Ихэнх хүмүүс гадаадад ажиллаж амьдардаг хүмүүсийн талаар нэлээд төөрөгдсөн хандлагатай байдаг. Гадаадад л ажиллаж, амьдардаг гэвэл тэр хүнийг бараг л “тэнгэрийн умдаг атгасан” мэт санадаг. Гэвч бодит байдал дээр тэд эх орондоо энх тунх амьдарч буй хүмүүстэй харьцуулахад харин ч олон бэрхшээлтэй нүүр тулж байдаг.
1. Тэд шууд очоод л гадаад хэл сурчихдаггүй
Олон хүн тухайн амьдарч буй байршлаа сольсноор таны хэл сурах чадвар огцом дээшилдэг гэж боддог. Гэвч энэ бол худлаа. Хэн ч гадаадад очоод дэлгүүр оронгуутаа худалдагчтай нь шууд ойлголцож чаддаггүй. Хэл сурна гэдэг тухайн хүний ур чадвар мөн гадаад орчны нөлөө гэх мэт оон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд хэл бол удаан хугацааны дадлагын үр дүнд бий болдог чадвар билээ.
2. Тэд төрөлхийн азтай одтой хүмүүс биш
Гадаадад байдаг хүмүүсийг манай орноос илүү хөгжилтэй оронд ажил эрхлэн, жилийн турш нар ээсэн газарт байнга зугаалж аз жаргалтай байдаг гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Хүмүүс ажил олж, өөр газарт ажиллахыг аз гэж үздэг бол том эндүүрэл юм. Харин энэ бүгд шаргуу хөдөлмөр, тууштай байдлын үр дүнд олж авсан шагнал юм. Хэн ч хүссэн газраа ажиллах боломжтой. Тиймээс энэ бол ямар нэг аз биш харин тэдгээр хүмүүс сонголтоо хийж чадсаны л үр дүн юм.
3. Бид найз нөхдөө маш их санаж, ихэнхээс нь холбоо тасардаг
Таны хилийн чанадад ажиллаж эхлээд тогтоосон нөхөрлөлийг олон жилийн турш бий болгосон нөхөрлөлтэй харьцуулах ямар ч боломжгүй юм. Та гадаадад ажиллахаар нүүж ирсэн даруйдаа дасал болсон өчүүхэн жижиг зүйлүүдийг ч тухайлбал хуучин ажлынхантайгаа буланд суугаад хов жив базах гэх мэт олон зүйлийг санаж эхэлдэг бөгөөд хамгийн сайн найзын хурим, их дээд сургууль төгсөгчдийн уулзалт зэрэг олон үйл явдлыг алгасах хүндхэн шаардлагуудтай нүүр тулдаг. Удах тусам зарим нэгнээс нь харилцаа холбоогоо бүрэн таслах шаардлагатай болдог. Facebook хуудас гүйлгэж үзэх тоолондоо өөрийн оролцож арга хэмжээ, уулзалт бүрт харамсах болно.
4. Тэд шийдвэрээ удаан хугацаанд бодож гаргасан байдаг
Зарим хүмүүс гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг нэг өглөө гэнэтхэн сэрээд л гадагшаа явахаар шийдээд явчихсан гэж ойлгодог. Гэвч тэд энэ талаар маш удаан бодож, тал талаас нь нягтлан шалгаж байж энэ шийдвэрээ гаргасан байдаг. Жишээлбэл, амьдарч байгаа байр, машин, гэрийн тавилга гэх мэт зүйлээ зарах уу, түрээслүүлэх үү, хүмүүст даатгаж үлдээх үү гэх мэт олон асуудлыг зохицуулж шийдвэрлэх шаардлагатай болдог. Энэ асуудлуудыг хэдхэн хоног битгий хэл нэлээн хэдэн долоон хоногийн турш хөөцөлдөж байж шийдвэрлэдэг бөгөөд ямар их бичиг цаасны ажил орохыг төсөөлөх ч үгүй биз.
5. Тэдэнд ч гэсэн хүнд өдрүүд тулгардаг
Хүмүүсийн төөрөгддөг нэг асуудал бол гадагшаа нүүснээр амьдралд тохиолддог бүх асуудал алга болох юм шиг санадаг. Бичиг баримт бүрдүүлэх, гэр орнооо төвхөнүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, дэлгүүр хоршоотой танилцах гээд өдөр тутмын ажлууд дуусна гэж үгүй. Та дэлхийн хамгийн романтик хот Парист амьдардаг байлаа ч энэ бүх асуудал таныг дагасаар л байх болно. Өөрөөр хэлбэл сайхан цаг агаар, цэвэрхэн амьдрах орчин, амьдрах өртөг бага байх гэх мэт нь сайхан сонсогдож байж болох ч асуудлууд хэзээ ч дуусахгүй
6. Шинээр харилцаа холбоо тогтоох амаргүй байдаг
Шинээр амьдарч эхэлсэн тухайн газарт хүмүүстэй шинээр танилцаж, найз нөхөд болоход тийм ч амар биш байх нь тодорхой. Та хэдий эх орондоо тухайн улсын хэлийг сайн сурсан байж болох ч нутгийн аялгуу гэх мэт хэлний бэрхшээлтэй зайлшгүй нүүр тулах шаардлагатай болно. Наад зах нь ажлын тань хамтран ажиллагч нар дор хаяж сарын дараагаас л тантай гадуур хамт хооллож эхлэх бөгөөд тэр хооронд та ганцаардлыг маш ихээр мэдрэх болно.
7. Ихэнх үед маш их ганцаардлыг мэдэрдэг
Гадаадад амьдарна гэдэг өөрөө маш том сорилт юм. Ер нь та ганцаараа нүүж ирсэн бол олон өдөр маш их ганцаардаж, өөрийгөө нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж төрөх болно. Иймэрхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн улсад ажиллаж буй өөрийн улсын иргэд эсвэл өөр улсын иргэдтэй холбоо тогтоох хэрэгтэй болдог.
8. Зүг чигийн баримжаатай болох
Шинэ байрандаа нүүж ирээд хамгийн түрүүнд хийсэн зүйл бол мэдээж хамгийн ойрын хүнсний дэлгүүр хайх ажил байдаг. Тэгээд автобус метроны буудал,үсчин, эмийн сан гэх мэт газруудыг судлах зэрэг олон асуудлуудтай нүүр тулах хэрэг гардаг. Миний л хувьд юун түрүүнд очихоосоо өмнө гэр ахуйн хэрэгслүүдээ бэлдсэн байх хэрэгтэй юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон.
9. Тэд ч бас өвддөг, гэхдээ үүний хор уршиг нь хэд дахин илүү байх болно
Хэрэв та ямар нэг байдлаар өвдвөл энэ нь эх нутагтаа өвддөгөөс даруй арав дахин их хор уршгийг дагуулдаг. Эмчид үзүүлэх эсвэл эмийн сангаас эм авах гэхээр хэлний мэдлэг хангалтгүй байх, эсвэл таны хэрэглэж сурсан эм тухайн улсад зарагддаггүй байж болно. Хамгийн хэцүү нь эмнэлгээр үйлчлүүлэхэд эмнэлгийн төлбөр асар өндөр байдаг бөгөөд хэчнээн өвдөөд ядарч байсан ч шүдээ зуугаад зүгээр л орондоо орж хэвтэхээс өөр арагагүй болох үе тохиолддог. Таныг өрөвдөж хайрлан аяга шөл бариад асрах хүн ч байхгүй гээд төсөөл л дөө.
10. Ойр дотны хүн чинь өвдөх эсвэл ямар нэг асуудал гарсан ч уулзаж чадахгүй
Танаас хэдэн мянган милийн зайд байгаа таны ойр дотны хэн нэгэн өвдвөл эсвэл ямар нэг асуудал гарсан үед танд ердөө утасны цаанаас халаглан өнгөрөөхөөс өөр арга олдохгүй байх ямар хэцүү байдгийг эх орноосоо холдож үзээгүй ихэнх хүмүүс ойлгохгүй л болов уу. Цагийн зөрүүнээс үүдэн шөнө орой утас чинь дуугарч ямар нэг таагүй мэдээ сонсох нь ямар л олиг байх билээ.
11. Хамгийн энгийн зүйлийг ч үнэлж сурдаг
Хэрэв та гадаадад амьдарч байгаад ирсэн хүнээс ямар байсан талаар нь асуувал тэд л лав үнэтэй ресторан, үзвэр үйлчилгээний газраар аялсан талаараа бараг ярихгүй л болов уу. Харин та тэдний амнаас хүмүүсийн амьдралын хэв маяг ямар байсан, айлд уригдаж очиход ямар сонин содон зүйл мэдэж авсан гэх мэт амьдралын энгийн хэрнээ дурсамжтай зүйлүүдийн талаар л ярихыг сонсох болно. Өөрөөр хэлбэл тэд хамгийн энгийн зүйл л амьдралын үнэ цэнийг бүрдүүлж байдгийг сайн ойлгож байдаг.
12. Төрсөн өдрөө тэмдэглэх дургүй байдаг
Ихэнхдээ төрсөн өдөр болохоор Facebook-ээр ирүүлсэн найз нөхдийн мэндчилгээнүүдийг гүйлгэн харж, тэр өдөртөө багтаж гэр бүлийнхнээс нь ирүүлсэн төрсөн өдрийн мэндчилгээг утсаар сонсох зэргээр л өнгөрөөдөг. Ерөнхийдөө энэ өдөр ямар ч онцгой, сонин содон зүйлгүй шахам л өнгөрдөг.
13. Дараагийн удаа гэртээ яг хэзээ ирэхээ хэлж мэдэхгүй байх
Хэдийгээр гадаадад амьдарч буй хүмүүс гэр бүл найз нөхдөө асар их санадаг ч баяр бүрээр гэртээ очоод байж чаддаггүй. Зарим ажлын байрууд нь тухайн хүнээс дор хаяж эхний хэдэн жил буцахгүй байх хүсэлт тавьдаг бол ихэнх нь ажил ихтэй байдаг учраас хоёр гуравхан хоног гэртээ байхын тулд нутаг буцаж чаддаггүй. Мөн үүнээс гадна замын зардал, бэлэг сэлт гэх мэт зардал мөнгөний асуудал гээд дуусахгүй дээ.
14. Гэртээ буцаж харих эсэхээ шийдэж чадахгүй байх
Та бодоод үз дээ. Нэгхэн жил ажиллачихаад гэртээ харих байсан бол энэ их зардал чирэгдэл болгон байж гадаадад ажиллахаар ирэх байсан гэж үү? Мэдээж нэг л өдөр гэртээ харих нь тодорхой хэдий ч яг одоо тэдний амьдрал тэнд л байгаа шүү дээ.
15. Тэд маш их өөрчлөгддөг
Гадаадад ажиллаж амьдарна гэдэг таныг хувь хүн талаас нь маш их өөрчилж өгдөг. Өөрөөр хэлбэл илүү биеэ даасан, чөлөөтэй бас нээлттэй болж төлөвшдөг. Янз бүрийн соёл, хүмүүс, амьдралын хэв маяг гээд алхам тутамд тань тулгарч буй зүйлс таныг одоо байгаагаас тань илүү ухаалаг, чадварлаг болгож байдаг.
Эцэст нь хэлэхэд танд ямар нэг байдлаар урт богино ямар ч хугацаагаар гадагшаа явах боломж олдвол энэ боломжийг бүү алдаарай. Эцсийн эцэст таны амьдралын түүхийг танаас өөр хэн ч бүтээхгүй шүү дээ.