Ажилтны сэтгэцийн эрүүл мэндэд хэн хамгийн их нөлөөлдөг вэ?

2023/03/13 Админ 5394 0 сэтгэгдэл

Цар тахлаас улбаатай хөл хорионд орсон цагаас хойш, удаан хугацаанд хаалттай байсан сэдэв болох сэтгэцийн эрүүл мэнд, түүнийг дагах саад бэрхшээлийн тухай өнөөдөр дэлхий дахинаа өргөн хүрээнд ярьж байна. Цахим орчинд үргэлж энэ тухай гарчиглаж, найз нөхдийн ярилцах гол сэдэв болсон сэтгэцийн эрүүл мэндийг ажлын байрны нөхцөлд ч мөн ярилцах шаардлагатай болов. Хүмүүс сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч эхэлснээр, сайн мууг нь үл хайхран амьдралынх нь бүхий л талбарт сэтгэл санааны хэрэгцээ нь хангагдаж байгаа эсэхт анхаарч байна.

UKG (Ultimate Kronos Group)-ийн Хүний нөөцийн хүрээлэн 10 орны 2200 ажилтан, 1200 удирдагч нараас сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа авчээ. Энэхүү судалгаагаар сэтгэцийн эрүүл мэндэд ажлын байр байдал хэр их нөлөөлдөг, удирдах түвшний хүмүүс ажилтанд дэмжлэг үзүүлэх тал дээр ямар үүрэгтэй байдаг вэ, хүмүүс амар амгалан байдлын төлөө юуг зольдог вэ зэргийг тодруулсан юм.

Товч: Ажилчдын 60% нь ажлын байр, байдал сэтгэцийн эрүүл мэндэд нь хамгийн их нөлөөлдөг хүчин хэмээн тодотгожээ. Түүнчлэн тус судалгаагаар менежерүүд ажилтны сэтгэцийн эрүүл мэндэд сэтгэл зүйч, эмч нараас илүүтэй гэр бүлийн хүнтэй нь дүйцэхүйц хэмжээнд нөлөөлдөг гэсэн үр дүн гарчээ. Мөн ажилчдын 81% нь сэтгэцийн эрүүл мэндээ цалин хөлсөөс илүү чухалчилж байгааг онцолжээ.

Бусад сонирхолтой үр дүнгээс дурдвал:

  • Гурван хүн тутмын нэг нь менежерүүд өөрсдийн баг хамт олныхоо сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөтэй гэдгээ төдийлөн ухамсарладаггүй,
  • 20% нь ажлын байран дахь стресс ар гэрийн амьдралд нь сөргөөр нөлөөлдөг,
  • Оролцогсдын 81% нь өндөр цалинтай ажлаас илүү, сэтгэцийн эрүүл мэнд нь чухал гэсэн бөгөөд мөн 64% нь эрүүл мэнддээ анхаарахын тулд цалингаа багаар тооцуулахад асуудалгүй,
  • Судалгаанд оролцсон хүмүүсийн 70% нь буюу дийлэнх нь ажилладаг байгууллага нь сэтгэцийн эрүүл мэндэд нь илүү анхаараасай гэж хүсдэг гэлээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 20% нь ажлын байр байдал сэтгэцийн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг бөгөөд хүйсийн хувьд эрэгтэйчүүд 16% байсан бол эмэгтэйчүүдэд 23% буюу илүү нөлөөлдөг хэмээн хариулжээ.

Хүмүүсийн 43% нь ажлын цаг дууссан хойно ихэвчлэн аль эсвэл үргэлж ядарсан байдалтай байдаг гэж хариулсан бөгөөд 70% нь энэ стресс ажлын гүйцэтгэлд нь сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг тодотгож хэлжээ. Ажлаас үүдэлтэй стресс тэдний хувийн амьдралд ч мөн нөлөөлдөг бөгөөд гэр бүлийн амьдралд (71%), сайн сайхан байдалд (64%), хувийн харилцаанд нь 62% гэж тус тус хариулжээ.

Дэлхий дахин нүүрлэж буй зогсолтгүй үргэлжлэх хямрал дунд ажиллана гэдэг ажилтнуудын дунд архаг түгшүүр үүсгэж байна. Дан ганц ажил ч гэлтгүй эдийн засгийн тодорхойгүй нөхцөл, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн тогтворгүй байдлын тухай сөрөг мэдээ, мэдээллүүд ч үүнд давхар нөлөөлж байгааг санууштай.

 Хэт их ачаалалтай ажиллан, стрессдэх нь хүний эрч хүчийг бууруулж, ажлын гүйцэтгэл, санаачилга, үлдэх хүсэл зэрэгт бүгдэд нь нөлөөлж байна. Амьсгаа ч авах завдалгүй байгаа ажилтнууд сэтгэцийн эрүүл мэндээ зохицуулах, удирдах туйлын хүсэлтэй байгаа бөгөөд 64% нь цалин бага байсан ч өөрт нь анхаардаг ажлын байрны төлөө явахад бэлэн гэдгээ хэллээ. Ажил олгогчид ажилчдад хэрэгтэй гэсэн дэмжлэг, нөөц бололцоогоор хангаснаар тогтвортой байдлын тулгуур болно.

ЗҮГЭЭРГҮЙ байх нь ЗҮГЭЭР

Судалгаанд оролцогсдын 40% нь ажилдаа стрессддэг гэсэн бөгөөд гол асуудал нь ажлын ачаалал ч гэлээ тэдний 38% нь менежертэйгээ энэ тухай “огт”, аль эсвэл “ховорхон” ярилцдаг гэжээ. Учир байдлыг тодруулахад,

  • 16% нь “Манай менежер авч хэлэлцэхгүй, түүнд хамаагүй”
  • 13% нь “Манай менежер хэт завгүй”
  • 20% нь “Өөрсдөө учраа олох хэрэгтэй” гэсэн байр суурьтай байв.

МЕНЕЖЕРҮҮД Ч ГЭСЭН СТРЕССДДЭГ!

Дунд шатны менежер байна гэдэг мөн л өөрийн гэсэн хүндрэл, бэрхшээлтэй. Хүмүүсийг үр дүнд хүргэх, шинэ бодлого хэрэгжүүлэх, баг хамт олноо идэвхжүүлэх зэрэг үүрэг хариуцлага ихтэй. Чадварлаг, хүсэл тэмүүлэлтэй, жинхэнэ манлайлагчид дэлхий даяар эрэлт ихтэй байгаа бөгөөд юу ч тохиолдсон бусдыгаа сайн удирдах шаардлагатай тул байгууллагууд тэдний сэтгэцийн эрүүл мэндэд анхааран, дэмжлэг үзүүлэн хөрөнгө оруулах нь илүү зөв үйлдэл хэмээжээ. 

  • Менежерүүдийн 57% нь энэ ажилд орохгүй байхыг сануулсан ч болоосой гэж хүсдэг бөгөөд 46% нь ажлаасаа болж их стресстэж байгаа тул ойрын 12 сарын хугацаанд ажлаасаа гарах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
  • Менежерүүдийн 70% нь сэтгэцийн эрүүл мэндэд нь дэмжлэг үзүүлж чадахуйц ажлын төлөө бага цалин тооцуулахад асуудалгүй гэжээ.

Байгууллагууд удирдах түвшний хүмүүстээ “Emotional Intelligence” буюу сэтгэл хөдлөлөө мэдрэх ухаанд төвлөрөх нь зүй. Стресс менежмент, сайн удирдлага болон өрөвч зан л баг хамт олноо дэмжиж чадахуйц сайн менежерүүдийг бий болгодог.  

Ажил-амьдралын тэнцвэрт байдал, оролцоотой байх нь сэтгэцийн эрүүл мэндийг тогтвортой байлгаж, цэнэглэх гол түлхүүр юм. Дэлхий даяар “чимээгүй-ажиллах” хөдөлгөөн явагдаж байгаа ч гэсэн ажилчдын дийлэнх хувь буюу 89% нь ажилдаа эрч хүчтэйгээр, тууштай, сэтгэл хангалуун байдаг гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр 10 хүн тутмын 1 нь л аргацаасан өнгө аястайгаар ажлаа гүйцэлдүүлдэг болж таарах нь. Харин ажил-амьдралын тэнцвэртэй байдлаа хадгалж чаддаггүй бол энэ тоо 11%-иас 29% болж өсөх магадлалтай. Ажил амьдралын тэнцвэртэй байдлаа олж чадахгүй байгаа ажилчид сэтгэцийн эрүүл мэнд “сайнгүй” гэж мэдүүлсэн бөгөөд 51% нь ажлын байр байдал сэтгэцийн эрүүл мэндэд нь шууд мөн сөргөөр нөлөөлдөг гэж хариулжээ.

Дунд түвшний удирдах албан тушаалын ажилтад ч мөн адил ажлаасаа болж стресст өртдөг бөгөөд хүмүүсийнхээ адилаар дарамт, шахалт ч гэсэн мэдэрдэг аж.

  • Дунд шатны удирдагчдын 35% нь ажлаас болж “байнга” стресстдэг гэсэн бөгөөд 40% нь ажлаас үүдэлтэй стрессээс болж ойрын нэг жилийн хугацаанд ажлаа өгөх магадлал ихтэй байна.
  • Менежерүүдийн 42% нь өөрөө өөртөө өндөр шаардлага тависнаас болж их дарамт мэдэрч, стресстэх болсон гэж хариулжээ.

УДИРДАГЧИД 6 ГЭЖ ХАРЖ, АЖИЛЧИД 9 ГЭЖ БОДНО 

Удирдлага болон гүйцэтгэлийн түвшний хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд болон хандлага нь хоорондоо ялгаатай байна.

Хүний нөөцийн 10 ажилтны 9 нь өөрсдийн байгууллага нь ажилчдын сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөлөлтэй гэж итгэдэг бол, ажилчдын тэн хагас хувь нь л үүнтэй санал нэгджээ. UKG-ийн өмнөх судалгаа ч мөн үүнтэй адил хариу гаргасан. Тухайлбал, 10 менежерийн 9 нь ажилчдад асуудлаа ярилцахад тохиромтой, тухлаг орчин бий болгосон гэж үздэг бол ажилчдын 64% нь үүнтэй санал нийлжээ.

Удирдлагууд асуудлыг шийдэх албагүй – харин холбож, уялдуулж өгөх хэрэгтэй.

Дунд шатны менежерүүдийн 91% нь ХН-ийн алба нь сэтгэцийн эрүүл мэндэд нь дэмжлэг үзүүлэхэд сайн эх сурвалж болдог гэж итгэдэг бол ажилчдын зөвхөн 64% нь санал нийлж, 54% нь тэдгээр эх сурвалжийг ашигласан гэж мэдүүлжээ.

Менежерүүд болон хүний нөөцийн ажилтнууд байгууллагаас санал болгож буй Ажилчдад туслах хөтөлбөр (АТХ), эрүүл ахуйн дасгалжуулагч зэрэг эх сурвалжуудыг ашиглаж байгаа эсэхийг шалгаж хамтарч ажиллах хэрэгтэй. Богино хэмжээний асуулга, судалгаа байхад л ямар нөөц бололцоог дутуу ашиглаж байгааг харж болно. ХН-ийн ажилтнууд боломжтой эх сурвалжийг бусдад таниулах, хүртээмжтэй болгох тал дээр анхаарснаар байгууллага ажилчдын эрүүл мэнд, сайн сайхан байдалд хэр их хөрөнгө оруулдгийг давхар таниулах боломжтой.

АЖИЛЧИД САЙН УДИРДЛАГА ХҮСЧ БАЙНА

Хүмүүс “чимээгүй ажиллаж” байна гэдгийг эл судалгаа харууллаа. Удирдлагууд энэ сэдвээс зайлсхийлгүй, дэлхий даяар хэлэлцэгдэж буй сэдвийг баг, хамт олныхоо дунд чөлөөтэй ярилцдаг байх хэрэгтэй. Хүчлэх хэрэггүй ч гэсэн ажилтнуудын дунд яриа өрнүүлэхэд аюулгүй орчин бүрдүүлэх нь зүй. Бусдаас яаж байгааг нь асуух эвгүй санагддаг байсан ч гэлээ ажилтнуудаасаа асууж байгаарай.

“Хүмүүс байгууллагыг бүрдүүлдэг. Тиймээс менежерүүд ажилчдынхаа сэтгэл зүйн байр байдалд нь анхаарах нь зүй. Учир нь энэ бол байгууллагын асуудал”

Tracy Curry, Fearless компанийн хүний нөөцийн дарга

Хойд Каролинагийн Баптист хүүхдийн төвийн ХН-ийн захирал Жон Адамчик “Уламжлал ёсоор менежерүүд ажилчидтайгаа сэтгэцийн эрүүл мэндийн тухай төдийлөн ярилцдаггүй, ярилцах шаардлагагүй хэрэв асуудал гарсан бол хүний нөөцтэйгээ шууд уулз гэж анхнаасаа зааж сургасан. Харин тэр зарчим одоо өөрчлөгдөж байна” гэдгийг онцоллоо.

Анхаарал нь сарнисан, ядарч туйлдсан, стрессдэж байгаа ажилтнуудтайгаа удирдлагууд тодорхой хэмжээгээр хянаж, анхаарах нь зүй. Дээр дурьдсан шиг байдалд орсон хүмүүс ажилдаа идэвхгүй, үр бүтээмжгүй, санаачлагагүй болдог бөгөөд ажлаасаа гарах магадлал ихэсдэг. Одоо цагт менежерүүд ажил-амьдралын тэнцвэрийг барихад тулгарч буй саад бэрхшээл, даван туулах арга замуудынхаа тухай баг, хамт олныхонтойгоо хуваалцдаг болсон. Стресстүүлж буй зүйлийнхээ тухайн нээлттэй ярилцах нь ажилчдад ч мөн санаа зоволгүйгээр асуудлаа ярих боломжтой гэсэн сэдэл болж байна.

“Ажил болон амьдралыг тусад нь байлгана гэдэг хуучирсан үзэл л дээ. Менежер хүн ажилчдаа хувь хүн гэж бүхэлд нь харах хэрэгтэй. Тэгэж байж энэ хүн ажлаас гадна хувьдаа амьдралтай, амьдралд нь ч олон зүйл тохиолдож байгаа гэсэн ойлголт, хүндэтгэл бий болно шүү дээ”

Linda Dahlstrom, Fortune 500 компанийн менежер

Гэхдээ хүмүүсийн зайнаас ажиллах хандлага өсч байгаа тул харилцаа, холбоо тогтооход хүндрэлтэй байна. "Хүмүүс нэгнээ нүдээр харсан үедээ илүү холбогдсон мэдрэмж авдаг тул Teams, Zoom уулзалт хийх үедээ камераа нээх нь чухал. Нэмэлтээр тэдний хүүхдүүд, тэжээвэр амьтад, гэрийнх нь амьдралыг ч харж болно шүү дээ".

Ellyn Pollack, АНУ-ын Хүн амын тооллогын товчооны шинжээч

ХООРОНДОО ЯРИЛЦАХ НЬ НЭН ЧУХАЛ

Менежерүүд хүчээр хэлэлцүүлэг, яриа өрнүүлэх ёсгүй. Үүний оронд тэд ажилчдынхаа итгэлийг олж, үзэл бодлоо хуваалцахад аюулгүй орчинд байна гэдгийг нь ойлгуулах хэрэгтэй. Өрөвч зөөлөн байж, анхаарал тавихын сацуу ажилчны хувийн асуудлыг хүндэтгэх нь чухал. Ажилчдад туслах үйлчилгээ байдаг тухай тэдэнд сануулах нь хувийн орон зайг нь хадгалахад тусалж, тусламж ойрхон байгааг сануулж буй хэрэг юм.

Адамчикийн хувьд гүйцэтгэл нь тааруу болж байгаа ажилтанд хандан “Чи уг нь ийм зүйл хийдэг хүн биш дээ. Хошуу дүрэх гээгүй шүү, гэхдээ ажлын тал дээр туслуулах зүйл байна уу?” гэж асуухыг зөвлөв.Орчин үед ажилчид өөрт нь ээлтэй нөхцлийг хайдаг болсон. Тогтворгүй цаг үед сэтгэл зүйн хувьд ээлтэй ажлын байр л ашигтай байх болно гэж Адамчик нэмж хэллээ. 

Далстромийн хувьд сонингийн ерөнхий редактор байх үед ямар ч алдаа мадаггүй төгс мэдээг товлосон цагтаа бэлтгэдэг сурвалжлагчтай байж. Гэтэл түүний хийсэн ажилд маш их алдаа гарч эхлэхэд түүнээс яажшуухан байгааг асуухад эхнэр нь өвдсөний улмаас шөнө хоёр цаг тутамд босч, түүнийгээ асардаг хэмээжээ. Далстром үргэлжлүүлэн “Ердийнхөөсөө өөр байгаад байгаа хүмүүс угтаа бидний төсөөлж ч барамгүй зүйлийг даван туулж байдаг. Харин энэ тухай нь мэдээд авчихвал чи тусламж санал болгож, эвээр зохицуулах боломжтой” гэсэн зөвлөгөө өгөв.

Ажилчдаасаа яаж байгааг асууж байгаарай. Онцгүй өдөр байсан эсэхийг тодруулж болно шүү дээ. “Яагаад” гэдгийг ярилцалгүйгээр “юу” гэдгийг ярилцаж болно шүү дээ. Харин битгий сэтгэл зүйч нь болоорой. Тодорхой хязгаарыг давахгүйгээр хоорондоо ойлголцоод, ажилчдад туслах хөтөлбөр боломжуудыг зааж өгөх нь чухал шүү.

Ажлын байранд харьяалагдах мэдрэмж, идэвхтэй оролцоо, сэтгэцийн эрүүл, эерэг дадал зэргийг бий болгохын тулд өрөвч зан, үнэнээр нь илэрхийлэх, идэвхтэй сонсох, өөрийгөө хөгжүүлэх зэрэг ойлголт, зөвлөмжтэй танилцах зүй.

Ажлын байран дээр харьяалал” нэмэгдүүлж, хамт олныг ойртуулахад туслах 3 зөвлөгөө

  1. Өөрт тань асуудалгүй гэвэл өөрийн мэдрэмж, тулгарч буй асуудал, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой туршлагынхаа талаар нээлттэй ярилцаж байгаарай. Өөрийн эмзэг байдлаа илэрхийлснээр бусдад ч мөн чөлөөтэй байх аюулгүй орчинг бүрдүүлж чадах ба хэрхэн туслахаа ойлгох боломжтой.
  2. Ажилчдын ердөө 28% нь сард 1-4 өдөр амардаг бол, нийт ажилтнуудын 85% нь амралтаа бүрэн ашигладаггүй аж. Менежерүүдийн 89% нь, дунд шатны удирдах албан тушаалтны 88% нь ч гэсэн амралтаа бүтэн авдаггүй. Утга учиртай, чанартай амралт авч байж эргээд ажилдаа илүү сэргэг, төвлөрөнгүй хандаж чадах учир удирдлагууд ажилчдадаа ийн үлгэрлэх ёстой.
  3. Байгууллагууд ажилтныхаа сайн сайхан байдалд дэмжлэг болон халамж үзүүлдэг. Менежерүүд ч мөн ингэх хэрэгтэй. Хамтын зорилго, итгэлцэлтэй бол ажилчдын 88% нь тухайн байгууллагын амжилт руу мөн тэмүүлдэг.

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.