Java хэлийг юунд ашигладаг вэ?

2022/12/21 Админ 2172 0 сэтгэгдэл

 

Энэхүү нийтлэлээс Java хэлний үндсэн хэрэглээ, давуу тал, ямар компаниуд ашигладаг, хэрхэн хурдан сурах талаар олж мэдээрэй.

Жеймс Гослинг 1991 оны 6-р сард Java-г "Oak" нэртэй төсөл болгон бүтээжээ. Гослинг нь C хэлтэй төстэй боловч тэрнээс хялбар хэл болон виртуал машин бүтээхийг зорьсон. Анхны олон нийтэд хүргэсэн хувилбар болох Java 1.0 нь 1995 онд гарсан. Жавагийн цаад зорилго бол "нэг удаа код бичээд, хаана ч ажиллуулж болох" буюу (Write Once Run Anywhere - WORA) хэлийг бий болгох явдал байв.

Энэ нийтлэлээр бид Java хэлний зарим хэрэглээнүүд, мөн энэхүү хэл нь яагаад ийм алдартай, олон талт программчлалын хэл болох талаар олж мэдэх болно.

Java хэлний үндсэн ойлголтууд

Java-ийн нарийн ширийнийг судлахаасаа өмнө үндсэн ойлголтуудыг авч үзье. Хэрэв та программчлалын хэл сурах гэж байгаа бол энэхүү нийтлэл танд Java нь анхлан сурахад хэр  тохиромжтой эсэхийг мэдэхэд тусална.

Java гэж юу вэ?

Sun Microsystems анх 1995 онд Java-г программчлалын хэл болон тооцоолох платформ болгон олон нийтэд хүргэсэн. Java нь өнөөг хүртэл аюулгүй, найдвартай платформ байсаар ирсэн бөгөөд одоог хүртэл шилдэг программ хангамжуудын оршин тогтнох суурь болж байгаа нь дижитал ертөнцийн чухал хэсэг болон хөгжсөнийг харуулж байна. Шинэ, инновац шингэсэн бүтээгдэхүүнүүд, дижитал үйлчилгээнүүдийг хөгжүүлэхэд Java-г ашигладаг хэвээр байгаа нь түүний хөрвөх чадвар, мөн ирээдүйд ажлын байранд гарахад хэр найдвартай чадвар болохыг харуулж байна.

Java нь хурдан, аюулгүй бас найдвартай. Хөгжүүлэгчид Java-г зөөврийн компьютер, дата төв, тоглоомын консол, шинжлэх ухааны супер компьютер, гар утас болон бусад төхөөрөмжүүдэд программ бүтээхэд ашиглаж байна.

Java яагаад ийм алдартай болсон бэ? Java хэлний онцлог

Java хэл нь программчлалын хэлнүүдийг үнэлдэг TIOBE индексийн судалснаар Python болон C хэлнүүдийн дараа дэлхийн топ 3 хамгийн их ашиглагдаж буй программчлалын хэлнүүдийн нэг хэвээр байна. Энэхүү статистикийг бид Java-ийн хэд хэдэн онцлог шинж чанартай холбон үзэж болно. Үүнд:

  • Хөрвөх чадвар. Java нь веб апликейшн, андройд апликейшн болон Eclipse, IntelliJ IDEA, NetBeans IDE гэх мэт программ хөгжүүлэлтийн орчны программууд зохиоход зориулагдсан программчлалын хэл байсаар ирсэн.
  • Хөгжүүлэлтийн хэрэгслүүд. Хөгжүүлэлтийн орчин (IDE) нь Java-ийн хамгийн сонирхолтой шинж чанаруудын нэг юм. Java IDE нь автоматжуулалтын хэрэгсэл, засварлагч, дибаггеруудын цуглуулга юм.
  • Хэрэглэгчдэд ээлтэй байдал. Java нь англи хэлтэй төстэй дүрмийн онцлогтой тул шинэ хүмүүст тохиромжтой. Та Java хэлийг хоёр үндсэн болон ахисан түвшний гэсэн үе шаттайгаар сурах боломжтой.
  • Чанартай гарын авлага (Documentation). Java бол нээлттэй эхийн программчлалын хэл учраас үнэ төлбөргүй. Java хэлний нэгэн чухал чанар нь чанартай гарын авлага юм. Энэ нь Java хэл дээр код бичих үед тулгарч болох аливаа асуудлыг шийдвэрлэхэд ашиглагддаг.
  • (Robust API). Хэдийгээр Java нь ердөө тавин түлхүүр үг ашигладаг боловч түүний Программчлалын Интерфейс (API) нь код бичихэд шууд хэрэглэж болох өргөн хэрэглээ бүхий иж бүрэн бөгөөд төрөл бүрийн функцүүдээс бүрддэг.
  • Хэрэглэгчдийн тоо, хамт олон. Java-г хэрэглэгчдийн дэмжлэг нь олон нийтэд танигдах нэг хүчин зүйл нь юм. Java хэрэглэгчдийн бүлэг нь Stack Overflow платформд хэмжээгээрээ хоёрт одог нь онцлог юм.

Java ба JavaScript - ялгаа нь юу вэ?

Хэдийгээр хоёулаа "Java" гэсэн үг ашигласан байдаг ч Java болон JavaScript нь хоёр тусдаа хэл юм. Java нь объект хандалтат программчлалын хэл бол JavaScript нь объект хандалтат скрипт хэл юм. Java нь ихэвчлэн сервер талын (server-side) хөгжүүлэлтэд ашиглагддаг бол JavaScript нь хэрэглэгчдийн талын буюу client-side скриптүүдэд илүү ашиглагддаг.

Яагаад Java сурах ёстой вэ?

Одоо бид Java яагаад ийм алдартай болохыг мэддэг боллоо, тэгвэл яагаад үүнийг ашиглаж сурах ёстой вэ? Хэрэглээний энгийн байдал, хөрвөх чадвараас гадна Java-г сурах хэд хэдэн шалтгаан бий:

Java программистуудын цалин өндөр байдаг

Ирэх арван жилийн хугацаанд программистуудын ажлын байр 22%-ийн өсөлт үзүүлэх төлөвтэй байгаа бөгөөд сервер талын буюу Back-end программистуудын эрэлт хэрэгцээ их байна. Цаашилбал, АНУ-д backend хөгжүүлэгчдийн дундаж үндсэн цалин 80,000 ам.доллар байгаа нь үндэсний дундаж орлогоос 54 хувиар өндөр байна.

Java программистууд нь программ хөгжүүлэгчид дотроо өндөр цалин авдагт ордог учир дээрх үзүүлэлт нь тэдэнд улам сайн мэдээ болж байна. Өнөөгийн байдлаар Java хөгжүүлэгчид жилд дунджаар 91,465 долларын орлого олдог нь бусад түгээмэл хэлний хөгжүүлэгчдийнхтэй төстэй байгаа юм.

Java сурахад хялбар

Java нь шинээр суралцаж буй хүмүүсийн хэрэгцээг харгалзан бүтээгдсэн бөгөөд код турших болон гаргасан алдаагаа засварлах боломжуудыг олгодог бөгөөд энэ нь энэхүү хэлийг шинээр сурч байгаа хүмүүст үнэ цэнтэй туршлага болдог.

Java бол бусад программчлалын хэлийг сурах маш сайн эхлэлийн цэг юм

Java бол бусад программчлалын хэлийг сурах маш сайн эхлэлийн цэг юм Java хэлийг сурсны дараа C, C#, C++, Python гэх мэт бусад өргөн хэрэглэгддэг хэлнүүдийг сурахад харьцангуй хялбар байдаг. Java нь шинэхэн код бичигч нарт хэрхэн программист шиг сэтгэж, логик сэтгэлгээгээр асуудалд хандан, санаагаа туршиж үзэх боломжийг нээж өгнө.

Java нь өргөн хэрэглэгддэг, нэр хүндтэй программчлалын хэл

Вэбээс апликейшнээс эхлээд гар утас, ердийн компьютерын программ хүртэл бараг бүх системүүд Java ашигладаг. Бизнесийн томоохон программууд болон Android гар утасны үйлдлийн системд өргөн хэрэглэгддэг Java программчлалын хэл нь салбарын хөгжил дэвшлийг даган байнга шинэчлэгддэг бөгөөд платформ дээрээ бусад хэлнүүдийг дэмждэг.

Java хаашаа ч явахгүй

Дижитал ертөнц байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд хөгжүүлэгчид өөрсдөдөө давуу тал олгохын тулд шинэ хэлнүүд, Framework-уудыг үргэлж хайж байдаг. Цаг үеэсээ хоцрохгүй нь чухал боловч салбарууд шилжилтэд орох үед тодорхой чиг хандлагад баригдаж үлдэх нь зардал ихтэй бөгөөд үр дүнгүй байх эрсдэлтэй. Үүний үр дүнд, ялангуяа шинэ хэл, технологи гарч ирэх үед Java хэлний ач холбогдлыг онцлон тэмдэглүүштэй юм.

Java хөрвөх чадвартай

Java нь төрөл бүрийн технологиудад өргөн хэрэглэгдэхээс гадна хялбархан өргөтгөх боломжтой бөгөөд хамгийн чухал нь Java Virtual Machine (JVM) дээр ажилладаг учраас нэг кодын сангаар ямар ч төхөөрөмж дээр ажиллах боломжтой юм. Энэхүү JVM нь платформд зориулсан заавруудыг төхөөрөмжид дамжуулдаг бөгөөд энэ нь кодыг бараг бүх тооцоолох төхөөрөмж дээр өөр систем рүү шилжүүлэх боломжийг олгодог байна.

Java хэл сурахад хэр хугацаа шаардагдах вэ?

Урьд нь хэлсэнчлэн Java бол бусад олон хэлтэй харьцуулахад харьцангуй энгийн программчлалын хэл юм. Үүний үр дүнд та хэдхэн долоо хоногийн дотор үндсэн ойлголтуудыг сурч болно.

Java юунд ашиглагддаг вэ?

Java нь хамгийн түгээмэл бөгөөд эрэлт хэрэгцээ өндөртэй хэл юм. Гэхдээ Java хэлний бодит хэрэглээ нь юу вэ? Бид өмнө нь Java хэлний хэрэглээний жишээнүүдийг онолын түвшинд авч үзсэн; Тэгвэл эдгээр болон бусад Java хэлний хэрэглээний жишээнүүдтэй танилцъя, үүнд:

Видео тоглоом

Тоглоомын хөгжүүлэлтийн тухайд C#, C++ зэрэг программчлалын хэлийг Unity, Unreal Engine зэрэг тоглоом хөгжүүлэлтийн платформд ашигладаг. Харин Java бол график болон тоглоомын хөгжүүлэлтийг эхнээс нь судлахыг хүсвэл маш сайн сонголт юм. LibGDX, OpenGL гэх мэт олон тооны хэрэгслүүд байдаг.

Вэб апликейшнүүд

Java бол вэб апликейшн бүтээхэд ихэвчлэн ашиглагддаг server-side программчлалын хэл юм. Spring, Struts, Hibernate, Apache Hadoop, JSF нь вэб апликейшнүүд бүтээх хамгийн алдартай Java framework-ууд юм. Java-г ашиглан бүтээгдсэн веб апликейшнүүдийг дурдвал: LinkedIn, AliExpress, Amazon гэх мэт бидний өргөнөөр хэрэглэдэг үйлчилгээнүүд багтана.

Big Data

Big Data-д хэрэглэгддэг Python-оос гадна өөр олон алдартай программчлалын хэлнүүд байдаг. Гэсэн хэдий ч Big Data технологийн хүрээнд ихэнх программистууд Java-г илүүд үздэг. Үүний шалтгаан нь Hadoop, Deeplearning4j зэрэг хамгийн алдартай Big Data-тай ажиллахад ашигладаг хэрэгслүүд нь Java-г ашигладаг бөгөөд Big Data технологийн хувьд олон нийтийн дэмжлэг маш сайн байдаг.

Internet of Things (IoT)

Хөгжүүлэгчид Java хэлийг IoT төхөөрөмжийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой хэл гэж үздэг. Үүний цаана хэд хэдэн хүчин зүйл бий, юуны түрүүнд энэ нь платформоос хамааралгүй программчлалын хэл учир зөвхөн нэг удаа код үүсгэхэд хангалттай бөгөөд энэ нь олон төрлийн төхөөрөмж дээр ажиллах бөгөөд таны ажлын ачааллыг бууруулна.

Вэб хөгжүүлэлт, android хөгжүүлэлт, desktop программ хөгжүүлэлт болон бусад олон зүйлд ашиглагддаг тул хөрвөх чадвараараа IoT-д хамгийн тохиромжтой сонголт юм. Бусад программчлалын хэлтэй харьцуулахад олон технологиудыг нэгтгэхэд илүү хялбар байдаг, тиймээс автомашины навигацийн систем, эмнэлгийн төхөөрөмжүүд болон embedded электроникийн хэрэглээнд ашиглагддаг.

Android программууд

Java бол Android программын хөгжүүлэлтийн албан ёсны программчлалын хэл бөгөөд Android программын 46.2 хувийг Java эзэлдэг байна. Java-г Android Studio-д ашигладаг бөгөөд энэ нь Android программыг хөгжүүлэх албан ёсны IDE юм. Тиймээс, Java программчлалын хэлний мэдлэгтэй бол Android программыг хөгжүүлэх нь илүү хялбар байдаг.

Desktop программууд

Java нь desktop программуудын график интерфэйс буюу GUI хийх боломжтойгоороо алдартай. Олон тооны Java Framework-ууд байдаг бөгөөд эдгээр нь GUI программ хөгжүүлэлтийн явцыг хялбар болгодог, үүнд Swing, AWT, JavaFX, Griffon болон бусад олон framework-ууд орно. Тиймээс, desktop программ хийхээр төлөвлөж байгаа бол Java хэл нь оновчтой сонголт юм.

Java ашигладаг байгууллагууд

Технологийн багцдаа (Tech stack) Java ашигладаг Pinterest, Google, Airbnb, Instagram, Spotify, Uber, Netflix зэрэг олон компаниуд байдаг. Эдгээр болон бусад байгууллагуудын үйлчилгээ, бүтээгдэхүүнүүддээ Java-г хэрхэн ашигласан жишээнүүдийг танилцуулъя:

Netflix болон Google Android

Netflix нь АНУ-ын хамгийн нэртэй, хамгийн том энтертайнмент компаниудын нэг бөгөөд стриминг медиагаар дамжуулан кино, телевизийн цувралуудыг санал болгодог. Netflix-ийн ихэнх программууд нь Java ашигладаг. Google-ийн Android болон Android TV программууд нь бараг бүхэлдээ Java хэл дээр бичигдсэн бөгөөд бага зэрэг C++ код ашигласан байдаг.

NASA Word Wind

NASA өөрийн Word Wind программыг Java ашиглан хөгжүүлж, газарзүйн мэдээллийг харуулдаг 3D виртуал бөмбөрцөг бүтээжээ. Уг бүтээгдэхүүн нь гэрэл зураг болон NASA-гийн сансрын хөлгийн гэрэл зургийг ашиглан гаригуудын 3D загварыг бүтээдэг байна.

Энэ нь бүх үйлдлийн систем дээр ажилладаг Java-д суурилсан нээлттэй эхийн программ юм. Энэхүү программ нь OpenGL API ашиглан үүсгэсэн 2D болон 3D дүрснүүдийг график процессороор боловсруулах зарчмаар ажилладаг байна. Мөн GPS-ийн өргөтгөлийг ашиглан үүл, хар салхи, газар хөдлөлт гэх мэт өгөгдлийг бодит цаг хугацаанд харуулдаг. Энэхүү программын тусламжтайгаар бид газарзүйн нэрээр байршлыг хайж олох, харагдах давхарга, харах өнцгийг тодорхойлох гэх мэт олон зүйлийг хийх боломжтой.

Minecraft

Minecraft бол Java ашиглан бүтээсэн алдартай компьютер тоглоом юм. Java 1.8-ийг Minecraft Java хувилбарт ашиглан хамгийн анхны хувилбарыг хийсэн байдаг.

Spotify

Алдартай аудио стриминг үйлчилгээ болох Spotify нь вэб программаа хөгжүүлэх, бүртгэл, тогтворжуулах (stabilization), өгөгдөл дамжуулахад Java-г ашигладаг. Spotify-ийн Android программ нь мөн Java хэл дээр бичигдсэн.

Анхлан суралцагчдад зориулсан Java дасгалууд

Java-г дөнгөж сурч эхэлж байгаа бөгөөд эцэст нь Java хөгжүүлэгчээр ажиллахыг хүсэж байгаа хэн бүхэнд анхлан суралцагчдад зориулсан Java дасгалуудыг хийж үзэхийг зөвлөж байна. Эдгээр дасгалууд нь программчлалын хэлний талаар илүү ихийг сурч, ур чадвараа шалгахад тус болно.

  • Brick Breaker тоглоом
  • Валют хөрвүүлэгч
  • ATM интерфейс
  • Ухаалаг хот төсөл
  • Тоо таах тоглоом
  • Нислэгийн тасалбар захиалгын систем
  • Вэб серверийн удирдлагын систем

Эдгээр дасгалууд Java хэлний үндсийг эзэмшсэний дараа олж авсан чадвараа сайжруулан, өөрийгөө сориход туслах болно.

Таны харж байгаагаар энэ алдартай хэл нь өргөн хүрээний хэрэглээтэй, мөн томоохон дэмжлэгийн сүлжээ, олон төрлийн код бичихэд тус болох программын сангуудтай.

Java хэл сурч эхлэх олон шалтгаан бий, энэхүү хэл нь төрөл бүрийн салбарт хэрэгтэй, ирээдүйтэй, эрэлт хэрэгцээтэй ур чадвар юм. Цаашилбал, бид танд Java хэлний үндсийг ойлгох эсвэл илүү нарийн мэргэшсэн чадварыг бий болгоход туслах өргөн хүрээний Java Basic болон Java Fundamentals сургалтуудыг санал болгож байна:

Java Basic - Анхан шатны сургалт нь программчлалын мэдлэг шаардахгүй, анхлан суралцагч нарт зориулсан сургалт бөгөөд энэхүү сургалтыг та ердөө бүртгэлийн 7 доллар төлөөд сурч болно.

Java Fundamentals - Энэхүү сургалт нь танд Java хэлний үндсэн ухагдахуунууд болох Object Oriented Programming, Functional Programming, Web Application хийх зэрэг ур чадваруудын суурийг олгох хөтөлбөр юм. 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.