Хүний нөөцийг шинээр бүтээх нь

2020/01/06 Админ 3967 0 сэтгэгдэл

 

ИРЭЭДҮЙН АЖИЛЛАХ ХҮЧНИЙГ УДИРДАХ ГУРВАН АРГА ЗАМ

Уян хатан арга барил олох нь

Ажиллах хүчнээ ирээдүйд бэлдэж хөгжүүлэх нь өнөөгийн бизнес удирдагчдын тэргүүлэх зорилго болоод байна. Зохих ур чадвартай, зохих ажилтнуудгүй бол байгууллагууд  өнөөгийн дижиталжсан ертөнцөд ялгарах, өрсөлдөхөд амаргүй болж байна. Accenture компанийн стратегийн зөвлөх үйлчилгээний албанаас хийсэн судалгаагаар дээд түвшний удирдах ажилтнуудын 41 хувь нь ирэх 12 сарын хугацаанд ур чадвартай ажилтнуудыг татах, тогтоон барих явдал хамгийн гол асуудал байна гэжээ. Дижитал түйвээлт (digital disruption)-ийн улмаас үүссэн “шинэ хэв хэмжээ” (new normal)-нд дасан зохицох, хүний нөөцийн ажил үүргийн өөрчлөгдөж буй шаардлагуудад нийцэхийн тулд хүний нөөцийн удирдагчид хүний нөөцийн үйлчилгээ (HR services) үзүүлэх арга замаа цоо шинээр бүтээх ёстой болоод байна.

Хүний нөөцийн алба байгууллага ур чадвартай ажилтнуудаа үр нөлөөтэй удирдахад тулгуур эрхтэн мэт чухал ч хүний нөөцийн процессууд нь хүний оролцоо, эрсдэл, дүрэм журам ихтэй байдаг. Хүний нөөцийн удирдагчид ажиллах хүчнээ ирээдүйд сайтар бэлдэхийн тулд дижитал технологийг санаачлагатай нэвтрүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааны чадавхиа нэмэгдүүлэхийн тулд бусадтай санаачлагатайгаар түншлэх, датагаа сайн удирдах гэсэн гурван зүйлийг гол зорилтууд болгох хэрэгтэй юм.

Дижитал технологийг санаачлагатай нэвтрүүл

Дижитал технологиуд хүний нөөцийн функцийг эрс өөрчилж байна. Хүний нөөц гэсэн талбарын хил хязгаар өөрчлөгдөж, хүний нөөцийн өдөр тутмын ажлуудыг удирдах байдал маш уян хатан, шаламгай, бизнестэйгээ сайтар уялдсан болж байна. Ур чадвартай ажилтныг татах, хөгжүүлэх, тогтоон барих нь зөвхөн хүний нөөцийн ажил биш болсон. Дижитал технологийн нөлөөгөөр хуучин нэг алба, нэгжийн гүйцэтгэдэг байсан процессууд байгууллагын ажил болж, ажилтан, менежерүүд олон функцийг гүйцэтгэдэг болсон. 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт 14.2 их наяд америк доллар нэмэгдүүлэх тооцоотой юмсын интернэт (IoT) л гэхэд ажиллах хүчний өдөр тутмын ажилд тус нэмэр болдог болж байна. Ажилтан утасгүй, олон төрлийн хий мэдрэгчтэй шил зүүснээр хорт хийд хордохоос сэргийлэх, үйлдвэрийн менежер ажилтнуудынхаа биеийн байдал, байршил, аюулгүй байдлыг харж байх зэргээр баяжуулсан бодит байдлын (AR) технологи ч ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулж байна. Фермерүүд авах ургацаа нэмэгдүүлэхийн тулд тариа, бордоо болон бусад олон хүчин зүйлсийн талаарх мэдээлэл цуглуулж, оношлогоо хийх зэргээр ажил олгогчдод ч дижитал технологи ихээхэн туслаж байна.

Хүний нөөцийн функц ч үүнд дасан зохицож, урагш хардаг, санаачлагатай ажиллах хүчнийг хөгжүүлэх хэрэгтэй юм. Accenture компанийн стратегийн зөвлөх үйлчилгээний албаны хийсэн судалгаагаар ажил олгогчдоосоо илүүгээр ажилтнууд дижитал технологид илүү бэлэн байгаа нь тодорхой болсон. Ажилтнуудын 64% нь урагш харж, шинэ дижитал ур чадвар сурч байна гэсэн бол 62% нь хэрэгтэй болох магадлалтай ур чадваруудыг судалж байна гэсэн. Гэтэл ажил олгогчдын 66% нь ажиллах хүчнийхээ ур чадвар болон ажлын хольцыг (job mix) дижиталд шилжүүлэхэд огт бэлтгэлгүй буюу маш бага бэлтгэлтэй гэж хариулжээ.

Дижитал технологи ердийн зүйл мэт болж байна. Хүний нөөцийн шилдэг албад дижитал технологийг бүрэн нэвтрүүлж, хүний нөөцийн үйлчилгээнүүдийг хүргэх шинэ арга замуудыг бий болгож, ур чадварын менежментээ илүү ардчилсан болгож, маркетингийн алба шиг ажилладаг болж байна. Өдөр тутмын дахин дахин хийдэг процесс, захиргааны ажлуудад зарцуулдаг цаг багассанаар хүний нөөцийн захирлууд өөр ажлууд хийх цагтай болж байна.

Санаачлагатайгаар түншил

Дижитал технологиуд ажиллах хүчин ирээдүйд бэлэн болоход туслах цорын ганц зам биш юм. Бусадтай түншлэх шинэ сэтгэлгээг хэвшүүлэх нь хүний нөөцийн функцид ихээхэн туслана. Ажиллах хүчин уян хатан болох, өргөжихийн хэрээр хүний нөөцийн албад хүмүүсийг мэдээлэлтэй шийдвэр гаргахад туслах шинэ арга зам олох, өгөгдлүүдийг автоматаар шалгах замаар зардлыг бага байлгах, хүмүүсийн эмзэг мэдээллийг хандах эрхгүй хүмүүст үзүүлэхээс сэргийлэх ёстой болно. Олон янзын хүмүүсээс бүрдсэн хүмүүсийг өргөн цар хүрээнд удирдахын тулд хүний нөөцийнхөн бусдаас зожгирч суух цаггүй болж, хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллага дотроо бүхнийг төвлөрүүлэн хянаж зардал гаргахгүй байх шийдэл гаднаас хайх ёстой болно. Дижитал тоглогчдын харуулсанчлан түншүүдийн бичил орчин бий болгох нь бизнес хийх шинэ арга зам юм.

Түншүүдийн бичил орчин нь байгууллагын нөөц сурвалжийн санг экспоненциаль байдлаар нэмэгдүүлдэг. Өсөх потенциалтай байх нь бүтээмжийг эрс дээшлүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү хурдан гаргах боломжийг нэмэгдүүлдэг. Платформд суурилсан эдийн засаг хурдан өсч байгаа нь сайн түншлэлийн санхүүгийн болон өрсөлдөөний үр ашиг их байдгийг харуулж байна. Платформ өсөх нь сүлжээний хүчний нөлөө (power of network effect) буюу зах зээлд олон хэрэглэгчийг дагаад олон худалдаачин орж ирсэнээр улам олон оролцогчтой болох байдлаас хамаардаг. Fortune 500-ийн компаниуд бараг хорин жилийн дотор нэг тэрбум долларын үнэлгээнд хүрдэг байсан атал өдгөө амжилттай гарааны бизнесүүд дөрөвхөн жилийн дотор тэгдэг болсон нь платформоос болдог.

Хуваалцах эдийн засгийн нөхцөлд түншлэл суурь зүйл юм. Үүлэн тооцооллын уян хатан, өргөжүүлж болох шийдэл авсан хүний нөөцийн албад түншлэлийн асар их өгөөжийг хүртэж байна. SAP Hana Cloud Platform гэх мэт шийдэл ашигласнаар хүний нөөцийн удирдагчид хүмүүн капиталын менежментэд тулгардаг бэрхшээлүүдээ даван туулаад зогсохгүй мобайл, хамтын ажиллагаа, их өгөгдөл, аналитикийн үйлчилгээнүүд авч, инновацлаг байдлаар ажилладаг. Үүлэн технологи учир тогтмол нэмэгдэх шинэ функц, контентуудыг байнга авч, хүний нөөцийн алба ашиг тусыг нь хүртсэнээр байгууллагад ихээхэн тустай болдог.

Датагаа удирд

Амжилттай яваа байгууллагад инновац амин чухал ч хүний нөөцийн өдөр тутмын функциүдээ сайн гүйцэтгэх нь түүнээс дутуугүй чухал байдаг. Байшингийнхаа хаалгыг шинээр сольсон ч түүнийг түгжиж байж үр ашиг нь гарна. Хүний нөөцийн мэргэжилтнүүд “айхавтар хамааралгүй атлаа интеграц сайн хийж болохуйц” шийдлийг хайх хэрэгтэй. Дата үүсгэдэг хэрэглээний программын тоо улам нэмэгдэж, олон эх үүсвэрээс дата орж ирдэг болсон учир түүнийг хувиргах, цэгцлэх, үнэн зөвийг шалгах, хянах зэргээр үр нөлөөтэй удирдах нь маш чухал болсон.

Хүний нөөцийн албад өдөр тутамд Excel хүснэгт, Access-ын мэдээллийн бааз, SAP ERP систем гэх мэтээр маш олон программ ажиллуулж, маш их дата үүсгэж байдаг. Дата өөрсдийн серверт байлаа ч, үүлэнд байлаа ч түүнийг чанартай байлгах, үр ашигтайгаар хөрвүүлэх, үнэн зөв тестлэх зэрэг дата менежментийн ажлууд адилхан хийгддэг.

Бусад шийдлүүдийн адилаар бүх байгууллагад тохирох шийдэл байдаггүй бөгөөд байгууллага өөрсдийн хүний нөөцийн үйл ажиллагаанд тохируулах хэрэгтэй юм. Хүний нөөцийн ажил үүргийн нэг чухал хэсэг нь ажилтнуудтай холбоотой бичиг баримт боловсруулах байдаг бөгөөд хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 82% нь ийм нэг баримт боловсруулахад 30 минутаас дээш хугацааг зарцуулдаг.

Сонгох эрх

Ажиллах хүчнээ ирээдүйд бэлтгэх нь байгууллагаас хүний нөөцийн үйлчилгээнүүдээ (HR services) шинээр бүтээх буюу өөрсдөө дижитал түйвээгч (digital disruptor) байх, түншүүдийн экосистем бий болгох, датагаа сайн удирдахыг шаарддаг.  Хүний нөөцийн албаа “шинэ хэв хэмжээ”-нд оруулахад шаардлагатай цар хүрээ, далайц, уян хатан байдалд үүлэн технологи ихээхэн тохирдог.

Гэтэл хүний нөөцийн албад мэдээллийн аюулгүй байдлын улмаас гэхээсээ өөрсөддөө тохирсон хувилбарыг сонгохоос залхуурсанаар үүлэн технологид хойрго ханддаг. Хүний нөөцийн албад хүмүүн капиталын менежмент хийхдээ ашигладагтайгаа яг ижилхэн үүлэнд суурилсан аппликэйшнүүдийг ашигласнаар бүтээмж, өсөлт, гүйцэтгэлээ нэмэгдүүлж, ажиллах хүчнээ ирээдүйд илүү сайн бэлтгэх боломжтой юм.

Дэлгэрэнгүйг Digital HR хөтөлбөрөөс ...


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/18
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.