Мастерын дипломоос ч илүү үнэ цэнэтэй TED-ийн 10 лекц



Өнөөгийн бизнесийн бүх л түвшинд маш олон удирдагч, манлайлагч нар шинээр төрөн гарч ирж байна. Гэхдээ сайн удирдагч байна гэдэг менежментийн сургуульд явснаар л шийдэгдчихдэг хялбар асуудал биш. Өөрөө өөртөө зөв байна гэдэг сайн удирдагчийн шинж бөгөөд ажил дээрээ нөлөө бүхий шинэ арга барилыг нэвтрүүлж чадна гэсэн үг юм. Тиймээс “Бизнесийн удирдлагын мастер”-ын хөтөлбөрт суралцаад ч олж авч чадахгүй үнэ цэнэтэй мэдлэгийг танд өгөх TED-ын 10 лекцийг хүргэж байна.


1. Карол Двек: Өсч хөгжинө гэдэгтээ итгэх хүч

Өөрийнхөө чадварыг чөлөөлж, өсөн дэвжих сэтгэлгээндээ захирагд. Өөрийгөө хэрхэн хөгжүүлж, өсч дэвжих зүг рүү нь зөв чиглүүлэх тухайгаа л бодоорой. Энэ нь урам зориг, амжилтад хүрэх чадварыг нэмэгдүүлж байдаг. Чарли Реевийн сэтгэлгээний талаарх нэгэн лекцэд өсч дэвжих сэтгэлгээтэй ажилчид мэргэжлийн болон хувийн ертөнцдөө маш чадамгай хөгжиж, дасан зохицож байгаа тухай дурдсан байдаг. Ийм төрлийн хүмүүс өөрсдийнх нь авьяас болон ирээдүй нь урьдаас тооцоологдоогүй байдаг гэдэгт итгэдэг.




2. Сэм Ричардс: Та бусдын зовлонг ойлгодог уу?

Бусдын оронд өөрийгөө тавьж үздэг байх нь зөвхөн сайн хүний бус сайн удирдагчийн шинж юм шүү дээ. Энэ нь биднийг ажилчид, удирдлага болон хамтран ажиллагчаа ойлгож, тэдэнтэй хэрхэн илүү сайхан харилцах боломжтой болохыг ойлгоход тусалж байдаг байна. Уг чанарыг бүү дутуу үнэл.




3. Ангела Ли Дакворт: Амжилтад хүрэх түлхүүр бол Хатуужил

Дакворт хатуужил гэдгийг “урт хугацааны зорилгынхоо төлөө тэвчээр гаргаж, үүндээ тэмүүлэх явдал” гэж тодорхойлсон байдаг. Хатуужил гэдэг бидний одоо ч сайн мэддэггүй биет бус ухагдахуун юм. Гэхдээ бид “хатуужилтай байснаар л илүү амжилтад хүрнэ” гэдгийг ойлгож байдаг. Харин энэ нь амьдралынхаа зорилгыг олж, үүнийхээ төлөө өөрийгөө зориулах өөр нэгэн чухал шалтгаан болж байдаг байна.




4. Шрикумар Рао: Өөрийнхөө аз жаргалтай холбо

Шрикумар Раогоос суралцах нэг чухал зүйл бол өөрийн тууштай болон баяр баясгалантай зангаа үргэлж л тодотгож байх хэрэгтэй гэдэг юм. Тэрээр аз жаргалын “хэрвээ тэгсэн бол” гэсэн загвар бидний одоогийн аз жаргалыг хэрхэн бусниулж байдаг тухай уг лекцэндээ өгүүлсэн. Аз жаргал гэдэг бидэнтэй үргэлж л нягт холбоотой байдаг бөгөөд бидний бодож, төсөөлж байдгаас хялбар зүйл аж. Хэрвээ та одоо аз жаргалтай байгаа бол ажил, амьдрал тань хэр байгаа тухай бодоод нэг үзээрэй.




5. Дэвид Маркет: Ухаалаг удирдагч бусдад хэрхэн үйлчилдэг вэ?

Дэвид Маркуетын лекцээс та хэзээ ч хэрэгжихгүй тушаал өгдөг хуучны удирдах хэв маягаа эргэн нэг харах хэрэгтэй болсон гэдгээ олж мэдэх болно. Та би л бүгдийг мэднэ, удирдах ажил гэдэг бусдад юу хийхийг нь заах юм гэдэг бодлоо таягдан хаях хэрэгтэй. Энэхүү хахир, хатуу аргаа хаяж чадвал баг тань таныг маш шинэлэг, бүтээлч санаануудаар гайхшруулах болно.




6. Рамсей Мусаллам: Урам зориг өгөхөд суралцах 3 дүрэм

Өөрчлөгдөн буй бизнесийн ертөнцөд амжилтад хүрэхэд инноваци гэдэг шийдвэрлэх хүчин зүйл болжээ. Амжилтын оргилд тугаа намируулахыг хүсч л байгаа бол бүтээлч, асуудлыг шийдвэрлэх оролдлогуудыг хийсээр л байх хэрэгтэй.

Цааш нь ургуулан бодож чаддаг ухаан зөвхөн сониуч, өөрийгөө тухайн орчиндоо тухтай байлгаж чаддаг, ажил хэрэгч хүмүүсээс л гарч ирдэг юм. Рамсей өөрийн лекцээрээ сониуч зан, туршилт хийх дуртай байдал нь хэр хүчирхэг, үр өгөөжтэй үр дүнд хүргэдгийг харуулсан байна.




7. Линда Клиатт-Вэйман: Эвдэрсэн сургуулийг хэрхэн засварлах вэ? Аймшиггүйгээр удирдаж, маш ихээр хайрла.

Линдачин сэтгэлээсээ анхаарал тавина гэж юу гэсэн утгатай үг болохыг өөрийн биеэр харуулж чадсан хүн. Анхаарал халамж тавина гэдэг нь тогтсон журмыг нурааж, хүн нэг бүрийн төлөө хувиршгүй байхыг хэлнэ. Жинхэнэ агуу удирдагч байгууллага, сургууль, гэр бүлийнхээ гишүүн бүрд анхаарал тавьж чаддаг.




8. Майк Брэди болон Дион Дрю: Хөдөлмөрийн чадваргүй хүнийг ажилд авах

Тэд нарийн боовны цехдээ “ажилд авахад нээлттэй” гэсэн бодлогыг баримтлан ажилладаг. Энэ нь хэн ч байсан ажилд орж болно гэсэн утгатай аж. Уг лекц дээр тэдний нэгэн ажилтан бэйкери түүний амьдралыг хэрхэн өөрчилсөн тухайгаа ярьж өгсөн юм. Түүний түүх гайхалтай боломжтой таарч, үүнийгээ маш чадамгай ашиглаж чадсан хүний түүх байлаа. Түүнчлэн бурхнаас заяасан, олж эзэмшсэн бүхий л чадвараа тултал нь ашиглаж чаддаг хүний жишээ байсан юм.




9. Брене Браунн: Эмзэг байдлын хүч

Эмзэг байх нь маш их нөлөөтэй. Илүү гайхалтай харилцаа, үнэлэмжийг бий болгож байдаг. Хэрвээ түншүүдийн маань нэг нь ажлын талбар дээр өөрийнхөө эмзэг байдлыг харуулж, нээх л юм бол бидний амжилт баталгаажлаа л гэж би ойлгодог.




10. Ив Мориөз: Ажлын хэт олон дүрмүүд ажлаа хийж дуусгахад тань хэрхэн саад болдог вэ?

Энэ бол нийгмийн улиг болсон хэмжүүр, үйл явцууд бидний бүтээмжид хэрхэн сөргөөр нөлөөлж байдаг тухай гайхалтай лекц. Хүн төрөлхтний бүтээлч, шинийг эрэлхийлэх чанар энэ хатуу системд хэзээ ч хөгжин, цэцэглэдэггүй. Бид илүү эрх чөлөөтэй, хамтын ажил дээр суурилсан ажлын талбарыг бий болгох хэрэгтэй.




Энэхүү нийтлэлийг ЭмЭлСи Трейнинг компанийн ажилтан О.Намуун

англи хэлнээс орчуулан бэлтгэв.