Ажил дээр өдөр бүр, алхам тутамд танаас шинэ санааг гаргахыг шаарддаг хэрнээ яг гайхалтай санаа олсноо хэлэх үед бүгд тан руу үхсэн хүн гэнэт амилсан мэт харах тохиолдол танд тулгарч байсан уу?
Таныг дарга чинь үл ойшоож, бүгд л шоолонгуй харц шидэлж, танд сонсогдохгүй ч амандаа юм үглээд эхэлбэл мэдээж ямар л олиг байх билээ?
Гэтэл гайхалтай сайхан санаа төрөх нэг хэрэг, харин түүнийгээ бусдад ойлгуулна гэдэг бас өөр хэрэг. Танд гайхалтай санагдсан зүйл бусдад тийм ч гайхалтай санагдахгүй байж болно. Эсвэл таны шинэ гэж бодож байсан санааг өмнө нь өөр хэн нэгэн бодсон ч байж ч болно шүү дээ.
Тиймээс та өөрийн гаргасан шинэ санал, санаачилгаа танилцуулахдаа дараах зарчмыг баримталж байгаарай.
Өөрийнхөө санааг хамгаалах хамгийн сайн арга бол мэдээж ямар ч шүүмжлэлийг даван гарч чадахуйц хангалттай нотлох баримт, түүнийг дэмжих мэдээлэл хэрэгтэй.
Та өөрийнхөө гаргасан саналыг танилцуулахдаа “Би яг ч бүх хувилбараар шалгаж үзээгүй байгаа л даа...”, “Мэдээж энэ санаа бүрэн төгс биш байж болно...”, “Би ... компанид ажиллаж байхдаа энэ санааг гаргаж байсан боловч нэг их хүмүүс авч хэлэлцээгүй” гэх мэт гутранги өнгө аястай байдаг юм биз?
Эсвэл та өөрийнхөө шинэ санааг хэт өвөрмөц болгохын тулд бусдад ойлгомжгүй хэлээр яриад байгаа юм биз? Та өөрийнхөө гаргасан санаагаа шилдэг гэж батлахын тулд хэт их нэр томъёо, мэргэжлийн хэллэг хэрэглэн ойлгоход төвөгтэй болгож орхидог юм биш биз? Учир нь хүмүүс өөрийнхөө ойлгохгүй байгаа зүйлийг хүлээж авахыг огт хүсдэггүйгээс гадна ойлгоогүй гэдгээ далдлахын тулд тэр санааг үгүй хийх бүх аргыг сүвэгчилж эхэлдэг. Тиймээс болж өгвөл нийтээрээ ойлгож чадахуйц энгийн байдлаар санаагаа танилцуулахыг хичээгээрэй. Нэг үгээр хэрэв та өөрөө сонсогч байсан бол яах байсан бэ гэдгийг үргэлж бодолцож үзэж байгаарай.
Аливаа санааг танилцуулахдаа өмнө нь ашиглаж байсан ямар нэг стратегитай холбож тайлбарлахыг зөвлөж байна. Ингэснээр хүмүүст ойлгоход арай дөхөм болж ирэх бөгөөд шинэ зүйлийг сурах айдсаас хүмүүсийг ангижруулж өгдөг. Жишээ нь, “Бидэнд энэ бүтээгдэхүүнийг гаргахын тулд цоо шинэ менежментийн програм хангамж хэрэгтэй байна” гэж хэлэхийн оронд “Бид өмнө нь үүнтэй төстэй бүтээгдэхүүн дээр ажиллаж байсан. Би холбогдох хүмүүстэй нь ярьж үзэхэд боломжтой гэж хариулсан. Шинэ програм хангамж ашиглах шаардлага гарсан шалтгаан нь...” гэх зэргээр тайлбарлавал хүмүүст арай дөхөм байх болно. Мөн өөр компаниудын гаргасан ижил төстэй бүтээгдэхүүн дээр жишээ авсан ч болно. Гэхдээ хамгийн гол нь битгий харьцуулалт хийгээрэй.
Дээр нь хэдий таны гаргасан санаа төгс төгөлдөр мэт санагдаж байж болох ч бусдад өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх орон зайг заавал үлдээж байгаарай.
Гэхдээ хамгийн гол нь ямар ч шилдэг санаа бүгдэд таалагдана гэж байхгүй мөн түүний адил бүгд эсэргүүцнэ гэж ч байхгүй. Тиймээс хэрэв бүгд таны санааг эсэргүүцэж байгаа бол энэ талаар дахин бодож, ямар нэг эсэргүүцэлтэй нүүр туллаа гээд бууж өгч огт болохгүй шүү.