Бизнес хөгжүүлэх гэдэг энгийн зүйл шиг санагдана. Гэвч олон хүн амжилттайгаар гүйцэтгэж чадахгүй л байна. Хурдтай, зоригтой үйлдэл хийх чухал гэдэг дээр бүгд санал нэгддэг. Гэвч ирж буй өөрчлөлтийг судлах, хүргэх үнэ цэнээ үнэлэх, бизнес санаандаа хүрэх шинэ арга замуудыг хурдан хугацаанд туршиж, суралцах дээр алдаа гаргадаг. Сүүлийн үеийн трендүүдийг хөөх, гял цал болсон зүйлийг дагах гэхээсээ илүүтэйгээр өөрийн компанидаа тохирсон хөрөнгө оруулалтыг хийх нь чухал юм.
Бизнес хөгжүүлэх гэдэг нь инновац, өсөлтийг бий болгох нэгэн төрлийн туршилт гэж хэлж болно. Тоглоомыг эргүүлж буй трендүүдийг судалж, зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийг хэрхэн өөрчилж, шинэ төрлийн ашиг орлогыг үүсгэж байгааг сайтар ойлгох хэрэгтэй. Дараах таван ойлголт анхаарлын төвд орж, дараагийн хэдэн жилд бизнесээ хөгжүүлэхэд нөлөө ихтэй байх нь ээ.
Метаверс
Гэж юу вэ?: Метаверс гэдэг нь web3-ийн адилаар токен, NFT зэрэг дижитал хөрөнгүүд виртуал хэлбэрээр орших боломжтой шийдэл. Fortnite хэрэглэгчид нэг нэгэнтэйгээ виртуал орчинд холбогдож, харилцах болсон.
Яагаад одоо гэж?: Метаверс цахим ертөнцөд хүмүүс нэг нэгэнтэйгээ харилцах харилцааг өөрчилж байна. Интернэттэй ухаалаг утас бидний амьдралд нэвтэрсэнтэй адилаар метаверс ч бас чухал нөлөөтэй байх боломжтой. Roblox, Fortnite зэрэг тоглоомын зах зээлд дөнгөж ашиглагдаж эхэлж байгаа нь нэг их ач холбогдолтой санагдахгүй байж болох ч, ашиг орлогод аль хэдийн нөлөө үзүүлээд эхэлчихсэн. Roblox гэхэд л 2021 оны байдлаар 2.7 тэрбум виртуал валют худалдсан. Иймээс компаниуд метаверст юу хийж болох, ямар төрлийн бизнес бүтээж болохыг судлаад эхэлчихсэн явж байна. Дижитал салбар учраас мэдээж түрүүлж хөдлөх чухал.
Юу нь ажиллаж байна вэ?: Энтертаймент зах зээлд гэхэд дуучин Травис Скотт виртуал концертоосоо 20 сая долларын орлого олжээ. Gucci виртуал ертөнц доторх дүрдээ хувцас хэрэглэл авах боломжтой дэлгүүрийг бүтээжээ. Мөн босоо тогтолцоотой эрүүл мэндийн(метаверс дотор сэтгэл заслийн эмчилгээ явуулах) болон боловсролын(сурч, хамтарч ажиллах боломжтой виртуал кампус) салбарт ч хөгжиж байна.
Дахин ашиглах
Гэж юу вэ?: Бидэнд шаардлагагүй, хэрэгцээгүй санагдсан зүйлс ч бас үнэ цэнтэй байж болно. Үйлдвэрлэх, түгээх явцад үүссэн биет хаягдал эсвэл ашиглагдахаа больсон эд зүйл ч байж болно. Ийм төрлийн хаягдлыг байхгүй болгосноор компани нөөцөө илүү удаан ашиглах бөгөөд зардлаа танах боломжтой. Түүнээс гадна шинэ бизнес загвар бий болгоход тус дэм болж байна.
Яагаад одоо гэж?: Дахин ашиглах гэдэг ойлголт шинэ зүйл биш ч гэлээ, хүчтэй түрэн орж ирж байна. Уур амьсгалын өөрчлөлт компаниудад нөөцийг илүү тогтвортой ашиглах шаардлага үүсгэж байгаа нь хэрэглэгч, хөрөнгө оруулагч, засгийн газруудын санааг зовоож байна. Нэмээд Украйн, Хятад гэх мэт улсуудыг хамарсан геополитикийн тодорхойгүй байдал үүсэж байгаа нь түүхий эдийн нийлүүлэлтэд хомсдол үүсэх эрсдэлтэй. Иймээс старт апууд болон томоохон корпорациуд бага ашиглаж, ашиглалтаас гарсан зүйлээс үнэ цэн бүтээж байна. IKEA, Bugaboo зэрэг компаниуд хялбархан засагдах боломжтой, дахин ашиглагдах боломжтой бараа бүтээгдэхүүн зохион бүтээв. Бусад газруудын хувьд түрээслэх, дахин худалдах зэргээр ашигтай, дахин ашиглагдах боломжтой бизнес загварууд нэвтрүүлж эхэллээ.
Юу нь ажиллаж байна вэ?: Автомашин болон шингэн хүнсний салбарт дахин ашиглах бизнес загвар ашиглагдаж байсан бол сүүлийн үед загварын салбарт хүчтэй түрэн орж ирлээ. Тансаг зэрэглэлийн брэндүүдээс худалдан авалт хийгээд, хэдэн удаа өмссөний дараа TheRealReal гэх мэтчилэн хуучин бараа зардаг сайтуудад байршуулан зарж буй нь загварын салбарынхны хэт дүүрсэн шүүгээгээ суллаж, ашиг олох боломж олгож байна. Өмнө нь брэндийнхээ нэр хүндийг унагахгүй гэсэндээ үлдэгдэл бараагаа устгадаг байсан бол одоо хуучин хувцсаа байршуулдаг салбарууд хүртэл нээжээ.
Дижитал хөрөнгө
Гэж юу вэ?: Криптовалютад их наяд доллар алдах аа? Тогтвортой гэж тооцогдож байсан койнууд уначихлаа? Тренд болж байсан дижитал хөрөнгүүд газарт уначихсан уу? Тэгж битгий бодоорой. Блокчейн болон хуваарьлагдсан өгөгдлийн сангийн технологи зэргийг тоохгүй орхидог компаниуд том эрсдэл хүлээх магадлалтай.
Яагаад одоо гэж?: Блокчэйнийг дэмжигчид хуучин интернэт сүлжээ бүхэлдээ шинэчлэгдэж, дундын зуучлагчгүй, токен хэлбэрийн, орлуулшгүй онлайн экосистем(web3) үүснэ гэж сурталчилж байна. Ямар салбар гэдгээс шалтгаалан маш хурдтай хөгжиж байгаа. Онлайн худалдаа, аппликешн дээр суурилсан үйлчилгээнүүд нүд ирмэхийн зуур амьдралд орж ирсэн шиг нэвтэрч байна. Тиймээс энэ салбар руу хөрвөхөд эртнээс бэлдэх нь үр ашиг хүртэх боломжтой.
Юу нь ажиллаж байна вэ?: JPMorgan, Visa, Mastercard, Stripe зэрэг газрууд санхүүгийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалахын тулд олон төрлийн блокчейн хэрэглээний жишээг нэвтрүүлж байна. Тоглоомын компаниуд, хэрэглэгчдэд тулгуурласан брэнд, үл хөдлөхийн тоглогчид токенийг програмчлан үнэнч хэрэглэгчээ нэмэгдүүлж, бүтэгдэхүүнээ сайжруулан, шинэ бүтээгдэхүүн санал болгож байна. Австралийн Open компани NFT ашиглан үзэгчдэдээ олон төрлийн боломж, урамшуулал санал болгосноор теннисийн ертөнцөд маркетингийн шинэ хувьсгал хийлээ.
Хиймэл оюун ухаан
Гэж юу вэ?: Ихэнх байгууллагууд хиймэл оюун ухааны байгууллагын дотоод бүтээмжийг нэмэгдүүлэхэд голдуу ашиглаж ирсэн. Хүргэлтийн хамгийн боломжит хурдан зам, байгууллагын дотоод сүлжээ гэх мэтчилэн. Гэхдээ одоо энэ хандлага өөрчлөгдөж эхэлж байна. Хиймэл оюун ухаанд зарцуулах хөрөнгө оруулалт нэмэгдэж, хуучнаа сайжруулж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож байна. Хэдийгээр ёс зүйн болон технологийн маргаан дагуулдаг ч энэ салбар хурдтай өсөж байна.
Яагаад одоо гэж?: Ихэнх газрууд маш их хэмжээний дата цуглуулж байгаа ч, тухайн датагаараа юу хийх талаар ойлголт бага. Датагаа ашиглаж чадаж байгаа газрууд орлогын шинэ урсгалууд бий болгож, зарим тохиолдолд салбараа өөрчилж байна. Тиймээс одоо ямар дата байгаа, цаашид ямар төрлийн шинэ дата цуглуулах шаардлагатайг бодох хэрэгтэй. Хиймэл оюун ухаан ашиглан датагаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хувиргах.
Юу нь ажиллаж байна вэ?: Эм зүйн салбарт хиймэл оюун ухааныг эм үйлдвэрлэх бүхий л үйл явцад ашиглаж байна. Томоохон эмийн компаниуд хиймэл оюун ухааны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар өвчний загвар гаргаж, виртуалаар харж, эмийн туршилтын үр дүнг таамаглаж байна. Автомашины салбараас Bosch хиймэл оюун ашиглан жолоочдод машины зогсоол олоход туслах шинэ шийдэл бүтээв. Дата нь бэлэн байна. Харин хэрхэн хиймэл оюуныг ашиглан хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах бүтээгдэхүүн бий болгох вэ?
Бүтээгч эдийн засаг
Гэж юу вэ?: Youtube-ээр хичээл заадаг хүмүүс, сошиал медиа инфлюэнсер , онлайн худалдааны бүтээгдэхүүн шүүмжлэгч гэх мэтчилэн шинээр гарч ирсэн контент бүтээгчид хэрэглэгч, бүтээгдэхүүний амбассадор , шүүмжлэгч нарын хоорондын заагийг байхгүй болгож байна. Эдгээр төрлийн хүмүүс хэрэглэж буй бараа бүтээгдэхүүнээ сайн мэддэг төдийгүй, бусад хэрэглэгчдэд хүргэх борлуулалтын суваг болдог. Худалдан авалтын шийдвэрт компаниудаас давсан нөлөөлөх чадвартай, заримдаа бүр өрсөлдөгч ч болох нь бий. Энэ бүлэг хүмүүс уламжлалт хэвлэл мэдээлэл, борлуулалтын суваг, бизнес загваруудыг эвдэж байна.
Яагаад одоо гэж?: Бүтээгч эдийн засаг сүүлийн хэдэн жилд томоохон хүрээг хамарч чадсан төдийгүй, зарим судалгаагаар 100 тэрбум доллар давсан гэж гарчээ. Хэрэглэгчид том корпорац компаниудад эргэлзэх болж, контент бүтээгчдийн үнэн, бодитой байдлыг илүүд үзэж байна.
Юу нь ажиллаж байна вэ?: Grin контент бүтээгчидтэй харилцах харилцаагаа удирдах боломжтой платформ бүтээсэн нь 2021 онд 910 сая долларын үнэ цэнтэй болжээ. Тухайн платформоор дамжуулан компаниуд контент бүтээгчидтэй холбоо тогтоож, харилцаа үүсгэн, анализ хийх боломжтой.
Эдгээр томоохон трендүүд салбаруудыг өөрчлөхөөр амлаж байна. Хэрэглэгчийн хэрэгцээ өөрчлөгдөж, тухайн өөрчлөлтөд нийцэх технологи үүсэж, бизнесийн хил хязгаар дахин тодорхойлогдож байна. Ирээдүйд юу тохиолдохыг хүлээж, дагах гэхээсээ илүүтэй өөрсдөө дараагийн алхмыг тодорхойлж, хөгжүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: Bain&company