр SEO нь шинэ зүйл биш ч гэлээ түүний стратеги нь орчин үеийн маркетингийн стратегиудад улам бүр гүн шингэж, уялдсаар байна. Судалгаагаар SEO стратегитэй маркетеруудын 88% нь энэ онд стратегиа хэвээр барьж, илүү их мөнгө зарцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өмнө жилийн үзүүлэлтээс 4% нэмэгджээ.    

  SEO стратегийн эрэлт, хэрэгцээ өсөхийн сацуу хайлтыг оновчтой болгох боломжууд нэмэгдэж байна. Google-ийн алгоритмууд хөгжихийн хэрээр SEO нь энгийн хайлтын асуултад хариулдаг ердийн илэрцийг гаргаж ирэхээс илүү хөгжингүй болсон. Одоо байгууллагууд хайлтын талаарх тайлангаас эхлээд мультимедиа оновчлол зэрэгт тусалж чадах SEO мэргэжилтнүүдэд илүү хөрөнгө оруулалт хийж байна.

5. ГАР УТАСНЫ ОНОВЧЛОЛД ИЛҮҮ АНХААРАЛ ХАНДУУЛНА.

  Хэрэглэгчид гар утсандаа цаг их зарцуулдаг болсон. Тухайлбал, жил бүр гардаг цахим урсгалын тооцоололд талаас илүү хувь нь таблет гэхчилэн гар утас бүхий төхөөрөмжөөс хандсан байна. Millenial болон Gen Z үеийнхний худалдан авах чадвар өсч байгаа тул эдгээр хурдацтай өөрчлөгддөг, харилцаа холбоог чухалчилсан эриний хүмүүсийг онилж байгаа бизнес гар-утас суурьтай дижитал өөрчлөлтийг чухалчилбал илүү оновчтой. Тодруулбал,

  • Дэлхий дахины маркетеруудын 33% нь гар утасны веб дизайнд илүү хөрөнгө оруулж байна.
  • SEO маркетеруудын 64% нь гар утасны оновчлолыг үр дүнтэй хөрөнгө оруулалт гэж үздэг.
  • Гар утасны оновчлол тухайн брэндийн вебсайтад ч гэлтгүй бусад маркетингийн аргуудад чухал түлхүүр болж байна. Имейл маркетинг хийдэг хүмүүсийн 56% нь гар утсанд ирэх мейлийн чанарт анхаарлаа хандуулдаг аж.

6. БАЙГУУЛЛАГУУД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ИЛҮҮ ЧУХАЛЧИЛНА.

  Маркетеруудын 89% нь КНХ-ийн хүрээнд хийгдэх контентод илүү их хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд өмнөх онтой харьцуулахад энэ бол 2 дахин өндөр үзүүлэлт юм.

  Орчин үеийн хэрэглэгчдийн чиг хандлагын хувьд нийгмийн хариуцлага, ёс зүй болон ил тод байдал гурав тэдэнд хамаатай болсон. 

  Жишээлбэл, Millenial үеийн 50%, Gen Z эриний 40% нь аливаа байгууллагуудыг арьс өнгөний ялгаварлал, LGBTQ+ эрх, жендэрийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нийгмийн асуудалд байр сууриа илэрхийлж, хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Эдгээр асуудалд анхаарал хандуулах нь тэдний худалдан авалт хийх шийдвэрт хүчтэй нөлөөлдөг.

  Иймээс байгууллагууд өөрсдийн дэмжиж буй шалтгаан, зорилгыг онцлон харуулахын сацуу аливаа санаачлага, сурталчилгаа, саналыг хүртээмжтэй байлгахын тул олон нийтийн мэдээллийн хэрэгслийн стратегийг ашиглаж байна. Ингэх нь бүтээгдэхүүн борлуулалттай шууд байдлаар холбогдохгүй ч гэлээ нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаагаа харуулах нь ирээдүйн худалдан авалтад эерэгээр нөлөөлж байна.

Байгууллагуудад олон талт байдал болон түүний оролцоог дэмжих хөдөлгөөн одоо л өрнөж байна. Цар тахлын улмаас бизнес эрхлэх болон ажлын уламжлалт арга барилууд өөрчлөгдөж, томоохон өөрчлөлт өрнөх боломж сая л бүрэлдлээ. 

- Манлайлал болон инновацийн ахлах багш Hal Gregersen

7. МАРКЕТИНГ, БОРЛУУЛАЛТЫН НЭГДМЭЛ БАГ АМЖИЛТАД ХҮРГЭНЭ.

  2023 онд борлуулалт болон маркетингийн баг хамтарч ажиллах нь маш чухаг болж байна. Энэ хоёр алба хамтарвал маркетерууд үйлчлүүлэгчдийн сонирхол, хобби, байршил зүй гэхчилэн бүрэн дүр зураглалтай болно.

  Харин хамтраагүй тохиолдолд энэ салбарт оролцож буй хүн бүрт хүндрэл учруулдаг. Тухайлбал, баг хоорондын мэдээлэл дамжуулах, хуваалцах ажиллагаа доголдох ба маркетеруудын 20% нь ийм асуудалтай одоог хэр нь тулгардаг аж. Маркетеруудын ердөө 31% нь л борлуулалт болон маркетингийн баг хоорондоо уялдаатай ажилладаг гэжээ. Тиймээс маркетингийн энэ жилийн чиг хандлага хамтын ажиллагаа байгаа нь ойлгомжтой буй за.

8. ШИНЭ ТУРШИЛТ БҮХИЙ МАРКЕТИНГИЙН АРГА БАРИЛЫГ ЭРГЭЖ АШИГЛАНА.

  Шинэ туршилт бүхий маркетинг нь голчлон хэрэглэгчдийг AR/VR платформоор аль эсвэл өөрийн биеэр гайхалтай, цоо шинэ зүйлийн туршилтад оруулдаг. Тухайлбал, M&M компани “Flavor Room” хэмээх хэрэглэгчдээрээ шинэ амтыг сонгуулах үйл ажиллагаа хэдэн жилийн өмнө зохион байгуулсан байна.

  2018 онд Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд тодорхой хэдэн чихрийн үнэр, амт шинжийг илэрхийлсэн, тус бүрийн гойд засалтай бичил өрөөг олон нийтэд танилцуулжээ. Түүнчлэн M&M-ийн өнгө төрхтэй зууш, уух зүйлс бэлтгэсэн байсан нь очсон хүмүүсийн нүдийг баясгаж, сошиал хуудсыг нь сонирхолтой, содон өнгөөр “чимэглэсэн” гэдэгт итгэлтэй байна.

  Энэ мэтчилэн томоохон туршилт бүхий үйл ажиллагаа хөгжилтэй, олон нийтэд хүртээмжтэй, сошиал хаягаар нийтлэхгүй байхын аргагүй өнгөлөг үр дүнтэй маркетингийн арга ч гэлээ цар тахлын улмаас 2020-2022 онуудад олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх хориг гарсантай холбоотойгоор олон бизнес томоохон зогсолт хийсэн билээ.

  Түүнчлэн брэнд болохуйц AR/VR ашиглах нь маш зардал өндөртэй, ялангуяа хэрэглэгчдийн хувьд сүүлийн үеийн ухаалаг утас, үнэтэй төхөөрөмжтэй байх шаардлагатай тулгардаг тул цөөн хэдэн бренд л дижитал туршилт бүхий маркетингийн аргыг хэрэгжүүлжээ. Харин одоо, дижитал эринд шилжсэн бизнесүүд илүү их хүмүүст хүрэх бололцоотой болсон тул цоо шинэ туршилт бүхий маркетингийн арга энэ жилийн чиг хандлага яалт ч үгүй мөн билээ.

9. ӨСЧ БУЙ ЖИЖИГ БИЗНЕСТ ИНБАУНД МАРКЕТИНГ ХАМГИЙН ШИЛДЭГ АРГА ХЭВЭЭР БАЙНА

  Дижитал шилжилтийн үед инбаунд маркетинг ашиглана гэдэг тун ухаалаг шийдвэр. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн хаа сайгүй таамаглашгүй нөхцөл байдалтай тулгарсан тул аутбаунд маркетингийн арга төдийлөн үр дүнтэй байж чадаагүй юм.Оффисын ажлаас гэрээр буюу алсаас ажиллах боломжтой болсон тул үр дүнтэй инбаунд маркетингийн арга бий болсон. Тодруулбал, COVID-19 цар тахлаас үүдэн маркетерууд хүмүүсийн анхаарлыг татахын тулд бүтээлчээр ажиллах шаардлага гарсан бөгөөд үр дүнд нь виртуал үйл ажиллагаа ихээхэн зохион байгуулагдах болжээ.

  Lighthouse Creative Group дижитал маркетингийн агентлагийг үүсгэн байгуулагч, контент төлөвлөгч Жон Хазард эл нөхцөл байдлыг боломж гэж тооцон “Дэлгэцээс үүдэлтэй ядаргаа бол том асуудал. Ажилдаа биеэр очих шаардлагагүй болсны дүнд цахим сургалт, хурал явуулах гэхчилэн маш олон виртуал үйл ажиллагаа зохион байгуулагдсан. Гэхдээ тэдгээрийн дийлэнх нь ердийн нэг PowerPoint дээр үзүүлсэн пресентэшн аль эсвэл гал тогооныхоо өрөөнд ярьж буй дарга нар л байлаа. Ингэх нь сонирхолтой байдлыг алдагдуулж байна. Тиймээс ирэх жилээс график дизайн, мэргэжлийн хөтлөгч, гал тогоогүй төлөвлөлт сайтай үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

  Хэрэглэгч, үйлчлүүлэгчид танай контентыг хайхад түлхэц өгөх инбаунд маркетингийн арга нь тухайн брендийг таниулах, дижиталаар итгэлцэл бий болгох бүрэн боломжтой. Инбаунд маркетинг нь таныг зорилтот үзэгчид, худалдан авагчид болон тэдний хэрэгцээнд нийцүүлсэн чанартай, үнэ цэнэтэй контент үйлдвэрлэхийг шаардаж байна.

Байгууллагууд “Эрчлүүрт дугуй”-г илүү ашиглаж байна!

  Маркетингийн юүлүүрийн загвар үеэ өнгөрөөсөн. Нэг чиглэлт юүлүүрийн загварыг халж, үйлчилгээнд төвлөрсөн инбаунд маркетингийн олон стратегийг хослуулсан эрчлүүрт дугуйн загварыг түлхүү ашиглаж байна.

  Маркетингийн юүлүүрт, үйлчлүүлэгчид системийн гадуурх хэсэг байлаа. Төлбөрөө төлчихсөн л бол бизнесийн байгууллага тэднийг авч хэлэлцэхээ больдог. Харин эрчлүүрт дугуй загвар үйлчлүүлэгчийг төв гэж үздэг. Ам дамжсан маркетинг хамгийн шилдэг арга бол бусдад үйлчилгээ өгөөд зогсолгүй танай брендийг дэмжигч, сурталчлагч болгох нь ухаалаг шийдэл юм. Эрчлүүрт дугуйны гол мессеж бол: Маш сайн үйлчилгээ үзүүлэх нь өөрөө маркетингийн стратеги юм.

  Эрчлүүрт дугуйг маркетингийн ажлын төв болгосноор хэрэглэгчид тань сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэнэ. Тиймээс хэрэглэгчийн үйлчилгээнд анхаарал хандуулан асуудал, санал хүсэлтийг нь шийдвэрлэхэд баг хамт олноо сургах нь зүйтэй. Ингэснээр хэрэглэгчид тань таны “маркетер” болон хувирч цахимаар болон онлайнаар бизнесийг тань сурталчилж чадна.

10. VIRTUAL REALITY (VR), AUGMENTED REALITY (AR) НАР МАРКЕТИНГИЙН САЛБАРТ БҮРЭН ХЭРЭГЖТЭЛ ХУГАЦАА ШААРДАГДАНА.

  Анх бид VR болон AR маркетингийн салбарт үлэмж нөлөөтэй байна гэж найдсан. 2021 онд маркетеруудын 35% нь AR эсвэл VR-ийг стратегидээ оруулж байсан бол 2022 онд тэдний тал хувь нь л оруулах хөрөнгөө нэмэх саналтай байв. Энэ оны хувьд ч гэсэн энэ үзүүлэлт буурах шинжтэй байгаа бөгөөд маркетеруудын 27% нь VR, AR платформ ашиглалтаа зогсоох төлөвлөгөөтэй байна.

  Ерөнхийдөө энэ чиг хандлагыг маркетерууд үнэтэй тоног төхөөрөмж, том чихэвч зэргээс шалтгаалан хойшлуулж байсан. Гэхдээ VR нүдний шил болон AR програмууд илүү хүртээмжтэй болох цагт энэ тренд эргэж ирж болох юм.

11. БАЙГУУЛЛАГУУД ДОТООДЫН СУРТАЛЧИЛГААГ ИЛҮҮ АШИГЛАНА

  Өнгөрсөн онд маркетеруудын 23% нь дотоод-сурталчилгааг туршихаар төлөвлөж байсан бол 2023 онд ч мөн тоо өсөх хандлагатай байна.

  Яагаад энэ стратегийг ашиглах сонирхол өсөв? Мэдээж үр дүнтэй байсан болоод л тэр. Дотоод-сурталчилгааг ашигладаг маркетеруудын 36% нь үр өгөөжтэй гэсэн хариу өгсөн бол, 50% гаруй нь зарлагаа нөхөж, давуулж чаддаг аргын нэг хэмээжээ. Өөрийн брендийн контентыг гуравдагч буюу хөндлөнгийн вебсайтад төлбөртэй тавиулах нь дотоод сурталчилгаа юм. Хүмүүсийн анхаарлыг шууд өөр лүүгээ чиглүүлдэг, ялгардаг уламжлалт сурталчилгааг бодвол дотоод-сурталчилгаа нь өөр газарт шингэж, мэдээлэл хүрээгүй тэр бүлгэмд брендээ таниулах боломжтой.

  Хэрэглэгчдийн хувьд дотоод-сурталчилгаа нь уламжлалт арга барил шиг мэдрэмж төрүүлдэггүй бөгөөд баннер сурталчилгаатай харьцуулахад 50%-иар илүү үзэлттэй аж. Дотоод-сурталчилгааны жишээг та бүхэн олон нийтийн сүлжээнээс харж болох ба хайлтын үр дүнд гарч ирсэн контент санал болгож буй платформууд (доод буланд бусад контент руу нэвтрэх линк хавсаргах), кампанит ажлын сурталчилгаа гэхчилэн. 

  Жишээлбэл, Инстаграм бол алдартай олон нийтийн мэдээллийн сүлжээ бөгөөд дотоод-сурталчилгаанд зориулж брэндүүдтэй тогтмол хамтран ажилладаг. Инстаграмын стори эсвэл дэлгүүрийн буланг ашигласнаар брэндүүд бүтээгдэхүүнээ сурталчлахын зэрэгцээ жирийн хэрэглэгчийн дагагчдын хэв маягтай төстэй пост хийн, хуваалцах боломжтой.

Эх сурвалж: Hubspot Blog

Бэлтгэсэн: Б.Оюунханд

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.