Өндөр гүйцэтгэлтэй “СЕО”-ын 4 дадал

2020/01/06 Админ 7513 0 сэтгэгдэл

 

Зөвлөхүүд CEO Genome Project хэмээх 10 жилийн хугацаатай судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн зорилго нь өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэх захирлууд бусдаас ямар онцлог, чадваруудаараа ялгаатай байдгийг тодорхойлох байв. Ингэхдээ Чикагогийн их сургуулийн эдийн засагчид, Копенгагены бизнесийн сургууль, SAS Inc зэрэг компанийн төлөөлөлтэй хамтран ажиллаж, манлайллын зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг ghSmart компанийн 17,000 гаруй удирдах ажилтан, 2000 гаруй гүйцэтгэх захирлын мэдээлэл бүхий мэдээллийн санг ашиглаж, шинжилгээ хийсэн.

Тухайн судалгаа хүмүүсийн нийтлэг ойлголтыг нилээд эвдсэн. Жишээлбэл захирлуудын зөвлөлийн гишүүд голдуу гадагш чиглэсэн энергийн урсгалтай, харизмтай хүмүүсийг илүү гэж үздэг атал интровертууд хөрөнгө оруулагчид, захирлын зөвлөлийн хүлээлтэд хүрэх нь их байдаг нь шинжилгээгээр илэрхий болсон.

Гэхдээ энэхүү судалгааны хамгийн гол нээлт нь амжилт гаргасан гүйцэтгэх захирлууд өндөр гүйцэтгэл үзүүлэхэд нөлөөлдөг дөрвөн зан үйлийг харуулдаг гэдгийг илрүүлсэн явдал юм. Мөн захирлуудын зөвлөл гүйцэтгэх захирлыг сонгох, хөгжүүлэхдээ энэхүү зан үйлүүдийг чухалчилвал зөв хүнээ авах, хөгжүүлэх боломж өндөр болдог байна.

Дөрвөн зан үйл

Энэхүү дөрвөн зан үйл гэдэг нь маш энгийн зүйлс юм. Хамгийн гол нь тэдгээрийг тогтвортой үйлдэх нь чухал байдаг. Хүмүүсийн ихэнх нь ингэж чаддаггүй.

Нэг дэх зан үйл: Хурдтай, итгэлтэйгээр шийдвэр гаргах.

Гүйцэтгэх захирлуудын талаарх домог мэт яриануудад тэднийг бизнесээ өргөжүүлж, компаниа амжилтанд хэрхэн хүргэхээ маш сайн мэддэг мэтээр гардаг. Гэтэл үнэндээ өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэх захирлууд бүх цаг үед агуу шийдвэр гаргаж, бусдаас тохой өндөр байдаггүй, харин илүү шийдмэг байдаг. Тэд шийдвэрийг бусдаас түрүүлж, хурдан, итгэл үнэмшилтэй гаргадаг. Ингэхдээ тодорхойгүй нөхцөл байдалд, бүрэн бус мэдээлэлтэйгээр, сайн мэдэхгүй талбарт ч ингэж гаргадаг. ghSmart компанийн мэдээллийн баазаас харахад “шийдмэг” гэгдэх хүмүүс өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэх захирал болох магадлал 12 дахин их байсан.

Оюуны чадварын итгэлцүүрээр (IQ) өндөр оноотой хүмүүс зарим тохиолдолд шийдмэг бус байдаг нь харагддаг. Тэд төгс хариулт хүсдэг учир голдуу сайн шийдвэр гаргадаг ч сонголт хийх гэж уддаг учир баг нь шанг нь хүртдэг. Ухаалаг атлаа удаан шийдвэр гаргадаг ийм хүмүүс “хүзүүвчний бөглөөс” болж, баг нь сэтгэл дундуур үлдэх юмуу өөрсөддөө эргэлзэж, энэ нь эргээд байгууллагад нөлөөлдөг.

Шийдмэг гүйцэтгэх захирлууд бүх талын, төгс мэдээлэл хүлээж амжихгүй гэдгээ мэддэг. Vi-Jon хэмээх өөрийн нэрийн бараа үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал Жерри Боуви “Би 65% итгэлтэй байвал шийдвэр гаргадаг” гэж ярьсан байдаг. Гэхдээ тэд аль болох олон хүний санаа бодлыг сонсохыг хичээж, зөв санаа бодолтой байж болох итгэлтэй хүмүүсийн саналыг асууж байж шийдвэр гаргадаг.

Өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэх захирлууд нэгэнт шийдвэр гаргах зам тодорхой болсон бол эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр урагш зүтгэдэг. Medtronic компанийн гүйцэтгэх захирал, захирлуудын зөвлөлийн дарга асан Арт Коллинс “Шийдвэр гаргачихаад эргэлзэж тээнэгэлзэж, савчдаг гүйцэтгэх захиралд ажилтнууд болон хамтрагчид итгэхээ больдог” гэсэн. Шийдвэр хүссэн зөв үр дүнд хүрэхгүй бол яах вэ?  Гүйцэтгэх захирал бүр алдаа гаргадаг ч алдаа бүр нь хөнөөлтэй байдаггүйг судалгаа харуулдаг.

Хоёрдахь зан үйл: Үр дүн гаргахаар хүмүүстэй тулж ажиллах.

Гүйцэтгэх захирлууд бизнесийг аль чиглэлд удирдахаа нэгэнт тодорхой болгосон бол ажилтнууд болон оролцогч бусад талуудыг оролцуулах ёстой байдаг. Өндөр гүйцэтгэлтэй гүйцэтгэх захирлууд бизнесийн үр дүн гаргах тал дээр цуцалтгүй төвлөрөхийн зэрэгцээ оролцогч гол талуудын санаа бодлыг тэнцвэртэй харгалздаг. Тэд оролцогч талуудын хэрэгцээ, сэдлийг сайн ойлгож, хүмүүсийг гүйцэтгэл гаргаж, үнэ цэн бүтээх зорилгод зангидаж ажиллаж чаддаг. ghSmart компанийн мэдээллийн сангийн шинжилгээнээс харахад үр дүнд төвлөрдөг атлаа оролцогч талуудтай тулж ажиллаж чаддаг гүйцэтгэх захирлууд амжилттай байх магадлал 75%-тай байдаг.

Төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэхэд бусдыг оролцуулж чаддаг гүйцэтгэх захирлууд хүмүүстэй харилцах, нөлөөлөхдөө чанд (сахилга баттай) стратегитай байдаг. Филадельфи хотын Хүүхдийн эмнэлэгийн гүйцэтгэх захирал Мадлин Белл “Би томоохон шийдвэр гаргах бүртээ саналыг нь сонсох хүмүүсийн зураг гаргадаг. Шийдвэрийг эсэргүүцэгчид болон тэдний хэлэх эсэргүүцлийг урьдчилан төсөөлж, эсэргүүцлийн энергийг нь хэрхэн өөртөө ашигтайгаар эргүүлж болох вэ гэж боддог. Шийдвэр гаргах явцад тухайн хүний санаа бодол маш чухал бөгөөд хамтдаа шийдвэр гаргаж байгаа гэдгийг ойлгуулдаг. Хамгийн гол нь тухайн өдөртөө шийдвэр гаргаж, хүмүүсийг оролцуулсан байх нь чухал” гэж хэлсэн байдаг.

Оролцогч талуудтай тулж ажилладаг гүйцэтгэх захирлууд хүмүүст таалагдах юмуу, гаргасан шийдвэрээ хамгаалж, багаа өмгөөлөх гэж хамаг энергиэ бардаггүй. Харин гүйцэтгэл муутай гүйцэтгэх захирлууд тэгдэг. Чадварлаг гүйцэтгэх захирлууд хүмүүст таалагдахгүй алхам хийж байлаа ч багаа амжилтанд хүртэл удирдана гэсэн итгэл төрүүлэх замаар хамт ажиллагсдынхаа дэмжлэгийг хүлээдэг. Тэд бизнесийн зорилгодоо хүрэхийн тулд хүмүүстэй зөрчилдөхөөс эмээдэггүй бөгөөд бусадтай сайн тулж ажилласан гүйцэтгэх захирлуудыг судалж үзэхэд гуравны хоёр хувь нь зөрчилдөөнийг зохицуулахдаа сайн байдаг.

Хүмүүстэй тулж ажиллаж чаддаг удирдах ажилтан маргаантай асуудлаар хүн бүрийн санаа бодлыг сонсдог ч бүгдийн саналыг авдаггүй.

Гурав дахь зан үйл: Санаачлагатайгаар дасан зохицох.

Бизнес болон түүнийг удирдагч хурдтай өөрчлөгдөж буй орчинд дасан зохицох нь ямар чухал вэ гэдгийг бид Брексит болон АНУ-ын сонгуулийн дараах үйл явцаас харж болно. Энэхүү судалгаагаар дасан зохицох чадвар сайтай гүйцэтгэх захирлууд амжилтанд хүрэх магадлал 6.7 дахин өндөр байдаг нь харагдсан. Гүйцэтгэх захирлууд ч энэ чадвар маш чухал гэдгийг дахин дахин хэлдэг. Үр нөлөөтэй гүйцэтгэх захирлууд юуг өөрөөр хийдэг талаар асуухад McKinsey & Company-ийн захирал Доминик Бартон “Гарын авлагад нь байдаггүй нөхцөл байдалд дасан зохицох чадвар л гол нь юм. Гүйцэтгэх захирал ямар ч гарын авлагагүй нөхцөл байдалд ч дасан зохицох хэрэгтэй болдог. Сэтгэлгээгээ ч тэгж бэлдвэл зохино” гэсэн байдаг.

Гүйцэтгэх захирлуудын ихэнх нь анхаарлаа богино, дунд, урт хугацаанд юмыг харахад чиглүүлдэг бол дасан зохицох чадвар сайтай гүйцэтгэх захирлууд цагийнхаа ихэнхийг буюу 50% гаруйг урт хугацааны талаар бодоход зарцуулдаг. Тэдэнтэй харьцуулахад бусад захирлууд үүнд цагийнхаа дөнгөж 30% орчмыг зарцуулдаг. Урт хугацааг анхаарах нь нөхцөл байдлын дохиог эртнээс анзаарахад тусалдаг байж болох юм. Дасан зохицох чадвар өндөртэй гүйцэтгэх захирлууд мэдээллийг олон эх сурвалжаас авдаг. Тэд мэдээллийн олон эх сурвалж, сүлжээг шүүрдэж, анхлан харахад бизнест нь хамаагүй мэт атлаа чухал мэдээллийг анзаарч чаддаг. Үүний үр дүнд тэд стратегитай алхам, өөрчлөлтийг эрт хийдэг.

Дасан зохицох чадвар сайтай гүйцэтгэх захирлууд түр зуурын саатлыг чиглэлээ өөрчлөх ажлын нэг чухал хэсэг гэж үзэж, алдаагаа суралцах, өсөх боломж гэж хардаг.

Дөрөв дэх зан үйл: Үргэлж үр дүн гаргах.

Энэ нь байдаг л зүйл юм шиг сонсогдож байж болох ч үр дүн тогтвортой, найдвартай гаргах нь гүйцэтгэх захирлын хамгийн чухал дөрвөн зан үйлийн нэг нь юм.

Энэ тал дээр юуны өмнө хийх гол ажил нь бодит хүлээлт тавих явдал юм. Үр дүн найдвартай гаргадаг гүйцэтгэх захирлууд ажлаа авсан эхний долоо хоногтоо гүйцэтгэл гаргахаар ажилдаа ханцуй шамлан орохоос зайлсхийдэг. Тэд төсөв, төлөвлөгөөг нэгбүрчлэн үзэж, захирлуудын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, хэрэглэгчдийн хүлээлтийг ойлгохыг оролддог. Түүний зэрэгцээ тэд бизнесийг үнэлж, аль нь бодитой, алиных нь талаар хүсэл хүлээлтээ өөрчлөх ёстойгоо сайтар ойлгож авдаг.

Үр дүн найдвартай гаргах тал дээр өндөр оноо авсан гүйцэтгэх захирлууд өөр тактикуудыг ч хэрэглэсэн байдаг. Үр дүн найдвартай гаргасан гүйцэтгэх захирлуудын дөрөвний гурван хувь нь төлөвлөх, зохион байгуулах чадвар сайтай байдаг. Тэд хурал, уулзалтыг зөв зохион байгуулах, гүйцэтгэлийн хэмжүүрүүдийг зөв тавих, хариуцлага тооцох зөв тогтолцоо бий болгох, гүйцэтгэлийг хянах олон суваг ашиглах, буруу чиглэлээ засах арга бий болгодог. Хамгийн гол нь тэд зөв баг бүрдүүлдэг.

Харамсалтай нь бүх гүйцэтгэх захирал тийм байдаггүй. Анх удаа гүйцэтгэх захирал болж байгаа хүмүүсийн ихэнх буюу 60% нь зөв баг бүрдүүлж чаддаггүй ажээ. Гүйцэтгэх захирлууд зөв хүн сонгох тал дээр ч алдаа гаргах нь их байдаг. Амжилттай гүйцэтгэх захирлууд шаардлагатай ажилтнуудыг авах тал дээр илүү шийдмэг ажилладаг. Тэд өндөр босго тогтоож, өөрт таатай хүн гэхээсээ гүйцэтгэл гаргах хүмүүсийг сонгодог. Энэ нь ч тэдний чихийг халууцуулдаггүй.

Дээрх зан үйлүүд гүйцэтгэх захирал бүрт байдаггүй. Тухайн нөхцөл байдалд ямар зан үйл, ур чадвар шаардлагатай гэдэг нь ажиллаж буй салбар, компаниасаа ихээхэн хамаардаг ажээ. Технологийн гэх мэт шинээр хөгжиж буй салбарт гүйцэтгэх захирал тогтсон салбаруудаас илүүгээр урьдчилан харж, дасан зохицох чадвар сайтай байх ёстой болдог.

Тус компанийн судалгаанаас эцэслэн дүгнэвэл манлайллын амжилт бол хувиршгүй шинж чанар юмуу олж авахад хэцүү боловсролын үр дүн биш юм. Мөн хүн хүрэхэд хэцүү гайхам зүйл ч биш байдаг. Гүйцэтгэх захирал шийдмэг байх, оролцогч талуудтай тулж ажиллах, дасан зохицох, үр дүн найдвартай гаргадаг байх зэрэг нь хамгийн чухал зүйлс юм.

Дэлгэрэнгүй Дижитал эрин дэх менежмент - CEO COLLEGE хөтөлбөрөөс...


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.