Хэрхэн ажилдаа дурлах вэ?

2021/10/27 Админ 3706 0 сэтгэгдэл

 

Дуртай ажлаа хийх үү? Хийж байгаа ажилдаа дурлах уу? Эсвэл дургүй ч гэсэн хийсээр байх уу?

Мэдээж та шууд л дуртай ажлаа хийнэ гэж хариулах байх. Гэтэл амьдрал дээр бид дандаа дуртай ажлаа хийгээд байх боломж тэр болгон байдаггүй.

Хамгийн сонирхолтой ажлаас ч уйдах үе бий. Нэг л зүйлээ ахин дахин хийж, нэг л албан тасалгаанд сууж, өдөр бүр уулздаг хамт ажиллагсад таныг нэг л хайрцагт оруулсан мэт санагдана. Хэрэв танд ийм зүйл тохиолдсон бол хэрхэн учрыг нь ойлгож, энэ байдлаас гарах вэ? Эргээд ажилдаа сонирхолтой болохын тулд та юу хийж чадах вэ? Цаг зуурын уналт уу эсвэл ажлаасаа гарах цаг болсон уу гэдэг нарийн ялгааг яаж мэдэх вэ?

Мэргэжилтнүүдийн зөвлөгөө

“Энэ нөхцөлд хамгийн хэцүү нэг зүйл бол та өөрийгөө тэр хайрцагт орсон гэдгээ хүлээн зөвшөөрөх явдал” гэж технологийн энтрепренер, “Тэмүүлэл ба зорилго: Хамгийн шилдэг, ухаалаг, залуухан бизнесийн удирдагчдын түүхүүд” номын зохиолч Даниел Гулати хэлжээ. Бид аз жаргалгүй, сэтгэл дундуур байж, эсвэл хэт их санаа зовж, бага зэрэг хүндрэлтэй санагдахад л бүхнийг орхих хандлагатай байдаг. “Ажил бидний нэг хэсэг мэт байдгаас бид бүгд зүлгүүрдүүлж байх шиг санагддаг. Гэхдээ өдөр тутмын ажлаас маань бидэнд өгдөг баяр баяслыг мэдэрч, ажлаа хийх бүртээ илүү баяртай байх арга зам олох хэрэгтэй” хэмээн Мичиганы Их Сургуулийн бизнесийн удирдлагын багш Гречен Спрейтзер хэлжээ.

Ажиллах сонирхлоо ийнхүү сэргээгээрэй.

Ажилдаа хандах хандлагаа өөрчлөх

Явц бус үр дүнд төвлөрөөрэй. Анхнаасаа л энэ таскыг би хийх дургүй, эсвэл яасан хэцүү юм бэ? Гэдэг бодлоор эхлэх төдийд л ажлаасаа дарамтыг мэдэрч эхэлдэг. Хэдий тухайн ажил төвөгтэй байсан ч та байнга шинэ зүйл, шинэ ур чадварыг эзэмшиж байдгийг санаарай. Тиймээс ажлаа эхлэхээсээ өмнө ажилдаа хандах хандлагаа өөрчилж, эерэг мүүд дээр тавьснаар танд мэдрэгдэхүйц өөрчлөлт гарах болно.

Арга хэмжээ авах

Зарим хүмүүс уналтын үе аяндаа дуусна, эсвэл өөрөө юу ч хийж чадахгүй гэж эндүүрдэг. Та хойш суугаад асуудал өөрчлөгдөнө гэж найдах хэрэггүй. Таны өдөр тутмын ажил дахь жижиг өөрчлөлтүүд ч томоохон өөрчлөлт авчрах боломжтой. Бага багаар арга хэмжээ авч, аажуухан хөдлөх хэрэгтэй. Дийлэнх хүмүүс сэтгэл дундуур байдлаас сэтгэл ханамжтай, туйлын сэтгэл ханамжтай нэгэн болох уялдаа холбоотой, үндэслэлтэй стратегиар дутмаг байх нь бий. Гэхдээ таны ажлыг сайжруулж болох зарим зүйлийн талаар бодол санаагаа нэгтгэхэд л эерэг нөлөө гарах хандлагатай байдаг.

Хийх дуртай зүйлийнхээ талаар бодож үзэх...

Хэдэн цаг тутамд ажлын оролцоо, эрч хүч дүүрэн байдгаа мэдэхэд хэдэн өдрийг зарцуулаарай. Ингэснээр хүмүүс өдрийн аль үед нь хамгийн оргил хэсэгтээ хүрч, аль үед нь хамгийн доод цэгтээ очдог, хэзээ хамгийн бүтээлч байж, ажилдаа төвлөрдөг, хэзээнээс идэвх нь багасч, эрч хүч нь буурдгийг тодорхой анзаардаг. Бид ажлынхаа хамгийн таагүй зүйлд хэт ач холбогдол өгснөөр байдал улам дорддог.

“Таагүй зүйлсийн оронд таны сэтгэлийг татаж, ажилдаа төвлөрөхөд тусалдаг зүйлсийг олох хэрэгтэй”

... Бас та юуг сайн хийдэг вэ?

Та юуг сайн хийдэг, юу таныг жаргалтай болгодог, бас хүмүүс танаас ямар тусламж хүсдэг зэргийн хооронд бодит харилцан хамаарал байдаг. Хэрэв та өөрийн чадах зүйлдээ тийм ч итгэлтэй биш, эсвэл дуртай зүйлээ олох гэж тэмцэж байгаа бол хүмүүс, мэргэжилтнүүд болон ямар төрлийн ажил үүрэгт таны тусламж хэрэгцээтэй байгааг анзаараарай. Тэр ажил танд таалагдвал тийм тэр төрлийн ажилд илүү нухацтай хандаж, анхаарлаа төвлөрүүлэх зэргээр өөрчилж болно.

Мөрөөдлийн хамт олноо бий болгох

Та ямар хамт олонтой ажилламаар байна. Та өөрөө л тийм нэгэн байхыг хичээгээрэй. Хүн бүр л нээлттэй харилцаатай, бие биенээ дэмждэг, сонсдог, найрсаг сайхан хамт олонтой байхыг хүсдэг. Хамт олныхоо үг үйлдлийг өөнтөглөх бус нөгөө хүний байр суурьнаас хандаж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлээд үзээрэй. Багаар ажиллах дүрмээ тохирч, багийн гишүүн бүр дүрмээ баримталснаар хамт олны уур амьсгал сайжирч, ажлын гүйцэтгэл нэмэгддэг.

Ажлын орчноо бүтээлчээр өөрчил

Ажлын байран дээр таньд урам зориг өгдөг, баяр баясал нэмэгч зүйлүүдийг байршуулаарай. Та юунд идэвхэждэг вэ? юунд дуртай вэ? тэр зүйлүүдээрээ орчноо тохижуулаарай. Жишээ нь: Хайртай хүмүүсийн зураг, урам авдаг афоризм, дуртай үнэртүүлэгч, дуртай хөл бөмбөгчний зураг гэх мэт... Эд зүйлсээ хайрла, тогтмол цэвэрлэж хэвшээрэй. Эмх цэгцтэй бүтээлч ажлын орчинд таны ажлаас мэдрэх мэдрэмж эрс сайжирдаг тухай олон судалгаа байдгийг дурдах нь илүүц бизээ.

Та өнөөдрийн амьдралын үр дүн, ажлынхаа карьерыг ТА л бүтээсэн. Тиймээс хүлээн зөвшөөрөгдсөн, ажилдаа сэтгэл ханамжтай нэгэн болоход та л өөрөө нөлөөлж чадна. Амжилт хүсье.

“АЖИЛДАА ДУРЛАХ НЬ” хичээлийн агуулгаас...

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/20
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.