Хуралдаж дууссаны дараа хийвэл зохих хоёр зүйл

2019/06/25 Админ 5032 0 сэтгэгдэл

 

Стив Жобсын нэг зарчим бол тухайн хурлын хөтөлбөрт багтсан ажлуудыг хэн хариуцаж байгааг заавал бичсэн байх шаардлага тавьдаг байсан бөгөөд тэр хүнийг “Шууд хариуцах ажилтан” гэж нэрлэдэг байсан байна. Түүнийхээр аливаа ажлыг нийт дунд нь орхих нь тухайн ажлыг дутуу хийж байгаатай агаар нэг бөгөөд тодорхой, нарийн зааварчилгаа өгөхийг эрмэлздэг байв.    

Энэ хэдийгээр энгийн сонсогдож байж болох ч ихэнх удирдлагууд үүн дээр алдаж байдаг. Тэд хурлын үеэр хангалттай сайн ярилцсан хэрнээ яагаад үр дүн нь ийм хангалтгүй байна гэж гайхсаар л байдаг.

Хурлаар хэлэлцсэн асуудал тодорхой үр дүнд хүрч чаддаггүй олон арван шалтгаан байдаг. Хуралд оролцсон хүмүүс тухайн хурлыг дуусгаад дараагийнхаа хурал руу яарч гүйдэг, эсвэл өөр асуудалд анхаарал нь сарнидаг, эсвэл хурлаар тодорхой зүйлийг зөвшилцөж тохироогүй байх гэх мэт маш олон шалтгаан бий.

Гэхдээ ямар ч шалтгаантай байсан хурлын дараа хийх ёстой хамгийн чухал хоёр зүйл бол нэгд, хурлын тэмдэглэл хөтлөх, хоёрт үүрэг хариуцлагыг нь нэхэн сануулах явдал юм.

Хурлын тэмдэглэл

 “Харагдах төдий бүдэгхэн бэх ч ямар ч шилдэг оюун ухаанаас илүү” гэх Хятадын мэргэн үг байдаг. Хэрэв та ямар нэг зүйл ярилцсаны дараагаар түүнийг сануулж сэргээх ямар нэг зүйл тэмдэглэж аваагүй бол та юу ч ярилцаагүй гэж ойлгох хэрэгтэй.

Хурлын тэмдэглэл бол ямар ч хэрэгцээгүй зүйл биш юм. Харин ч эсэргээрээ бусдад нөлөөлөх, шаардлага тавих, үүрэг хариуцлагыг нь нэхэн сануулах хүчирхэг зэвсэг болж чаддаг.  

Зөвлөмж: 

Товч тодорхой тэмдэглэл хөтлөх. Шүүхийн тогтоол шиг цаг минут, үйлдэл бүрийг тэмдэглэсэн хурлын тэмдэглэл уншихад хэнд ч төвөгтэй байх нь тодорхой.

Хурлын тэмдэглэлийн уртад анхаарах. Ерөнхийдөө ямар ч хурлын тэмдэглэл нэг хуудаснаас хэтрэхгүй байх хэрэгтэй. Заавал анхаарах ёстой, тэмдэглүүштэй санаануудыг давхацуулалгүйгээр жагсаан бичиж, гол гол шийдвэрүүдийг тодруулж бичсэнээр хуралд суугаагүй хүмүүст ч тухайн хуралд юу хэлэлцсэн талаар ойлгож, мэдэхэд хялбар болох болно.  

Хамгийн гол нь хурлын тэмдэглэлийг 24 цаг эсвэл түүнээс бага хугацаанд амжиж хүмүүст илгээж байгаарай. Цаг хором явах тутам хүмүүс хуралд хэлэлцсэн асуудлуудыг нэг нэгээр нь мартаж эхлэх бөгөөд хийх ёстой ажлуудын ач холбогдол буурч орхидог.

Үүрэг хариуцлагыг нь нэхэн сануулах

Бидний нэрлэдгээр заримдаа “нэхэл хатуутай” байх нь амжилтанд хүрэхэд нөлөөлдөг чухал шинж байдаг юм шүү. Нэг жишээ дурдахад нэгэн их сургуулийн захирал шинэ салбар сургууль байгуулах санаагаа танилцуулж түүнийг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэлэлцэхээр хэсэг хүмүүстэй хуралдсан бөгөөд бүгд л тэр санааг хэчнээн гайхалтай, мундаг болохыг гайхан шагширч, магтаж байсан байна. Гэвч хоёр жил өнгөрөхөд юу ч болоогүй бөгөөд сургууль байгуулагдах нь битгий хэл энэ талаар дахин огт яригдаагүй байна. Тэр захирал тухайн үед тэдгээр хүмүүсийг сургууль байгуулахад тохирох хэмжээний чадвартай хүмүүс биш байсан гэж л тодорхойлсноос биш тэдэнд энэ талаараа нэхэн сануулах ямар нэг арга хэмжээ аваагүй байсан юм. Ихэнх шилдэг удирдлагууд ганцхан шинэ, гайхалтай санаа байх нь хангалттай гэж үздэг нь маш том алдаа юм. Аливаа санааг хэрэгжүүлэхийн тулд тогтмол нэхэн сануулж байх нь бодитоор хэрэгжүүлэхэд нөлөөлөх чухал алхам байдаг.  

Зөвлөмж:

Хурлаар ямар нэг асуудал хэлэлцэж дуусмагцаа ямар арга хэмжээг, хэдий хугацаанд, яаж хийхээ нарийн тохиролцож байх хэрэгтэй.

“Дараагийн хурлаар үргэлжлүүлье” гэх үгнээс аль болох татгалзах.

Тухайн ажлаас ямар үр дүнг хүлээж байгаагаа тодорхой хэлж ойлгуулах

Хэлэлцсэн ажлууд хугацаандаа, тодорхой хэмжээнд хийгдэж буй эсэхийг шалгах этгээдийг томилох

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.