Fastcompany 2022 оны хамгийн инновацлаг компаниудыг шалгаруулсан бөгөөд энэ удаагийн нийтлэлээрээ энэхүү жагсаалын эхний 30-д багтсан компаниудын товч мэдээллийг хүргэж байна. Хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашиглах нь бизнесүүдийн хувьд амжилттай ажиллах, зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх, зах зээлээс шахагдахаас сэргийлэх амин чухал зүйл билээ. Тиймээс та бүхэн ямар технологи байгууллагыг хамгийн инновацлаг болгож байгаатай танилцаад боломжтой бол өөрсдийн бизнестээ нэвтрүүлээрэй.
#1. Stripe: Дэлхийн цаг агаарыг хамгаалахын тулд 2050 он гэхэд хэдэн арван сая тонн нүүрстөрөгчийг агаараас соруулж авах хэрэгтэй болох төлөвтэй байна. Stripe компани програм хангамжийг нь ашигладаг байгууллагуудыг цахим борлуулалтын үнийн дүнгийн тодорхой хэсгийг нүүрстөрөгч зайлуулах технологи хөгжүүлэх ажлын санхүүжилтэд хандивлахыг уриалсан. Энэ нь маш амжилттай хэрэгжиж хэдэн арван мянган компаниуд энэ чиглэлээр хамтран ажиллаж байна.
#2. Solugen: Фермент ба металлын катализ ашиглан эрдэнэшишийн сиропоос үйлдвэрлэлийн химийн бодисууд гаргаж авах процесс хөгжүүлсэн. Одоогийн байдлаар 4 төрлийн бодис гаргаж авч 17 төрлийн бодис гаргаж авах ажил хийгдэж байна. Гаргаад байгаа бодисууд нь цементийг хэрэглээг бууруулах бетон үйлдвэрлэл болон бордооны үүрэг гүйцэтгэх чиглэлээр хөдөө аж ахуйн салбарт ашиглагдаж байна.
#3. Twelve: Энэхүү стартап нь нүүрстөрөгчийг хувиргах процесст чиглэсэн бизнес эрхэлдэг. Металл катализатор, сэргээгдэх эрчим хүч ашиглан нүүрстөрөгчийн исэл, усны молекулыг жижиг атомын битүүд болгон задлаад үйлдвэрлэлд ашиглагдах химийн бодис гаргаж авдаг процесс юм. Онгоцны түлш гаргаж авах, машины эд анги хийх зэрэгт ашиглагддаг бөгөөд энэ чиглэлийн томоохон компаниудтай хамтран ажиллаж эхэлсэнээр үйл ажиллагааны цар хүрээ нь хурдтай томорч байна.
#4. Plocpower: Шахмал түлш ашиглах нь байгаль орчны бохирдолд ихээхэн хор хөнөөлтэй байдаг учраас энэ компани айл өрхүүдийн шахмал түлшний хэрэглээг бууруулахад чиглэсэн heatpump гэх мэт төхөөрөмж үйлдвэрлэдэг. Тэд бүтээгдэхүүнээ бага болон дунд орлоготой өрхүүдийн худалдан авах чадварт нийцүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
#5. Climate Trace: 2020 онд байгуулагдсан байгууллагуудын нэгдэл бөгөөд 300 гаруй хиймэл дагуу, 11000 мэдрэгчийн тусламжтайгаар аль улс хамгийн их нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулж байгаа, аль улсад пластик хог хаягдал хамгийн их байгаа гэдгийг тодорхойлох гэх мэт хүлэмжийн хий үүсгэгч хүчин зүйлсийг нарийвчлан тодорхойлдог. Ингэснээр тодорхойлолт бүрт нийцүүлэн бүс нутаг бүрт тохирсон арга хэмжээ авч, хүлэмжийн хийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
#6. Watershed: Компаниудад үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой үүсгэж буй нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг нь тооцоолох, бууруулах стратеги боловсруулах, шийдэл санал болгох үйлчилгээ үзүүлдэг компани юм.
#7. Doconomy: Байгаль орчны нөлөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг технологийн компани юм. Хэрэглэгчдээр нарийвчилсан судалгаа бөглүүлээд тээвэр, ахуйн хэрэглээ, худалдан авалт, хоол хүнсний хэрэглээ гэх мэт категори тус бүрээрх жилийн ялгаруулалтын хэмжээг нь тооцож өгөх үйлчилгээ үзүүлдэг. Мөн түгээмэл хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ямар хэмжээний нүүрсхүчлийн давхар исэл ялгарсаныг тооцох үйлчилгээ үзүүлдэг.
#8. Microsoft: Microsoft 365 ашигладаг 30,000 гаруй хүн хамруулсан судалгаа болон Human Factors Lab дээр хийсэн тархины судалгааны үр дүнд үндэслэн цахим уулзалтын завсарлага авах тохиргоо хийхээр ажиллаж байна.
#9. SpaceX: Тус компанийн CEO Элон Маск өртөг багатай машин ч найдвартай байж чаддаг шиг, өртөг багатай пуужин ч гэсэн мөн адил байх боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Тэд өнгөрсөн жил Falcon9 пуужинг 31 удаа нисгэсэн бөгөөд нислэгийн өртгийг бууруулах зорилго тавин ажиллаж байна.
#10. Canva: Хэрэглэгчид маш олон төрлийн темплайтээс сонгон хүссэн зүйлээ бүтээх боломжтой платформ бөгөөд тус компанийн үнэлгээ 40 тэрбум ам.долларт хүрсэн. 2022 оны орлого нь 1 тэрбум ам.долларт хүрэх прогноз гараад байна.
#11. Hybe: Өмнөд Солонгосын медиа групп болох Hybe-ийн борлуулалтын орлого 2021 онд 1.04 тэрбум ам.долларт хүрч, Arian Grande, Justin Bieber нарыг олны танил болгосон Ithace Holdings-ыг эзэмших болсон. Тэдний энэхүү амжилтын нууц нь контентоо үргэлж шинэлэг форматаар хийдэг болон контент бүтээхдээ технологийг чадварлаг ашиглаж чаддаг явдал юм.
#12. AB InBev: Энэхүү компани нь дэлхийн томоохон шар айраг үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд ойролцоох дэлгүүрүүд дэх шар айрагны нөөцийг шалгах, дотоодын шар айрагнуудыг аль бүс нутгийн үр тариагаар хийснийг нь харах боломжтой аппликейшн нэвтрүүлжээ. Evergrain компани AB InBev-ийн шар айраг исгэхэд ашигласан үр тарианы үлдэгдлийг авч хүнс үйлдвэрлэлд орц болгон ашиглаж эхэлсэн. Мөн түүнчлэн корона шар айргийн 6 ширхэгтэй багцыг сүрлээр хийж эхлэх гэх мэтээр дайвар бүтээгдэхүүнүүдийг үр ашигтайгаар ашиглаж байна.
#13. Miro: Дижитал цагаан самбарын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 1000 хүртэлх хүн оролцсон цахим эсхүл хайбрид уулзалт зохион байгуулахад энэхүү самбар ашиглагддаг. 2020-2022 онд хэрэглэгчийн тоо нь 20,000-аас 130,000 болтлоо өссөн бөгөөд дэлхийн хамгийн том 100 компанийн 99%-д үйлчилгээ үзүүлдэг болсон.
#14. Fanatics: 80 сая спортын фанат энэхүү цахим жижиглэн худалдааны компаниас бараа, бүтээгдэхүүн, тасалбар худалдаж авдаг. Тэд Major league baseball, NFL players association, NBA зэргийн карт худалдаалах эрхийг эзэмших болсон.
#15. Snap: Snapchat-ын 200 сая гаруй хэрэглэгч 6 тэрбум гаруй AR линзийг өдөр бүр ашигладаг. Тэд зөвхөн нүүрнээс гадна хувцас, орчин зэргийг тохируулах линзүүд ашиглах боломж олгож эхлээд байна. Жишээлбэл, Gucci гутал гэх мэт дурын брэндийн хүссэн хувцасаа AR-аар сонгон өмсөж зургаа даруулах боломж үүснэ гэсэн үг юм. Ингэснээр дэлхийн томоохон хувцасны брэндүүд AR хувцас солих өөрөө ажиллуулах зорилгоор шинэхэн функцийг нь худалдан авч эхлээд байна.
#16. Flexport: Компаниудын нийлүүлэлтийн гинжин хэлхээтэй холбоотой бүх асуудлыг нь шийдвэрлэх програм хангамж бүтээсэн бөгөөд 2021 онд 3 тэрбум ам.долларын орлого олсон байна.
#17. Dapper Labs: NBA top notch хэмээх NBA-ын цахим цуглуулыг NFT, блокчэйн технологи ашиглан борлуулдаг тоглоомын компани бөгөөд 2021 онд NBA top notch-оос 100 сая ам.долларын орлого олжээ.
#18. Back Market: Хуучин цахилгаан хэрэгслийг засаж дахин баталгаа олгож борлуулах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Мөн хуучин бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулахад ашигладаг мобайл аппликейшн нэвтрүүлсэн. Тус компанийн хэрэглэгч 2021 оны сүүлийн хагаст 5 саяас 6сая хүрч өссөн.
#19. Farfetch: Цар тахлын үеэр загварын топ брэндүүдэд бүтээгдэхүүнийг нь цахим зах дээр байрлуулах, захиалга хүлээж авах, хүргэлт хийх үйлчилгээ үзүүлэхээс гадна өөрсдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компани юм. Тэд бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулахдаа хэрэглэгчдийн датан дээр анализ хийж загвар, эрэлтийг таамагладаг. Ингэснээр тэд 2021 онд борлуулалтын орлогоо 30%-иар өсгөж чаджээ.
#20. BYD: Хайбрид хөдөлгүүрийн систем, литиум-зэсийн фосфат ашиглан бүтээсэн баттерейн технологийг эзэмшдэг компани бөгөөд эдгээр технологи нь цахилгаан машин бүтээхэд ихээр ашиглагддаг. Тус компанийг Хятадын химич Ванг Чуанфу 1995 онд байгуулж, Варрен Буффет хөрөнгө оруулалт хийсэн байна. Тэд 2002 оноос машин үйлдвэрлэж эхлэсэн бөгөөд өнгөрөгч онд дээр дурьдагдсан технологи ашиглан бүтээсэн 600,000 машин борлуулж борлуулсан.
#21. LivePerson: AI ашиглан чатбот бүтээх үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн чатботын 25% нь л одоогийн байдлаар бүрэн автомажсан бөгөөд CEO Роб Локасио чатботын бүрэн автоматжуулалтын хувь хэсэг хугацааны дараа 75%-д хүрнэ, 4-5 жилийн дараа дуудлагын төвүүд оператор хөлслөх шаардлагагүй болно гэсэн хүлээлттэй байна.
#22. Chipotle: АНУ-ын сүлжээ ресторан болох Chipotle нь discord сервер ашиглан ажлын байрны шалгаруулалтаа хийсэн нь маш амжилттай болохоос гадна борлуулалтыг ч дэмжсэн байна. Яагаад гэвэл шинээр нээх 200 салбарт ажиллах 20,000 ажиллах хүч тэдэнд хэрэгтэй болсон.
#23. Fifteen Percent Pledge: 2020 онд Жорж Флойд-ын хэрэг гарсаны дараа Brother Vellies брэндийн үүсгэн байгуулагч Аурора Жэймс өнгөт арьстнуудын эзэмшдэг бүтээгдэхүүнүүдэд лангууныхаа 15%-ыг зориулах санаачлага инстаграм дээр гаргасан. Хэдхэн хоногын дотор энэхүү санаачлагад дэлхийн томоохон 29 брэнд нэгдэж өнгөт арьстнуудын эзэмшдэг бизнесүүдэд 10 тэрбум ам.долларын орлого орсон. Энэхүү санаачлага нь байгууллага хэлбэрт шилжиж Google компанитай хамтран дижитал ур чадвар олгох сургалт зохион байгуулжээ.
#24. Deduce: Google, Facebook гэх мэт технологийн компаниуд хэн нэгний аккаунтаар нэвтэрч орохоос урьдчилан сэргийлэх чадвартай байдаг ч бусад жижиг компаниудад энэ нь хүнд даалгавар болдог. Тиймээс Deduce байгууллагууд болон хувь хүмүүст хэн нэгний өмнөөс хуурамчаар нэвтрэхээс хамгаалах үйлчилгээ үзүүлэн одоогийн байдлаар 200 сая аккаунтын аюулгүй байдлыг хангаж байна. Хамгаалж буй аккаунтын тоо жилийн 500%-иар өсөх төлөвтэй байна.
#25. Ramp: 3600 гаруй байгууллагын харилцагчид төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэн зардлаа танахад нь туслах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд хэрэглэгч бүрт тусгайлан зориулсан параметр гаргаж өгдөг.
#26. Faire: 350,000 гаруй жижиглэн худалдаачдыг 50,000 гаруй брэндүүдтэй холбох бизнес эрхлэдэг энэхүү компани цар тахлын үеэр виртуаль худалдааны шоу зохион байгуулсан нь энэхүү жагсаалтад ороход нөлөөлжээ.
#27. Roblox: 50 сая идэвхтэй хэрэглэгчтэй метаверс чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Хэрэглэгчид нь нийт 3.6 тэрбум цагийг Roblox дээр өнгөрөөсөн байна. Мөн түүнчлэн Vans виртуаль скэйт парк байгуулсан нь томоохон компаниуд Roblox-той хэрхэн хамтардагын тод жишээ юм.
#28. Food52: Хоолны жор нийтлэдэг сайт байснаа цахим худалдааны хүчирхэг сайт, шууд видео дамжуулалт хийдэг аппликейшн гаргасан нь энэхүү компанийг борлуулалтын орлогоо 100 сая ам.доллар давуулахад туслажээ. Мөн гал тогооны хэрэгслийн Dansk, гэр ахуйн Schoolhouse брэндүүдийг өөртөө нэгтгэжээ.
#29. WarnerMedia: Цар тахал гарсантай холбогдуулан WarnerMedia групп киног шинээр гарсан өдөр нь театраас эсхүл HBO Max сувгаар дамжуулан үзүүлэх боломж олгосон. Энэ нь маш эрсдэлтэй, мөрий тавьж байгаатай адил байсан ч тун амжилттай хэрэгжжээ.
#30. GoodLeap: Нарны зай, зай хадгалах төхөөрөмж, гэрийн ухаалаг төхөөрөмжүүд, орчин үеийн HVAC систем, эрчим хүч хэмнэдэг цонх, сайжруулсан дээвэр, ус хэмнэдэг зүлэг гэх мэт сүүлийн үеийн технологи ашиглан байгаль орчныг хамгаалахад чиглэсэн бүтээгдэхүүнийг банкны зээлийн тусламжийн хамтаар хэрэглэгчдэд борлуулдаг компани юм. Өнгөрөгч онд 140,000 өрхөд олгосон зээлээс 5 тэрбум ам.долларын орлого олж, 545,000 машины ялгаруулдагтай дүйцэхүйц хэмжээний нүүрсхүчлийн ялгарал үүсэхээс сэргийлэхэд хувь нэмрээ оруулжээ.
Эх сурвалж: www.fastcompany.com