Компаниуд бизнесээ өргөжүүлэхийн тулд орчин үеийн бүхий л төрлийн арга технологиудаар дамжуулан хиймэл оюун ухааныг ашиглаж байна.
Хэрэв та өмнө нь Netflix-ээс кино үзэхээр хайлт хийж байсан бол хиймэл оюун ухааны зөвлөмжийн алгоритм нь юу үзэх талаар шийдвэр гаргахад тань эргэлзээгүйгээр ашиглагдсан гэсэн үг.
Хэрэв та Amazon дээр худалдаа хийж байсан бол юу худалдаж авах талаарх шийдвэрт тань хиймэл оюун ухааны холбооны алгоритм нөлөөлсөн.
Харин та хэзээ нэгэн цагт Uber захиалж байсан бол хиймэл оюун ухааны байршлын алгоритм таны ойр орчмын машиныг тантай холбож өгсөн.
Мөн та амралт аяллын талаар бодож байсан бөгөөд таны хайлтын хуудас эсвэл мэйлийн самбарт гэнэт гарч ирэх юм бол энэ нь онлайн үйл ажиллагаанд хяналт тавих хиймэл оюун ухааны ангиллын алгоритм дээр үндэслэсэн.
Хиймэл оюун ухааны эдгээр төрлийн алгоритмууд нь компанийн шийдвэр гаргах үйл явцыг сайжруулахад ашиглагддаг бөгөөд бизнесийн таамаглалыг илүү сайн болгоход тусалдаг.
Тэгвэл дараах таван чиглэлд хиймэл оюун ухаан ашиглагдах нь борлуулалтыг нэмэгдүүлэхэд туслах замаар бизнесийг тань сайжруулж чадна.
Үйлчлүүлэгчдэд ямар хөнгөлөлт үзүүлэхийг шийдэх нь үргэлж төвөгтэй байдаг. Та ширээн дээр мөнгө үлдээхийг хүсэхгүй байгаа ч хэлэлцээр дээр ялахыг хүсэж байгаа.Тэгвэл өнөө үед хиймэл оюун ухааны алгоритм нь хамгийн боломжит хөнгөлөлтийн хувь хэмжээг танд хэлж өгч чадна. Учир нь таны өнгөрсөнд алдсан эсвэл хожсон бүх хэлэлцээрийн онцлогуудыг харж хамгийн тохиромжтой хөнгөлөлтийн хувийг санал болгох юм. Ингэснээр та аливаа гэрээ хэлэлцээрт ялах боломжтой.
Үүнд дараах зүйлсийг харгалзан үздэг: долларын ханштай харьцуулсан гэрээний дүн, бүтээгдэхүүний техникийн шаардлага, өрсөлдөгчийн тоо, компанийн хэмжээ, нутаг дэвсгэр /бүс нутаг, үйлчлүүлэгчийн салбар, үйлчлүүлэгчийн жилийн орлого, улсын эсвэл хувийн компани эсэх, шийдвэр гаргагчдын оролцоо, цаг хугацаа, шинэ эсвэл одоо байгаа үйлчлүүлэгч гэх мэт.
Борлуулалтын менежерүүд улирал бүрийн хэдийд нийт борлуулалтын тоо нь буурахыг урьдчилан таамаглах хэцүү сорилттой тулгардаг. Харин хиймэл оюун ухааны алгоритм ашигласнаар менежерүүд дараагийн улирлын орлогоо өндөр нарийвчлалтайгаар таамаглаж чадна. Энэ нь эргээд компанид үйл ажиллагаа, бараа материал, нөөцийн менежментийг сайжруулахад тусах болно.
Орлогоо нэмэгдүүлэх хамгийн хурдан бөгөөд хамгийн хэмнэлттэй арга зам бол одоо байгаа үйлчлүүлэгчиддээ илүү ихийг зарж борлуулах явдал билээ. Чухамдаа сая долларын асуулт бол “Хэн ахиу худалдан авалт хийх өндөр магадлалтай вэ?“ гэдэг л юм. Та худалдан авалт хийхийг хүсэхгүй байгаа хүмүүст маркетинг хийн маш их мөнгө зарлагаддаг байж болох юм. Нөгөөтэйгүүр одоогийн үйлчлүүлэгчид тань эзэмшдэг зүйлийнхээ илүү сайн хувилбарыг худалдаж авах магадлалтай эсэхийг /UPSELL/ эсвэл цоо шинэ бүтээгдэхүүнийг бүхэлд нь санал болгохыг хүсдэг эсэхийг /CROSS-SELL/ тодорхойлоход хиймэл оюун ухааны алгоритм танд тусална. Энэ нь орлого нэмэгдэх, маркетингийн зардлыг бууруулахад нөлөөлнө.
Боломжит худалдан авагчтай, борлуулах шугам сайтай борлуулагчид тухайн сарын юм уу улирлын борлуулалтын нормоо биелүүлэхийн тулд хаана фокуслаж хэзээ хаалт хийх талаар өдрийн дотор эсвэл цагийн дотор шийдвэр гаргаж чаддаг. Ихэнх тохиолдолд шийдвэр гаргах энэхүү үйл явц нь зөн билэг, мэдрэмжээр юм уу бүрэн бус мэдээлэл дээр үндэслэсэн байдаг. Харин хиймэл оюун ухааны алгоритм нь үйлчлүүлэгчийн талаарх түүхэн мэдээлэл, тэдний нийгмийн сүлжээний нийтлэлүүд болон борлуулагч үйлчлүүлэгчийн харилцан хамаарлын түүх, мэйл, мессеж зэрэгт үндэслэн амжилттай хаагдах магадлалын дагуу дамжуулах шугамд эрэмбэлдэг.
Борлуулалтын менежерүүд борлуулалтаа өсгөх шаардлагатай эсэхээ сар бүр үнэлэх хэрэгтэй болдог. Тэгвэл хиймэл оюун ухааныг ашигласнаар борлуулалтын менежерүүд ямар төрлийн борлуулалтыг хаах, квотынхоо хэмжээнд хүрэх боломж хэр байгаа зэргийг тооцох боломжтой. Ингэснээр менежерүүдэд гол гол корпораци болон холбогдох хэлэлцээрүүдэд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгож, квотдоо хүрэхэд нь тусална.
Дээрх таван жишээнд цуглуулсан өгөгдлийн тоо хэмжээ, ашигласан алгоритм нь илүү зөв зүйтэй таамаглал өгөх чадамжтай байдаг. Энэ нь нэг ёсондоо түлхүүр юм. Аливаа таамаглалын үнэ цэнэ нь компанийн хамгийн доод түвшинг дээшлүүлэхийн тулд худалдагчийн эсвэл менежерийн зан байдлыг удирдан чиглүүлэхэд ашиглагддаг.
Хэрэв та өөрийн борлуулалтын багтаа хиймэл оюун ухааны хүчин чадлыг ашиглахыг хүсвэл хаанаас эхлэх хэрэгтэй вэ?
Эхлээд хэрэглэгчийн бүрэн дүр зургийг харахын тулд компанийн дотоод бааз дахь хэрэглэгчийн өгөгдлийн төрлүүдийг тодорхойл.
Жишээлбэл, борлуулалтын хэлтэс худалдан авалтын түүхэн өгөгдөлтэй бол маркетингийн хэлтэст вэбсайтын анализ, сурталчилгааны кампанит ажил (ж.нь, харилцагчдаас авсан хариулт) байдаг.
Эдгээр өгөгдлийн багцыг хослуулах нь танай санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг хэн илүү хүлээж авах талаар илүү сайн таамаглал гаргах боломжийг хиймэл оюун ухааны алгоритмд олгодог. Мөн энэхүү өгөгдлийн багцуудаа хэрэглэгчийн харилцааны менежментийн платформтой хослуулан бүх харилцагчийн гүйлгээ, харилцан үйлчлэлд зориулан хэрэглэх хэрэгтэй.
Аливаа компанийн хувьд ямарваа нэг сорилт нь орлогоо нэмэгдүүлэх, зардлыг бууруулж, зах зээлд эзлэх байр сууриа өсгөх шинэ арга замыг эрэлхийлж, эрсдэлийг багасгах боломж олгож байдаг.
Өгөгдлийг олж авах, дүн шинжилгээ хийх, арга хэмжээ авах чадвартай компаниуд илүү их борлуулалт хийж байна. Тэгвэл та одоо байгаа мэдээллийн сандаа тулгуурлан хиймэл оюун ухааныг шинэ боломж болгон ашиглаж чадвал зах зээлд тэргүүлэгч компанийг бий болгож чадна. Нэг ёсондоо үүнийг шинэ төрлийн газрын тос гэж ойлгох хэрэгтэй юм шүү.