2020-2030 онд шинээр гарах топ 10 бизнес

2021/11/15 Админ 1724 0 сэтгэгдэл

 

1. Цахилгаан цэнэглэх станц

2030 онд тавтай морилно уу. Та хуучны дотоод шаталтат хөдөлгүүртэй машины эрин үеийг дурсангаа цонхоор ширтэн зогсож байна. Таны мэдэх шатахуун/хий түгээх станц одоо нэгэнтээ цахилгаан цэнэглэх станцад зайгаа тавьжээ. Автомашины бизнес эрхэлдэг байсан найз чинь одоо ажилгүй болсон. Гудамжинд байдаг авто засварын газрууд ч үүдээ барьсан. Гудамжны буланд “Теслагийн хүч” гэсэн бичигтэй цахилгаан машин цэнэгээ дүүрэхийг хүлээн зогсоно. Гэнэт л таны толгойд маш ашигтай ажлын санаа харван орж ирлээ. Өөрийн гэсэн цахилгаан цэнэглэх станц байгуулчихвал гар эсгэм шинэхэн мөнгө банкны данс руу чинь шажигнан орохыг та ойлгожээ. Тархи чинь ар араасаа янз бүрийн асуулт хөврүүлнэ. Яаж эхлэх вэ? Анх эхлэхэд хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй вэ? Үнийн зохицуулалт ямар байх вэ? гээд л.

Технологийн дэвшил эрчээ авч, өндөр хөгжилтэй орнуудад цахилгаан машины эрин үе хэдийн иржээ. Тун удахгүй шатахууны шахуурга, чулуужсан түлшний талаар ахин дурсахаа болино. Тиймээс та шатахуун түгээх станцын эзэд дампуурч, шинэ эриний алтны уурхай болох цахилгаан цэнэглэх станцууд бий болохыг өөрийн нүдээр харах болно.

2. Такси илгээлт

2030 он үргэлжилсээр. Та шатаар бууж явтал утасны яриа анхаарлыг тань татна. Дуудлага хийгч утсаа тасалсны дараа тун удалгүй хажууд нь Ламбо ирээд зогсоно. Тэд суугаад явж одлоо. Та юу болоод байгааг гайхсаар хоцров. Сэрээрэй, энэ бол 2030 он. Уламжлалт хүргэлтийн үйлчилгээ дууссан. Энэ бол такси илгээлтийн эрин үе. Uber үүний нотолгоо нь.

Одоогийн байдлаар ойролцоогоор 20 орчим такси илгээлтийн программ хангамж байгаагаас TaxiMobility 1000 орчим компанийн итгэлийг хүлээгээд байна. Гэхдээ такси илгээлт, такси илгээлтийн программ хангамж гэж юу вэ? Тэгэхээр такси илгээлт гэдэг нь үнэмлэхтэй жолоочийг үйлчлүүлэгчтэй холбох үйлчилгээ юм. Гол бизнес нь жолоо барих ажлыг бэлэн жолооч нарт хуваарилах. Гэхдээ илгээлтийн үйлчилгээ үзүүлэгчид жолооч нартай хэрхэн холбоо барих вэ? Такси илгээх аппликейшн/программ хангамж үүнд хэрэгтэй. Эдгээр программ нь илгээгчдийг үйлчлүүлэгчидтэй холбож, илгээгчид жолооч нарт авах байршлыг нь зааж өгнө. Энэ юу гэсэн үг болохыг мэдэж байна уу? Та өөрийн такси илгээлтийн программ хангамжийг бүтээж эсвэл такси илгээлтийн компанид асуудлынх нь шийдлийг худалдах, эсвэл өөрөө такси илгээлтийн бизнес эрхлэх боломжтой гэсэн үг. Хоёуланг нь хамт хийсэн ч болно. Ер нь бол такси илгээлтийн үйлчилгээ нь ойрын ирээдүйд эрхлэх боломжтой эхлэхэд хамгийн амар бөгөөд хамгийн бага хөрөнгө оруулалт шаардсан бизнес юм.

3. Дрон хүргэлт

Нисдэг дроноор халуун орны зураг авч буй хүнийг харсан л биз дээ? Хиймэл оюун ухаан бидний амьдралын бүх салбарт орж иржээ. Удахгүй бид үүнтэй одоогийнхоосоо ч илүү нягт холбогдох болно. Өнөөдөр, дроныг хэд хэдэн зорилгоор хөгжүүлж байна. Цэргийн зориулалтаар тэсрэх бөмбөг унагах, тагнуулын үйл ажиллагаанд ашиглах, эсвэл уурхайн хонгилын гүнийг харах гэх мэт. Гэхдээ юу гээч? Амазон зэрэг томоохон цахим худалдааны компаниуд дронд зориулсан бэлэн программ гаргажээ. Амазоны шинэ Prime Air дрон нь 2,7 кг жинтэй ачааг 24 км зайд ердөө хагас цагийн дотор хүргэх чадвартай. Хэдхэн сарын дараанаас Амазон захиалгуудаа зөвхөн дроноор хүргэх болно.

Автобус, микро-автобус ашиглаж арилжааны хүргэлтийн үйлчилгээний бизнес эрхлэгчдийн ирээдүйг төсөөлөөрэй. Дийлэнх нь бизнесээ орхиж, цөөн хэд нь л өөрчлөлтөд дасан зохицож, олон гарааны бизнес өөрчлөгдөнө. Энэ бол хүргэлтийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан зурвас бөгөөд ирээдүйтэй боломжийг нээж өгч байна.

4. Гэр түрээслэх үйлчилгээ

Зочдын буудлын өрөөнүүд эзгүйрэх нь ээ. Лонхны хангинах чимээг хүрэлзгэнийн дуу орлоно. Зочид буудлын бизнесийн ертөнцийг уналтад оруулах ямар гэгчийн үйлчилгээ гарчих нь энэ вэ? Найзын чинь гэрийн зураг яагаад үе үе Craiglist зарын сайт дээр гарч ирээд байх болов?

Брайан Чески, Жо Геббиа, Натан Блехарчик нар 2008 оны Сан Францискогийн гудамжинд анхны гэр түрээслэх үйлчилгээний Airbnb брендийг үүсгэжээ. Өнөөдөр Airbnb нь өөрсдийн 31 тэрбум долларын хөрөнгөтэй болоод зогсохгүй Book Holdings, VRBO of Expedia группүүдэд хэдэн тэрбум долларын шинэ үүд нээж өгсөн билээ. Тэгэхээр хүмүүс зочид буудалд байрлахаас гэр түрээслэхийг илүүд үзэж байна гэсэн үг үү? Яг тийм. Зөвхөн 2015 онд гэхэд л Airbnb-ийн гэр түрээслэх үйлчилгээний сайт сардаа 94,9 сая хандалттай байсан. Яагаад тэр вэ? Илүү том байр, тав тухтай байдал, бүх үеийнхний сонирхлыг татахуйц байдлаараа гэр түрээсийн үйлчилгээ нь зочид буудлуудыг “будаа” болгож байна. Тийм учраас л найзын чинь гэрийн зураг гэр түрээслэх үйлчилгээний сайтууд дээр гарч ирээд байгаа юм шүү дээ. Хэрэв та зочид буудлын эзэн бол ирээдүйгээ бодож үзэх цаг нь болжээ.

5. Цахилгаан эрчим хүчний бизнес

Цахилгааны шонг буулгаснаар нийгэмд хөгжлийн орон зай нэмэгдлээ. Түүнчлэн далангууд фотоволтайк цахилгаан станц болон хувирч байна.

Нарны зайн хураагууртай шинэ загварын малгайг мэдэх үү? Энэ малгай нь таныг явж байхдаа ухаалаг төхөөрөмж, гар утсаа цэнэглэх боломж олгоно. Хэрэв та Волво, Тоёота, Хонда зэрэг компаниуд нарны эрчим хүчээр явдаг машин бүтээснийг сонссон бол үүнд  нэг их гайхахгүй байх. Дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд дан ганц түлш хэрэглэхээс татгалзах нь хангалтгүй бөгөөд цахилгаан эрчим хүчний өртөг нь нарны эрчим хүчээс харьцангуй өртөг өндөртэй. Бид зөвхөн цахилгаан эрчим хүчний компаниудын төгсгөлийг хараад зогсохгүй нарны эрчим хүчний шинэ бизнес төрөхийг ч харах болно. Тиймээс хэрэв ирээдүйд хүчээ авах бизнесүүдийн нэг нь нарны эрчим хүчний бизнес гарцаагүй мөн билээ.

6. Зорчигч тээврийн дрон такси

Та “Хар хувцастнууд” киног үзсэн л байх тийм үү? Тэгвэл тэнд нисдэг зорчигч тээврийн хэрэгслийг харсан л байх. Хамгийн анхны нэг хүнд зориулсан дрон тээврийн хэрэгслийн үйлчилгээг 2017 онд Ehang 184 загварын дроноор эхлүүлсэн. Ehang 184 нь 160 км/ц хурдан явдаг бөгөөд Хятадын алдартай дрон инженерийн Бээжин И Хун корпорац бүтээжээ. Энэ нь онцгойлон нисэх болон усан тээврийн үйлчилгээний түүхэнд цэг тавьж, нэг хүнд зориулсан дрон такси үйлчилгээнүүд олны анхаарлыг татах болно. Та ирээдүйд ямар ч бизнесийн төлөвлөгөө гаргасан бай энэ төрлийн бизнестэй нүүр тулах нь гарцаагүй.

7. Нанотехнологи ба Ватсон эрүүл мэндийн бизнес

Ойрын 20 жилд нанотехнологийн хөгжлийн хүчээр хүний амьдрах хугацаа нэмэгдэнэ. Нанотехнологи бол зүгээр л том оролт бүхий жижиг хэмжээст системүүдийг авч үздэг технологийн салбар юм. Өнөөгийн нанотехнологийн шинэлэг бүтээлийн нэг нь хамгийн хүнд өвчний үед ч биеийн систем рүү тарих боломжтой 100 нанометрээс жижиг хэмжээтэй бяцхан робот юм.

Уламжлалт эмнэлгийн үйлчилгээ нэгэнт хоцрогдож эхэлснийг та ойлгосон бол IBM-н Ватсон технологи таныг гайхшруулах болно. Энэ бол бүх зүйлд хамгийн үнэн зөв хариулт өгдөг хэт ухаалаг супер компьютер. Тиймээс хиймэл оюун ухааны талаар өндөр мэдлэгтэй, технологийн салбарын хүмүүс анагаах ухааны салбарт ч манлайлах боломжтой болж байна. Тун удахгүй хэн анагаах ухааны салбарын хамгийн өндөр зэрэгтэй вэ гэдгээс илүү хэн хамгийн технологийн мэдлэг чадвар сайтай вэ гэдгээрээ өрсөлдөх цаг үе ирэх нь ээ.

8. Зөвлөх үйлчилгээ

Технологийн хурдтай хөгжил нь бүхий л салбар болон бизнесүүдэд нөлөөлж байна. Үүний хамгийн том жишээ нь интернет/онлайн маркетингийн үйлчилгээ юм. Өнөөдөр бүх бизнес цахим сүлжээнд нэвтэрсэн байх ёстой гэсэн бичигдээгүй хуультай болжээ. Тэгвэл бизнесийнхээ тогтсон уламжлал, ёс зүйд уян хатан байдлыг хэрхэн нэмэх вэ?

Энэ бүхний хариулт нь зөвлөх үйлчилгээ. Хууль эрх зүй, хүний нөөц, санхүү, эрүүл мэндийн гээд бүх салбарт мэргэжлийн зөвлөгөө өгөх зөвлөхүүд хэрэгтэй. Мөн шинээр бизнес эрхлэгчдэд ч туслах зөвлөхүүд ч байдаг. Технологийн дэвшил сайжрахын хэрээр зөвлөхийн хэрэгцээ шаардлага ч улам нэмэгдэж байна. Та ч бас өөрийн ур чадвараа сайжруулж мэргэжлийн зөвлөгөө өгөх бизнесээ эхлэх талаар бодож үзвэл ямар вэ?

9. Робот түрээс, засвар үйлчилгээ

Үйлдвэрлэлийн салбарт янз бүрийн үүрэг хариуцлагатай роботууд аль эрт нэвтэрсэн. Хятадад л гэхэд сургууль, цэрэг арми, эрүүл мэнд, үйлдвэрлэл автоматжуулалтын олон компани робот ашиглаж байна. Эрт оройгүй Японы хамгийн дэвшилтэт Кенгоро робот шиг хүний бүх чадварыг агуулсан роботууд хүмүүсийг орлох болно.

Гэхдээ эдгээр технологийн ажилтнууд хэчнээн өндөр гүйцэтгэлтэй, нарийвчлалтай ажилладаг байлаа ч алдаа гарсан үед нь тэдэнд санаа тавих хүн заавал хэрэгтэй. Тиймээс та бүхэн ирээдүйн робот засварын салбарт тавтай морилно уу. Роботын инженерүүдийг гэрэлт ирээдүй хүлээж байгаа салбар. Тэгвэл үүнээс цааш төрөн гарах өөр бизнес байгаа юу? Мэдээж хэрэг. Робот түрээсийн үйлчилгээ, робот борлуулах газар, мөн роботууд гарч ирснээс өөр олон гайхалтай бизнесүүд бий болох нь дамжиггүй.

10. 3Dхэвлэл ба мэдээлэл боловсруулагч

3D хэвлэл нь тун удахгүй бүх зүйлийг дахин боловсруулдаг болно. Нарны шил хэрэгтэй юу? Хэвлээд зүүчих. Спорт гуталтай болмоор байна уу? Хэвлээд ав. Уг принтерийн ганц сул тал нь одоогийнх шиг өндөр үнэтэй хэвээр байна. Гэхдээ технологи хөгжиж, илүү олон 3D принтер үйлдвэрлэгдэхийн хэрээр үнэ нь буурна.

Түүнчлэн дижитал бизнесийн хэрэгцээ нэмэгдэх тусам үйлчлүүлэгчдийн мэдээллийн нөөц хэрэгтэй болно. Энэ нь мэдээлэл цуглуулах мэргэжилтнүүд хэрэгтэй гэсэн үг. Тиймээс одоо мэдээлэл цуглуулах ажилд суралцаад өөрийн гэсэн мэдээлэл цуглуулах брендээ үүсгэвэл ямар вэ? Яг одооноос эхлээд 3D принтерийн оператор болмооргүй байна гэж үү?

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/04/04
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.