2023 онд сонсоход тохиромжтой 20 шилдэг бизнесийн подкаст

2023/03/21 Админ 2562 0 сэтгэгдэл

  Өөрийн тань ажиллаж буй салбарын тэргүүлэгчдээс хэрхэн амжилтад хүрсэн тухай асуухад тэд ихэвчлэн шаргуу хөдөлмөр, олон цагийн ажил, тэгээд хамгийн чухал нь тасралтгүй суралцаж байсан тухайгаа л онцолдог.

  Бие даан суралцсан бизнес эрхлэгчид өөрсдийн сургалтын хөтөлбөрөө хувийн туршлага, ном, блог нийтлэл, видео болгон хувиргасан байдаг. Харин подкаст нь энэ бүхнээс өөр зүйлийг хүмүүст санал болгодог. Тодруулбал, подкаст нь өглөө хичээл/ажилдаа явах гээд бэлэн болох зууртаа, гүйж байхдаа, жолоо барьсан үедээ, ажил дээрээ ажиллаж байхаа ч бусдын үзэл бодол, туулсан саад бэрхшээлийн тухай сонсон, суралцаж, хөгжих боломжийг олгодог.

Гэхдээ дэлхий дахинд 3 сая гаран подкаст байхад алийг нь сонгож, хаанаас эхлэвэл дээр вэ?

  Shopify онлайн худалдааны платформ нь бизнес эрхлэх хүсэлтэй болон эрхэлж байгаа хүмүүст зориулсан шилдэг 20 бизнес подкастын жагсаалтыг гаргав. Үүнээс бид шилдэг 15-г сорчлон хүргэхийн сацуу эх хэлээрээ сонсох боломжтой бизнесийн подкаст гэх ангилалд хамаарагдах 5 монгол подкастын тухай хүргэж байна. Маркетингийн практик зөвлөгөө эсвэл урам зориг өгөхийг хүсч байгаа гэхчлэн ямар ч хүсэл, сонирхолтой байсан эдгээр бизнес подкастуудыг сонсоход илүүдэхгүй болов уу (бүгдийг Apple Подкаст болон бусад подкаст платформоос сонсох боломжтой).

Бизнес подкаст гэж юу вэ?

  Бизнес подкаст нь бизнесийн талаарх ойлголт, зөвлөгөөг хуваалцахад зориулагдсан аудио цуврал юм. Ихэвчлэн бизнестэй холбоотой тодорхой сэдвүүдээр ярьдаг 1-2 хөтлөгчтэй бөгөөд нэг дугаар нь 20 минутаас 1.5 цаг хүртэл үргэлжилдэг.  Заримдаа тухайн сэдвээр мэргэшсэн, өөрсдийн үзэл бодлоо хуваалцахуйц тусгай зочинг мөн урих нь бий. Сэдвийн тухайд онлайн маркетингийн тактик, сошиал медиа стратеги, технологи, соёлын чиг хандлага, бизнес эрхлэгчдийн амжилтын түүх зэргийн тухай яриа өрнүүлдэг.

  Хүмүүс өглөөний кофе уух зууртаа аль эсвэл машиндаа, хаа нэгтээ явж байхдаа мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсож, практик шийдлүүдийг олж авах боломжтой болсон тул бизнесийн подкастуудын тоо нэмэгдэж онлайн бизнесийн өсөлтийг бий болгож байна.

2023 оны шилдэг 20 бизнесийн подкаст

  • Shopify Masters
  • Duct Tape Marketing
  • HBR Ideacast
  • The $100 MBA Show
  • The copywriter Club
  • Mixergy
  • The Jason and Scot Show
  • eCommerce MasterPlan podcast
  • Social Media Marketing Talk show
  • eCommerce Fuel
  • Goal Digger Podcast
  • How I Built this
  • Unthinkable
  • Honest E-commerce
  • The Unofficial Shopify Podcast
  • OMG Commerce’s eCommerce Evolution
  • Entrepreneurs On Fire
  • The Retail Exchange
  • Mistakes That Made Me
  • Growing E-commerce

1. Shopify Masters

Хөтлөгч: Shuang Esther Shan болон Adam Levinter

Зорилтот сонсогчид: Бизнесийн гараагаа эхлүүлсэн хүмүүсийн олж авсан чухал сургамжуудыг сонсох хүсэлтэй хүмүүс

  Shopify-н албан ёсны подкастад хөтлөгч Shuang Esther Shan болон Adam Levinter нар тус платформын янз бүрийн салбарт ажиллаж байсан туршлагатай бизнес эрхлэгчидтэй ярилцлага хийдэг. Зарим нь бизнес эрхлэгч болохын тулд зургаан оронтой цалингаа орхисон бол зарим нь Etsy дээр багаар эхэлсэн бөгөөд гэнэтийн амжилт ирэх үед бизнесээ өргөжүүлэхээс өөр аргагүй болсон тухайгаа дурдаж байв.  Shopify Masters нь бизнес эрхлэх чадвартай гэдгээ нотолсон ердийн бизнес эрхлэгчид, мөн томоохон худалдааны компаниудын удирдагчдыг оролцуулдаг.

  Хэрхэн хүнсний жижиг тэрэг (truck) 7 оронтой орлого олдог бизнес болтлоо хөгжсөн, бүтээгдэхүүн уналтын үед дижитал маркетинг болон бизнесийн стратегиэр эрэлт бий болгох зэрэг бизнес эрхлэхтэй холбоотой бүх туршлагын тухай сонсох боломжтой.

  Мөн тус подкаст нь зочдоор бизнес өргөжүүлэх стратеги, хэрэгсэл, Shopify програмуудыг ил тод ашиглан кейс судалгаа хийдэг онцлогтой. Shopify Masters нь өөрсдийн платформд нэгдэх хүсэлтэй мөн, “онолын хүрээнд” хэрэгждэг зүйлс болон практикт аль нь зөв байдгийг мэдэхийг хүссэн хүмүүст нээлттэй эх сурвалж юм. Түүнчлэн, Shopify Masters-т ирсэн зочид орлогынхоо тухай мэдээлэл өгч, боломж олгосон хүчин зүйлс зэргээр өөр газраас авахааргүй мэдээллийг өгдөг.

Онцлох дугаар: Бизнесээ ирэх ондоо бэлтгэх шалгарсан арга

2. Duct Tape Marketing

Хөтлөгч: John Jantsch

Зорилтот сонсогчид: Тодорхой төсөвт баригдсан жижиг бизнес эрхлэгчид хэрхэн онлайн маркетинг хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсч буй хүмүүст.

  Duct Tape Marketing подкаст нь жижиг бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд John Jantsch арав гаруй жилийн турш энэхүү долоо хоног тутмын подкастыг хөтлөж байна. Тэрээр бизнесийн арга, онлайн маркетингийн нарийн ширийн болон бас бусад зүйлсийн талаар шинжээчид, удирдагчид, амжилттай бизнес эрхлэгчид, үзэл санааны тэргүүлэгчдээс ярилцлага авдаг аж.

  Тэнд дижитал маркетингийн бүхий л чиглэлийн сэдэвтэй чанартай контент бий. Тус подкаст нь Google Ads-аас илүү үр өгөөж авах, мартагдашгүй хувийн брэндийг бий болгох, маркетингийн бодит байдлын үүрэг гэх мэт техникийн шинжтэй булантай. Зах зээлийн өрсөлдөөнөөс хэрхэн ялгарч, бизнесээ үнэхээр өвөрмөц болгох талаар бизнесийн зөвлөгөө аваад зогсохгүй маркетингийн шинэ чиг хандлага (дуут хайлт гэх мэт), бүтээмж нэмэгдүүлэх аргууд гэхчлэн өргөн агуулгатай контентыг авах болно.

Онцлох дугаар: Маркетингийн хамгийн сүүлийн арга яагаад олон нийт байдаг вэ? 

3. HBR IdeaCast

Хөтлөгч: Sarah Green Carmichael

Зорилтот сонсогчид: Баг хамт олноо бүрдүүлэхээр зэхэж буй мөн бүрдүүлэх явцад бэрхшээлтэй учирч буй бизнес эрхлэгчид

  IdeaCast нь Harvard Business Review тойм сэтгүүлийн подкаст бөгөөд долоо хоног бүр бизнесийн удирдлагын талаар салбарын мэргэжилтнүүд болон бизнесийн удирдагчидтай ярилцлага хийн, хэлэлцүүлэг өрнүүлдэг. Сүлжээ бий болгохоос эхлээд бизнесийн менежмент хүртэл бүх зүйлд хэрэг болохуйц, хэрэгжүүлэхүйц зөвлөгөө тэнд бий. Нэн ялангуяа ажилчид болон гэрээт байгууллагыг координат хийдэг багт тохиромжтой  бизнесийн шилдэг подкастуудын нэг юм.

  Хэрэв та бизнесээ өргөжүүлэхийн тулд багтаа хүн нэмж авахаар төлөвлөж байгаа бол (эсвэл аль хэдийн нэмчихсэн бол) эдгээр ангиудыг заавал сонсох хэрэгтэй. Хөтлөгч Sarah Green Carmichael  хүн бүрийн орлого олох боломжтой жижиг бизнес эрхлэгчдийн бодит жишээнд тулгуурлан зөвлөгөө өгдөг.

Онцлох дугаар: Ажлын байран дахь бүтээлч сэтгэхүйг ойлгохуй

4. The $100 MBA Show

Хөтлөгч: Omar Zenhom

Зорилтот сонсогчид: Бизнесээ өргөжүүлэх бус, эрхлэн удирдаж явах сонирхолтой байгаа бизнес эрхлэгчид

  $100 MBA Show нь урьдчилан таамаглахуйц загварыг давуу талаа болгон бизнесээ удирдах зөвлөгөө өгдөг бөгөөд өдөр тутмын сонсогчдын тоо 50,000 орчим аж. Хөтлөгч Omar Zenhom их эрч хүчтэй, эерэг, үйл явцыг  үр ашигтай байлгах гэж чин сэтгэлээсээ хичээдэг хүн бөгөөд маркетингийн эрчлүүрт дугүй болон бизнесийн ерөнхий үйл ажиллагааг сайжруулах үнэ цэнэтэй мэдээллээр дүүрэн подкаст юм.

  Өсөлтөөс гадна эл подкаст нь бизнесийн гараанд гарч болзошгүй нийтлэг асуудлаас зайлсхийх эсвэл шийдвэрлэхийг хүсдэг хүмүүст тусгайлан зориулсан зөвлөгөөг санал болгодог. Хэрэв бизнес эрхлэгчид гацсан мэдрэмж төрвөл, дараагийн дугаарт хариулж өгнө үү хэмээн асуултуудаа явуулах боломжтой.

Онцлох дугаар: Бизнесийн ертөнцөд яагаад “3”-ын тоо ид шидийн тоо байдаг вэ?  

5. The Copywriter Club

Хөтлөгч: Kira Hug болон Rob Marsh

Зорилтот сонсогчид: Борлуулалтын эх, агуулгаа өөрсдөө бичдэг болон бичих ур чадварт суралцахыг хүсч буй бизнес эрхлэгчид  

  Долоо хоног бүр контент маркетингийн стратеги болон шилдэг брэндүүдийн хөрвүүлэлтэд нийцсэн эх зохиолыг хэрхэн бичих талаар мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага. Маш сайн зохиол бичих нь бүтээгдэхүүний тодорхойлолт, сайтын хуулбар, имэйл маркетинг зэрэг маркетингийн бүхий л үйл ажиллагаанд оролцдог. Таны харилцаандаа ашиглаж буй үгс, үгийн сонголт дотор ч маркетинг “амьдарч мөн үхэж” байдаг.   

 Энэхүү подкаст таньд агуулга бэлдэх, онлайн маркетингийн чадвараа сайжруулах, бүтээгдэхүүний тайлбар, маркетингийн кампанит ажил зэрэг хувиргал ихтэй контент бэлдэхэд туслах болно.  

Онцлох дугаар: Олон бизнес эрхлэн орлогоо нэмэгдүүлэх нь

6. Mixergy

Хөтлөгч: Andrew Warner

Зорилтот сонсогч: Бусад гарааны бизнесүүд хэрхэн эхэлж, яаж өргөжин тэлсэн тухай сонсохыг хүссэн бизнес эрхлэгчид болон энтрепренерүүд

  Mixergy нь голчлон стартап түүхүүдэд төвлөрч, тэдгээрийг үүсгэн байгуулагчид, цуврал энтрепренёрууд болон салбарын тэргүүлэгчидтэй хийсэн ярилцлагыг 7 хоногт хэд хэдэн дугаараар толилуулдаг.

  Хуримын даашинз худалдаж авах эсвэл автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэлд зориулсан зогсоолын технологи гэх мэт сонгодог, шинэлэг санаачлагуудыг дурдсан дугааруудтай Mixergy нь боломжгүй газар бизнес эхлүүлэх урам зориг хайж буй гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан хамгийн шилдэг бизнес подкастуудын нэг юм. Түүнчлэн амжилттай яваа бизнесийн кейс судалгаа, хэрхэн бизнесээ удирдан явуулах элдэв арга замын тухай ярилцсан сонирхолтой мэдээллүүд бий.

Онцлох дугаар: 100 жилийн стартап гэж байх боломжтой юу?

7. The Jason and Scot Show

Хөтлөгч: Jason Goldberg болон Scot Wingo

Зорилтот сонсогч: Жижиглэн худалдаа болон борлуулалтын тасралтгүй өөрчлөгдөж буй ертөнцийг сонирхож буй хүмүүс болон борлуулагчид

  Жижиглэн худалдааны хорхойтон гэдгээрээ алдартай Jason болон Scot нар жижиглэн худалдаа, худалдааны ирээдүйн талаар дээд түвшний мэтгэлцээн, сүүлийн үеийн чиг хандлагын тухай харилцан яриа өрнүүлсэн подкаст толилуулдаг.

  Дийлэнх дугаарт нь тус салбартаа удаан ажиллаж байгаа туршлагатай хүмүүсийн ярилцлага ордог ч гэлээ Jason болон Scot нарын бэлтгэсэн сүүлийн үеийн бизнесийн мэдээлэл, жижиглэн худалдааны чиг хандлагын тухай яриа их сонирхолтой. Амазоны хамгийн сүүлийн үеийн туршилтын тухай аль эсвэл VR/AR руу шилжиж буйг ярилцсан ч бай хоёр найзын тухай харилцан яриа хэзээд хөгжилтэй, мэдээлэл ихтэй байдаг.

Онцлох дугаар: 2023 оны урьдчилсан таамаг, тооцоо

8. eCommerce MasterPlan Podcast

Хөтлөгч: Chloe Thomas

Зорилтот сонсогч: Үйлчлүүлэгчдээ хадгалж үлдэх, харилцаагаа бататгах хүсэлтэй цахим худалдаа эрхлэгчид

  eCommerce MasterPlan нь голчлон бизнес болон хэрэглэгчийн харилцаанд төвлөрч, хэрхэн илүү олон хэрэглэгчтэй болох, тэдэнтэй илүү бат бөх харилцаа тогтоох талаар бодитой, хэрэгжүүлж болохуйц ойлголтыг өгдөг 30 минутын подкаст юм.

  Энэхүү подкастын давуу тал нь хэрэглэгч-төвтэй бөгөөд тэдгээрийг таних, үлдээх, үнэнч харилцааг бий болгох тухай хэлэлцэнэ. Хэрэглэгч-төвтэй үзэл санаанаас гадна хамгийн сүүлийн үеийн онлайн бизнесийн технологийн талаарх мэдээллийг багтаасан бөгөөд ашгийг нэмэгдүүлэх, мөнгө хэмнэх зөвлөмжийг мөн санал болгодог.

Онцлох дугаар: 2023 онд цахим бизнэсээ өргөжүүлэх 8 зөвлөгөө

9. Social Media Marketing Talk Show

Хөтлөгч: Eric Fisher

Зорилтот сонсогч: Сошиал медиа маркетингаа хариуцаж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид

  Танд сошиал медиа сувгуудын өдөр бүр шинээр үүсч боломжуудыг бүрэн гүйцэж авч чадахгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг үү? Энэхүү сошиал медиа маркетингийн ток шоу нь танд ямар өөрчлөлт, шинэчлэлт гарсныг тайлбарлахын сацуу бизнес эрхлэгч таны хувьд гарах үр дүнгийн тухай хэлэлцэх болно.  

  Social Media Examiner багийн гишүүн Eric Fisher тус подкастыг хөтөлдөг бөгөөд Andrea Vahl болон  Madalyn Sklar зэрэг мэргэжилтнүүдийг байнга урьж оролцуулдаг. Тэдний яриа олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд болж буй өөрчлөлтийг илүү ойлгомжтой тайлбарлаж, хүртээмжтэй болгодог тул та сошиал хаягаа хэрхэн удирдахаа мэдэх болно.

Онцлох дугаар: TikTok-ийн шинэчлэл, сурталчилгаа, хаягуудын өөрчлөлт

10. eCommerce Fuel

 Хөтлөгч: Andrew Youderian

Зорилтот сонсогч: 6 болон 7 оронтой тооны орлоготой цахим бизнес эрхлэгчид

  The eCommerce Fuel подкаст нь өндөр орлоготой энтрепренёруудад зориулагдсан гэдгээрээ онцлог. Andrew Youderian нь хэдэн сая долларын цахим худалдааны бизнесүүдийг байгуулсан тул цахим худалдаанд болж буй бүх зүйлийн талаар ярихад тохиромжтой залуу юм.

  Энэхүү подкаст нь онлайн бизнесийг хэрхэн удирдах талаар ярилцаж, орлогоо зургаа долоон оронтой болгох, түүний дараагаар ахиж хөгжих арга засуудыг онцолдог. Хэрэв та томоор сэтгэж, их хэмжээний орлого олохыг хүсч байвал тус подкастыг сонсохыг санал болгож байна.

Онцлох дугаар: Одоо цагийн хамгийн их сайшаагдаж байгаа брэндэд деконструкт хийх нь  

11. Goal Digger Podcast

Хөтлөгч: Jenna Kutcher

Зорилтот сонсогчид: Эмэгтэй бизнес эрхлэгчид хэрхэн бизнесээ эхлүүлсэн болоод тэдний амьдралын түүхүүдийг сонсох хүсэлтэй хүмүүс.  

  Магад нэрнээсээ эхлэн таны сонирхлыг татаж магадгүй. Ярилцлага хийх буюу уламжлалт маягаас илүүтэй энэхүү подкаст нь хичээл, семинар шиг мэдрэмж сонсогчиддоо өгөх нь бий. Jenna Kutcher ч юу ярихаа сайн мэддэг нэгэн. Тэрээр бизнес эрхлэгчид бизнесээ зах зээлд гаргахад ашиглаж болох тодорхой стратегиудыг өгдөг.

  Түүнчлэн SEO болон Instagram маркетинг зэрэг мэргэжлийн чиглэлээр маркетингийн зөвлөгөө өгөхөөс гадна гүйцэтгэх захирал, ээжийн ажил буюу ажил-амьдралын тэнцвэртэй байдал, брэндээ хэрхэн илүү хүртээмжтэй болгох зэрэг бусад подкастуудад байдаггүй сэдвүүдийг гүнзгийрүүлдэг.

Онцлох дугаар: Зүгээр л амь зуугаад байна уу? Хэрхэн жинхэнэ утгаараа амьдрах вэ?

12. How I Built This

Хөтлөгч: Guy Raz

Зорилтот сонсогчид: Бизнесийн гарааны түүхийг сонсох хүсэлтэй хэн бүхэнд

  Бизнес эрхлэх нь маш ганцаардмал ажил билээ, нэн ялангуяа эхний жилүүдэд. NPR-ийн “How I Built this” подкаст нь энэхүү орон зайг нөхөж, таны мэддэг, хайртай компаниудын ард байгаа дэлхийн хэмжээний гүйцэтгэгчдийн туулсан зовлон, тэмцэлдэж олсон агуу мөчүүдийн тухай толилуулдаг.  

  Хөтлөгч Guy Raz компаний “бидний тухай” нүүрэнд байдаггүй, хэний ч мэдэхгүй түүхийг зураглахдаа гарамгай нэгэн. Энэ жагсаалтад багтсан бусад подкастуудаас ялгаатай нь бизнесийн арга зам, стратегийн тухай бага өгүүлж, эхлэсэн түүхийг голчлон хүүрнэдэгээрээ онцлог. Тус подкастын “How You Built That” спин-офф нь таны сонсоогүй байж болох шинэлэг жижиг бизнесүүдийн тухай өгүүлдэг тул энд дурдах нь зүй.

Онцлох дугаар: Tarte Cosmetics: Maureen Kelly

13. Unthinkable

Хөтлөгч: Jay Acunzo

Зорилтот сонсогчид: Нэгэн хэвийн ердийн сэтгэлгээг сөрж, бүтээлчээр өсөн дэвжихийг хүсч буй бизнес эрхлэгчид 

  Бидний нэг их дурдаад байдаггүй, сайн мэдэхгүй ч өдөр тутмын ажил амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн бизнес эрхлэгчдийн тухай Jay Acunzo болон түүний урьсан зочид хоорондоо ярилцдаг 7 хоног тутмын подкаст юм. Тус подкастаар нөгөө л нэг салбарын шилдэг, шалгарсан аргаар бизнесээ эхлүүлсэн урам зориг өгөхүйц түүхүүдийг бус харин ч эрсдэлтэй, тэрслүү, уламжлалт бус, мэдрэмжиндээ хөглөгдсөн бизнесүүдийн амжилтанд хүрсэн түүхийг сонсоно.

  Хэрэв та байдаг л нэг хэвийн бизнесийн түүх сонсохоос залхаж байгаа Unthinkable подкаст нь бизнесийн гоц, гойд, гайхалтай санааг өгүүлсэн тул цаг зав гарздахгүй юм.

Онцлох дугаар: Хамгийн шилдэг арга зам бол зөв зүйл хийх юм

14. Entrepreneurs On Fire

Хөтлөгч: John Lee Dumas

Зорилтот сонсогчид: Бизнесийн гараагаа эхлүүлэхэд шилдэг бизнесийн эрхлэгчдээс бага зэрэг урам зориг авах гэсэн хэн бүхэнд.

  John Lee Dumas нь 2012 оны 9-р сараас эхлэн “Entrepreneurs on Fire” гэх подкастыг хөтөлж байгаа бөгөөд өдгөө 3800 гаран дугаартай.  Бусад бизнесийн подкастуудаас өдөр бүр шинэ дугаар гаргадгаараа ялгардаг аж.

  Tony Robbins, Seth Godin, Gary Vaynerchuk, Barbara Corcoran, болон Tim Ferriss зэрэг шилдэг удирдагчид болон шинийг санаачлагчдаас ярилцлага авдаг бөгөөд түүний хэв маяг их энгийн бөгөөд сонирхол татахуйц байдаг. Сонсогчдоо амжилттай бизнес эрхлэгч болоход нөлөөлсөн гэхэд хилсдэхгүй.

Онцлох дугаар: Хэрхэн контент бүтээж мөнгө олох вэ?

15. Mistakes That Made Me

Хөтлөгч: Eman Ismail

Зорилтот сонсогч: Бусдын гаргасан алдаанаас суралцах, сэргийлэхийг хүссэн бизнеэс эрхлэгчид

  Имэйл стратегич Eman Ismail бизнесийн эзэдтэй алдааны талаар ярилцлага хийдэг. Энэхүү өвөрмөц подкаст нь компани үүсгэн байгуулагчдын амжилттай хөгжиж байсан тактикыг чухалчилдаггүй бөгөөд харин ч тэдний хийсэн хамгийн том алдаанууд болон тэдгээр алдаа нь тэдний өсөлтийн замд хэрхэн нөлөөлснийг онцолдог.

  Бизнесийн салбар дахь ухаалаг хүмүүсийг урин алдаа бүтэлгүйтлийг хэрхэн даван туулж, бизнесийн үйл ажиллагаа оршин тогтноход зайлшгүй шаардлагатай (мөн чухал!) хэсэг гэж хүлээн зөвшөөрүүлэх зорилготой юм.

Онцлох дугаар: Татгалзсан хариу намайг баян болгосон!

МОНГОЛ ХЭЛЭЭР СОНСОХ БОЛОМЖТОЙ БИЗНЕСИЙН ПОДКАСТ 

16. HR Management LAB

Хөтлөгч: HR Management LAB-ийн гишүүд

Зорилтот сонсогч: Хүний нөөцийн салбарын шинэ давалгаа, дижитал шилжилтийг сонирхож буй хэн бүхэнд

  Хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийг нэгтгэх, хамтдаа хөгжих зорилгоор 2019 онд HR Management Lab-ийг үүсгэн байгуулсан бөгөөд тус салбарын өөрчлөлтийн удирдлага, оновчтой стратеги, шинэ чиг хандлага гэхчлэн сэдвийн дагуу ярилцдаг билээ. Түүнчлэн ONE IDEA гэх булангаараа монгол хэлээр орчуулагдаж, хэвлэгдэж байгаагүй байгууллагын соёл, бизнесийн стратегитэй холбоотой баримтат ном бүтээлийг товчлон, онцлох санааг сонсогчиддоо монгол хэлээр хүргэдэг.

  Подкастанд урилгаар монгол улс дахь томоохон байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүд өөрсдийн туршлага, үзэл бодол, хэрэгжүүлдэг арга замаа хуваалцдаг бөгөөд тухайн подкаст Youtube хуудаснаа видео хэлбэрээр мөн бий.

Онцлох дугаар: Дижитал шилжилтэнд хүний нөөцүүд бэлэн үү?

17. Business.mn

Хөтлөгч: Бизнес Медиа ХХК-ийн гишүүд

Зорилтот сонсогч: Бизнесийн салбарийн тухай мэдээ мэдээлэл, амжилтанд хүрсэн хүмүүсийн туршлагыг сонирхож буй гарааны бизнес эрхлэгч болон энтреперенүүд

  Business.mn подкаст нь бизнес эрхлэгч, энтреперенүүдэд зориулсан урам зориг өгөх, бизнес хөгжүүлэлтэд туслах мэдлэг, чадвар олгох зорилготой контент бүтээдэг бөгөөд өдгөө 200 гаран ангитай бизнесийн салбарын бүхий л сэдвээр ярилцдагаараа онцлог.

  Энэхүү долоо хоног тутмын подкастад мөн л монгол улсын салбар салбарын томоохон байгууллагуудын мэргэжилтнүүд өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцаж зөвлөгөө өгдөг.

Онцлох дугаар: Татварын хууль тогтоомжийг мөрдөж буй байдал

18. Lunch Hour

Хөтлөгч: Lemon Press-ийн гишүүд

Зорилтот сонсогч: Подкаст сонсоход урт хугацаа зарцуулах хүсэлгүй, богино товч тодорхой яриаг хүсдэг бизнесийн салбарынхан

  Бизнесийн лидерүүдтэй 30 минут гэх уриатай санхүү, бизнес, хөрөнгийн зах зээлийн шилдэг тоглогчидтой зах зээлийн шинэ, чухал мэдээллүүдээр ярилцдаг. Хий дэмий яриа хийж сонсогч олны цагийг үрэхгүй гэсэн зорилгоор дугаар бүр нь хагас цаг байдаг.

Онцлох дугаар: Хувьцаанаас өөр юунд хөрөнгө оруулж болох вэ?

19. Unread Today

Хөтлөгч: Unread багийн гишүүд

Зорилтот сонсогч: Гүнзгий суралцаж, далайцтай сэтгэн, илүүг бүтээхийг хүссэн хүн бүхэнд

  Unread нь зөвхөн бизнесийн чиглэлээр дагнасан контент үйлдвэрлэдэггүй. Тэд оригинал, эерэг контентоор дамжуулан дараагийн үеийнхнийг сэтгэлгээний хувьсгалд уриалан дуудах зорилготой хосолмол медиа стартап юм. Бүхий л сэдвийн хүрээнд ярилцдаг бөгөөд энэ дундаас цаг үеийн шинээр бий болсон тренд, хандлагыг мэдэж авах боломжтой. Контентын зорилго: Үйлдэлд хөтлөх санаанууд. Урам өгөх түүхүүд. Гэрэл тусгах цэгүүд. Гэгээ цацраах дүрүүд. Нарийвчлан харуулах өнцөг. Бүрэн зураглах ойлголт. Таниулах ёстой туршлага. Хүргэх учиртай мэдээлэл. Дэвшилтэт сэтгэлгээний охь.

Онцлох дугаар: Дата буюу өгөгдлийн сангийн тухай

20. Unlock

Хөтлөгч: Unlock багийн гишүүд

Зорилтот сонсогч: Non-fiction буюу баримтат, шинжлэх ухааны шинэхэн гарсан ном, бүтээлийг сонирхсон хэн бүхэнд нээлттэй

  “Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая” гэх уриатай энэхүү подкаст нь дэлхий дахинаа нээлтээ хийсэн, бестселлер болж буй баримтат, шинжлэх ухааны номоос гадна баримтат бүтээлийг англи хэл дээр уншин түүнийгээ товч, тойм байдлаар монгол хэлээр сонсогчидтой хуваалцдагаараа онцлог юм. Сэдвийн хувьд бизнесийн түүх, амьдралд болдог сонин хачин, намтар, сургамж түүхүүд гэхчлэн дэлхийн шилмэл номуудыг цаг алдалгүй хүргэдэг тул мэдлэгт тань нэмэр болох болно.

Онцлох дугаар: No Filter

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.