Сүүлийн хориод жилийн турш интернет бидний өдөр тутмын амьдралын хэв маяг болж бизнесийн ертөнцөд олон том өөрчлөлт шинэчлэлийг авч ирсэн.
Тиймээс компаниуд өрсөлдөх чадвараа огцом хөгжүүлсэн нь тийм ч гайхаад байх зүйл биш юм. Үүнийг дагаад “Хувийн үүлэн сургалт” үүссэн нь хүмүүсийн суралцах шинэ арга барилд тохиромжтой бөгөөд хямд төсөр боломжийг бий болгосон. Түүнчлэн өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхах, цаашдаа ч хөл алдахгүй байхын тулд бизнесийн удирдагчид хязгааргүй суралцагч байх ёстой болсон бөгөөд зөвхөн суралцах төдийгүй шинэ ур чадваруудыг байнга эзэмших зайлшгүй хэрэгтэй болжээ.
Цахиурын хөндийд дэлхийн өнцөг булан бүрээс цуглан уулздаг шилдэг удирдагчид суралцах хурдаараа бусдаас ялгардаг. Нас хүйс, ямар үйлдвэрлэл эрхэлдгээс үл хамаарах хязгааргүй суралцагчид гэнэтийн сорилт бэрхшээлийг даван туулж шинэ зүйлийг сурахаас төвөгшөөдөг хүмүүсээс эрс ондоо. Гэхдээ гүйцэтгэх захирлуудын тэрхүү уулзалтан дээр танхимын хөтөлбөр, онлайн сургалт маш бага агуулагддаг. Хэдий хичээлүүд нь бодитоор явагдаж байв ч компани нь байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа үед гүйцэтгэх захирлуудын боловсрол улам ч хурдсах тэмцэлд тулна. Түүнчлэн каталогоос сонгон суралцах нь дасан зохицоход шаардагдах “багажаар” хангадаггүй гэж үздэг.
Бид олон жилийн турш амжилттай бизнес эрхлэгчид, захирлуудтай ярилцаж, олон ном товхимол гаргасан ч өндөр амжилт үзүүлэхэд нь танхимийн боловсрол чухал үүрэг гүйцэтгэсэн хүний талаар сонсоогүй юм.
Тэгвэл хамгийн амжилттай удирдагчид өөр арга замаар суралцдаг ба түүнийг харилцаа тогтоож, холбоо сүлбээ үүсгэх буюу “сүлжээ тогтоох арга ухаан” гэдэг.
Pay Pal-ын захирал Рэйд компанидаа үүссэн асуудлыг харилцаа холбооныхоо аргаар хэрхэн шийдвэрлэснийг авч үзье. Тухайн үед Pay Pal Японд шинээр нээгдэхдээ асуудалтай тулгарч байсан юм. Долоо хоног бүр тэдний өмгөөлөгч нь үйл явцыг уртасгах, зохицуулалтуудыг олохоор оролддог байв. Энэ хооронд Рэйд Японд харилцаа холбоо сайтай найман найзруугаа залгаад өөрт нь хэн тусалж чадах талаар асуув. Гэтэл гурав нь ижил нэр хэлсэн ба тэр хүн нь Жои Ито гэх хөрөнгө оруулагч, энтрепренёр нэгэн байлаа. Рэйд түүнтэй уулзаж танилцаад нөхцөл байдлынхаа талаар шууд л ярилцав. Дараа нь Ито Pay Pal-ыг вэб сайтаа Япон хэл дээр болговол үйл ажиллагаагаа нэн даруй явуулах боломжтой гэсэн агуулгатай захидлыг Японы санхүүгийн үйлчилгээний агентлагаас авсан нэгэн зөвлөхийг олжээ. Учир нь Англи хэл дээрх вебсайтууд Японд хууль ёсны үйл ажиллагаа явуулахад тооцогддоггүй байсан аж. Удалгүй энэ асуудлаа шийдвэрлэж PayPal Японд гүйлгээгээ хийж эхэлсэн бөгөөд одоо Рэйд, Жои нар нь MIT Media Lab-ийг удирдаж, нөхөрлөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна.
Хэрэв та олонд танигдсан пүүс компанид ажилладаг бол суралцах сүлжээг бий болгоход тань хялбар байх ба одоо байгаа сүлжээгээ өргөжүүлэх эсвэл таны хүсэлтэд хариу өгөх хүмүүсийг уриалан дуудах боломжийг олгож байдаг.
Мөн нөлөө бүхий эрхмүүдтэй ганцаарчлан ярилцах замаар суралцах нь үнэ цэнэтэй зүйл юм. Ийм тохиолдолд хүмүүс ихэвчлэн томоохон бүлэг, онлайн болон бичгээр хуваалцдаггүй нарийн ширийн ажиглалтуудаа зөвлөн санал болгодог. Мөн ярилцлагаар дамжуулан суралцах нь таны асуултад тулгуурладаг тул өөрийн түвшиндээ тааруулж болдог.
Стэнфордын багш Брайн Чэски "Хэрэв чи зөв эх сурвалжийг олсон бол бүх зүйлийг унших шаардлагагүй" гэж суралцагсаддаа захидаг нь ч мөн ганцаарчлан суралцахуйтай холбогдох нэгэн чухал санамж юм. Үүнээс гадна нэрээ тод томруун зарлаагүй мэргэжилтнүүд дэлхий дахинаа олон байдаг. Тиймээс “Зөвхөн алдартай бизнес эрхлэгчид бус бусад бизнес эрхлэгчидтэй ярилц”, “Нэг жил, хоёр жил, таван жилийн өмнөх хүмүүсийг хай. Чи тэднээс олон хэрэгтэй зүйлийг сурч мэдэж болно” хэмээн Dropbox компанийн үүсгэн байгуулагч хэлсэн байдаг.
Харин онлайн курс зарим тохиолдолд ашигтай байж болох юм. Ялангуяа кодчилол гэх мэт техникийн онцлог ур чадварыг суралцахад. Эсвэл гүйцэтгэлийн дүн шинжилгээ хийх гэх мэт удирдлагын үйл ажиллагаанд суралцахад илүү тохиромжтой. Өсвөр насны зарим хүүхдүүд компьютер анимэйшн, видео тоглоомын дизайны ур чадвараа хөгжүүлэхийн тулд онлайн хичээл авдаг бөгөөд тэр нь маш үр дүнтэй байдаг талаар олон баримт туршлагууд байдаг. Тэд унтлагынхаа өрөөнөөс ч гаралгүйгээр үүнд суралцаж чадна. Иймэрхүү төрлийн онлайн сургалтууд ямар ч удирдагчийн “багаж” нь байж чадна.
Албан ёсны боловсролын тогтолцоонд мэдлэгийг амьдралын тодорхой үе шатанд олж авсан үл хөдлөх хөрөнгө гэж үздэг. Гэтэл бодит байдал дээр мэдлэг нь байнга өөрчлөгддөг бөгөөд өөрчлөгдөн шинэчлэгдэх хэрэгцээ шаардлага ч үргэлж гарч байна. Иймээс сайн удирдагчид хэзээ ч суралцахаа зогсоолгүйгээр мэдлэг мэдээллийг өөртөө үргэлж шингээн авахыг эрмэлздэг билээ. Тэгвэл сурах хамгийн сайн арга нь ижил төстэй нөхцөл байдалд тулгарч байсан хүмүүст хандах явдал юм. Энэ үед таны хийх ёстой зүйл бол асуулт асуух юм шүү.
Эх сурвалж: hbr.org