Өндөр гүйцэтгэлтэй борлуулалтын албаны нууцаас

2019/11/05 Админ 572 0 сэтгэгдэл

     Борлуулалтын зөвлөх үйлчилгээний RAIN Group 5 тивийн 10 орны 5000 хүнтэй дараах судалгааг хийжээ. Тэд энэхүү судалгаандаа

Байгууллагын хүчин зүйлд хамаарах: борлуулалтын стратеги, албаны бүтэц, үйл ажиллагаа, дэмжлэг

Хувь хүний хүчин зүйлд хамаарах: сэдэлжүүлэлт, чадавх, сургалт, ур чадварын менежмент

гэсэн “Борлуулалтын гүйцэтгэлийн тойрог”-ийн 8 категорид хуваасан асуулгыг ашигласан байна. Ингээд ажилтнуудыг өөрсдийн байгууллагаа категори тус бүрд 1-5 оноогоор үнэлүүлж, холбогдох асуултуудыг бөглүүлэх замаар компаниудын “Өндөр” болон “Тааруу”  борлуулалтын албадыг харьцуулжээ.

Тэдний судалгаанд үндэслэсэн категори тус бүрийн гол дүгнэлтүүд танай байгууллагыг борлуулалтын өндөр гүйцэтгэлтэй болоход тусална.

Энэ удаад байгууллагад хамаарах хүчин зүйлсийн талаар авч үзье.

"БОРЛУУЛАЛТЫН СТРАТЕГИ"

Энэ талбар нь байгууллагын зах зээлд баримтлах ерөнхий стратеги, чухал зорилтууд, үнэ, удирдлагын багийн үр нөлөө зэргийг онцолдог.

Судалгааны дүгнэлтээс онцолбол:

Байгууллагын удирдлагууд борлуулалтын гүйцэтгэлийг сайжруулахад анхаарч хөрөнгө оруулах нь томоохон өөрчлөлт гаргадаг болох нь батлагдсан.

Шинэ хэрэглэгч олж авахаас илүүгээр байгаа хэрэглэгчидтэйгээ бизнес хийх нь 7 дахин зардал багатай, илүү ашигтай байх аж. Энэхүү судалгаагаар байгаа стратегийн харилцагчидтайгаа сайн ажилладаг, өсөлт гаргадаг байгууллагууд бусдаасаа бизнесийн үр дүнгээр илүү байдаг нь харагдсан.

"БОРЛУУЛАЛТЫН АЛБАНЫ БҮТЭЦ"

Энэ нь борлуулалтын албаны хэмжээ, цалин урамшуулал, бүс нутгийн хил хязгаар, харилцагч ба сэжмийн оноолт зэрэгт төвлөрдөг.

Судалгааны дүгнэлтээс онцолбол:

Зөв шалтгаан, зөв арга замаар бүтцийн өөрчлөлт хийх хүсэлтэй удирдагч борлуулалтын багаа “Өндөр гүйцэтгэлтэй” болоход ихээхэн нөлөөлдөг. Учир нь бүтэц борлуулалтад маш их нөлөөтэй.

Жишээлбэл: Харилцагчтай хэл амаа ололцож, борлуулалт хийж чадах ажилтныг гол харилцагчидтай оноодог байх явдал нэн чухал.

"БОРЛУУЛАЛТЫН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА"

Энэ талбар нь өгөгдлийн менежмент, аналитик ба тайлагнал, прогнозчлол, үнэ тогтоох, борлуулалтын норм оноох, хариуцлага шаардах зэргийг онцолдог.

Судалгааны дүгнэлтээс онцолбол:

Мэдээллийн тодорхой байдалд анхаарах: Байгууллагын удирдлагууд үр дүнгээ сайжруулахыг хүсэхдээ хамгийн түрүүнд “Яг одоо байдал ямархуу байна?” гэж асуудаг. Сайн өгөгдөлгүй, юүлүүрийн сайн менежментгүй, тайлагналын механизмгүйгээр сайн үр дүнд хүрэхийн тулд юунд төвлөрөх ёстойгоо мэдэхгүй байх магадлал өндөр.

Үнийн стратегид анхаарах: Үнэ болон урамшууллыг тогтоох, танилцуулах, харилцагчдад ойлгуулах, харьцуулалт болон ялгааг таниулах стратегийг боловсруулснаар борлуулалтын ашигт ихээхэн нөлөөлдөг. Үнэндээ энэ бол өдөр тутмын үйл ажиллагааны шинжтэй асуудал ч гэлээ удирдлагууд үүнийг зөв хийхэд хариуцлагатай ажиллах хэрэгтэй.

Борлуулалтын норм: Зорилгоо хэт доогуур тавьсан бол яах вэ? Тийм зорилгууддаа хүрсэн бол борлуулалтын сайн албатай байгууллага болох уу? Тухайн салбарын компани хоёр дахин өндөр зорилго тавиад талд нь хүрсэн бол муу борлуулалтын албатай байгууллага уу? Үнэнийг хэлэхэд хоёр дахь байгууллага нь илүү сайн гүйцэтгэлтэй юм. Тэд өндөр зорилго тавиад түүндээ хүрдэг.

Үүрэг хариуцлагын тодорхой байдал: Хангалтгүй гүйцэтгэлийг үргэлжлүүлээд байх нь орлого буурахад хүргэж, зардлыг нэмэгдүүлж, байгууллагын соёлд сөргөөр нөлөөлдөг. Энэ талбарыг анхаарах тусам үр дүн, байгууллагын соёл сайжирдаг.

"БОРЛУУЛАЛТЫН АЛБАНЫ ДЭМЖЛЭГ"

Энэ талбар нь борлуулалтын менежмент, көүчинг, борлуулалтын процесс, арга технологиуд, ажилтнуудыг бүрэн нөөц бололцоогоороо ажиллахад туслах хэрэгсэл, нөөц сурвалжуудад төвлөрдөг.

Судалгааны дүгнэлтээс онцолбол:

Өндөр гүйцэтгэл ба борлуулалтын процесс: Өндөр гүйцэтгэлтэй компаниуд борлуулалтын боломжийг удирдах процессоо тодорхойлсон байдаг. Тэр нь ашиглахад хялбар болсон төдийгүй борлуулалтын зааварчилгаатай, нарийвчлан тодорхойлж зааж өгсөн гарын авлагатай байвал процессыг сайн удирддаг аж. Мөн түүнийгээ тогтмол хэмжиж, сайжруулж явдаг бөгөөд борлуулалтын цикл бүрд харгалзах стратеги, тактикийн шилдэг арга барил ашигладаг. Эдгээрийг сахилга баттай баримтлах нь албаны дарга нарын шүүн тунгаах, санаа оноо авах чадварт маш тустай байдаг хэмээжээ.

Өндөр гүйцэтгэл ба борлуулалтын аргазүй: Борлуулалтын арга гэдэг нь борлуулалт хэрхэн хийх вэ гэсэн философи, ур чадваруудын цогц юм. Борлуулалтын процесс, менежмент байлаа ч байгууллагын ажилтнууд өөрсдийн гэсэн борлуулалтын арга барилгүй бол дундаж гүйцэтгэлтэй байдаг.

Өндөр гүйцэтгэл ба харилцагчийн менежмент:  Өндөр гүйцэтгэлтэй компаниуд байгаа харилцагчдаасаа авах өгөөжийг хамгийн өндөр байлгах төлөвшсөн, сайтар тодорхойлсон арга барилтай байдаг. Хийх үйлдэл, тэдгээрийн үр дүнг ч тодорхойлсон байна. Түүнийгээ ашиглахад хялбар болгож тэдгээрийг байнга хэмжиж, сайжруулдаг.

Борлуулалтын гарын авлагууд:  Худалдан авагчид шинэ санаа өгөх, хэрэгцээг нь илрүүлэх, саналаа зөв танилцуулах, хэлэлцээ хийх, өрсөлдөгчдийг даван гарах зэрэг янз бүрийн нөхцөл амжилттай борлуулалт хийх зааварчилгаа зайлшгүй байх ёстой. Гэхдээ “Өндөр гүйцэтгэлтэй” багуудын дөнгөж 35% нь л борлуулалтын ойлгомжтой гарын авлагатай гэж хэлсэн нь сайжрах орон зай их байгааг харуулж байна.

Технологи:  Технологид гарч буй өөрчлөлтүүдийг борлуулалтдаа тусга. Түүний давуу талыг ашиглаж борлуулалтын гүйцэтгэлээ сайжруулах нь үр ашгийг нэмэгдүүлнэ.

Борлуулалтын менежмент: Борлуулалтын менежерүүд нь борлуулалтын ажилтнууддаа урам зориг өгч чаддаг байгууллагууд өндөр гүйцэтгэл гаргаж чаддаг болох нь мөн тус судалгаагаар тогтоогдсон.

Нэг ёсондоо борлуулалтын дэмжлэг үр дүнтэй байхын тулд борлуулалтын процесс, гарын авлагууд, технологи, арга зэрэг борлуулалтын менежмент үр нөлөөтэй, зохих ёсоороо ажиллаж байх ёстой гэдгийг онцолж байна.

     Энэ удаад бид танд байгууллагын зүгээс хамаарах хүчин зүйлсийн талаар хүргэлээ. Дараагийн нийтлэлээр бид хувь хүнд хамаарах хүчин зүйлсийн талаар хүргэх болно.


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.