Бизнес төлөвлөгөө хэчнээн зузаан байгаад ч амжилт олдоггүйн 4 шалтгаан

2019/06/07 Админ 4341 0 сэтгэгдэл

 

Бизнес төлөвлөгөө бол амжилтын хөтөч бөгөөд таны гаргасан бизнесийн санааг бодит хөрсөн дээр буулгах гол үндэслэл болж өгдөг.

Хэн нэгнээс бизнес төлөвлөгөөг тань харж өгөхийг хүсэх үед ихэнх хүмүүс “Өө тэгэлгүй яахав, би уншаад эргээд холбогдъё” гэж хэлдэг. Тэгээд л та уртаас урт, зузаанаас зузаан бизнес төлөвлөгөө бичиж эхэлнэ дээ. Дараа нь тэр хүн бас л таны уртаас урт төлөвлөгөөг унших гэж нэлээд хугацаа алдана. Гэтэл жил, сараар бус өдөр, цагаар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд таны гаргасан санаа хэрэгжиж эхлэхээсээ ч өмнө хуучирна гээд төсөөл дөө. Ингээд та бүхэнд бизнес төлөвлөгөө боловсруулахдаа баримтлах цөөн хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

1. Бизнес төлөвлөгөө хэт албан ёсны байх хэрэггүй

Уламжлалт бизнес төлөвлөгөө нь оршил дүгнэлт, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, зах зээлийн судалгаа, стратегийн төлөвлөгөө, менежмент, санхүүгийн төлөвлөгөө, хавсралт гээд доод тал нь найман хэсгээс бүрддэг. Тэгээд тэдгээр хэсгүүд нь дотроо 3-10 дэд бүлэгт хуваагдана гээд л үргэлжилж өгнө дөө. Эдгээр бүх мэдээлэл нь хамгийн багадаа 40 хуудас болдог бөгөөд үүнийг хийхийн тулд доод тал нь сарын хугацаа шаардагддаг. 

Гэтэл юу гээч? Орчин үед хүмүүс богинохон хэрнээ ач холбогдолтой мэдээлэлийг эрэлхийлдэг болсон бөгөөд тэр хэрээр тэдний анхаарал төвлөрүүлэх чадвар тэр хэрээр багассан байдаг. Өөрсдөө ч гэсэн түмэн асуудлыг шийдвэрлэх гэж цаг наргүй ажиллаж буй хүмүүс таны бизнес төлөвлөгөөг уншиж танилцахын тулд нэлээн хэдэн өдрийг битгий хэдэн цагийг зарцуулах нь юу л бол. Тиймээс төлөвлөгөөгөө аль болох богино бичиж сурахгүй бол таны илгээсэн зузаан “боть” тэдний ширээн дээр зүгээр л хөглөрч байдаг бичиг цаасны л нэг болох болно гэдгийг анхаараарай.

2. Үйлдэл нэг бүрийг төлөвлөх гэж оролдох хэрэггүй

Дараагийн нэг асуудал бол та маш их цагийг бизнесээ хэрэгжүүлэх алхам нэг бүрийг нарийн тооцох гэж хамаг цагаа зарцуулах явдал. Гэвч яг бодит байдал дээр тэр бүх төлөвлөгөө тань нэг бүрчлэн, таны бодсончлон хэрэгжих нь юу л бол. Та өөрийн санаачилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид хэрхэн хүлээн авахыг, зах зээл дээр хэр ашигтай ажиллахыг мэдэхгүйгээр зөвхөн өөрийн бодол төсөөллөөр төлөвлөн бичнэ гэдэг утгагүй биз дээ. Харин түүний оронд хэрэглэгчдээс санал хүсэлт авч, судалгаа явуулж, өдөр тутам мэдээллээ шинэчилж авч байх нь маш чухал юм.   

3. Хэтэрхий нарийвчилсан санхүүгийн тооцоолол

Мэдээж бизнес төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь санхүүгийн тооцоолол, төсөөлөл байдаг. Мэдээж энэ тооцооллыг гаргахын тулд нэлээд нарийн бодож тооцоолох хэрэгтэй хэдий ч үүнийг хийхийн тулд сар жилээр суух огтхон ч шаардлага байхгүй.  Өөрөөр хэлбэл таны зургаан сараас дээш хугацаагаар тооцоолсон санхүүгийн тооцоолол нь ерөнхийдөө зүгээр л таны уран төсөөлөл бөгөөд энэ бол тухайн бизнесээс хэр их ашиг олохыг хүсч байгаа таны мөрөөдлийн тоо юм.  Ихэнх шинээр бизнес эрхлэгч нар хэтэрхий их математик тооцоолол, санхүүгийн дүн шинжилгээн дээр үндэслэн өөрийнхөө бизнесийг тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлэхийг зорьж байдаг. Жишээ нь,  “Бидний бизнес ойролцоогоор 1 тэрбум доллараар хэмжигдэхүйц ашигтай бизнес учраас зах зээлийн нэг хувийг эзлэх болно” гэх зэргээр яг таг тодорхой тоонд бариулахыг оролдож байдаг. Та цаг хугацааны машинд л суудаггүй юм бол үнэндээ иймэрхүү тооцоолол гаргаж очих нь ихэнх хөрөнгө оруулагч нарын хөх инээдийг хүргэх болно.  

4. Бизнес төлөвлөгөө бүхэн тухайн бизнес амжилттай хэрэгжинэ гэсэн санаа биш

Хүмүүс бизнес төлөвлөөг л хамгийн сайнаараа биччихвэл тэр бизнес аяндаа хэрэгжиж, төлөвлөгөөнийхөө дагуу яваад байвал ашиг олно гэж эндүүрдэг. Гэвч бизнес төлөвлөгөө бол таныг ямар нэг бизнес хийхийг төлөвлөж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар төсөөлсөн гаргасан цаас л болохоос энэ бол таныг шууд амжилтанд хүргэх тасалбар биш юм. Тиймээс та хэт их цагийг бизнес төлөвлөгөөндөө зарцуулах шаардлагагүй бөгөөд 10 хуудсанд багтаан үзэхэд сонирхолтой байх хэлбэрээр бичиж сураарай. Энэ бизнес чинь хэрэгжихгүй бол дараагийнхаа бизнес рүүгээ хурдан явж ор. Та өмнө нь 40 хуудастай нэгхэн төлөвлөгөө бичих гэж зовдог байсан бол одоо 10 хуудастай 4 төлөвлөгөө бичих цагтай болж байна гээд бод л доо.    

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.