​Оюуны чадварын гурвалсан онол




Оюуны чадварын талаарх хамгийн цэгцтэй онол бол Стернбергийн “Оюуны чадварын гурвалсан онол” юм. Энэ онол манлайлал болон оюуны чадварын холбооны талаар нилээд хэдэн санаа өгдөг. Гурвалсан онол манлайлагч оюуны нийлмэл, ярвигтай асуудлыг шийдэхдээ юу хийдэг талаар тайлбарладаг.


Энэхүү онол ёсоор оюуны чадварын үндсэн 3 төрөл байдаг гэж үздэг.


Эхнийх нь оюуны задлан шинжлэх чадвар юм.


Энэ нь голдуу асуудал шийдэх чадвар байдаг бөгөөд оюуны чадварын стандарт тестээр шалгаж болдог. Гэхдээ оюуны задлан шинжлэх чадвараар тайлбарлаж болохгүй зүйлс байдаг. Жишээлбэл зарим хүмүүс ийм төрлийн тестэд бага оноо авлаа ч практик асуудлуудыг сайн шийддэг.


Тэгвэл хоёр дахь төрөл нь оюуны практик чадвар юм.


Оюуны практик чадвартай хүмүүс хэрэгцээгээ хангахын тулд шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицох, нөхцөл байдлыг өөрчлөх, сонгохоо мэддэг. Өөрөөр хэлбэл оюуны практик чадвар гэдэг нь аль нэг ажлыг гүйцэтгэх, яаж гүйцэтгэхээ мэддэг байх явдал юм. Тэд муу гүйцэтгэлтэй ажилтныг яах, хэрэглэгчийн гаргасан асуудлыг яах, хүмүүсийг хэрхэн багаар ажиллуулах зэрэг практик асуудлуудыг сайн зохицуулдаг.


Манлайлал үр дүнтэй байх эсэхэд шийдвэрлэх үүрэгтэй байдаг учир оюуны практик чадварын талаар хэд хэдэн зүйлийг дурьдах нь зүйтэй. Үүнд:


1. Оюуны практик чадвар нь задлан шинжлэх оюуны чадвараас илүүгээр мэдлэг, туршлагатай холбоотой байдаг. Удирдагч хүмүүс манлайллын мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэх замаар практик оюуны чадвараа хөгжүүлэх боломжтой.


2. Оюуны практик чадвар нь аль нэг салбарын онцлогтой холбоотой байдаг. Аль нэг салбарт чадварлаг удирдагч өөр талбарт сул байж болно.


3. Манлайлагч дээрх хоёр чадварын аль алийг нь эзэмших ёстой.


4. Оюуны практик чадвар өндөртэй бол задлан шинжлэх оюуны чадвар багатай байлаа ч болдог.


Оюуны чадварын гурав дахь төрөл нь оюуны бүтээлч чадвар юм.


Энэ нь шинэлэг, тустай зүйл бүтээх чадвар юм. Бүтээлч сэтгэлгээ, оюуны бүтээлч чадварыг үнэлнэ гэдэг хэцүү ажил байдаг. Бүтээлч сэтгэлгээ буюу дивергент сэтгэлгээний тест конвергент сэтгэлгээнээс маш өөр байдаг. Конвергент сэтгэлгээний тест голдуу нэг зөв хариулттай байдаг бол аль нэг кино, маркетингийн зар, үйлдвэрлэлийн шинэ процесс гэх мэт зүйлс бүтээлч эсэхийг нэгэн утгатайгаар хэлэх боломжгүй байдаг.


Оюуны бүтээлч чадварт нөлөөлдөг хэд хэдэн зүйл байдаг. Үүнд:


Холбон нэгтгэх чадвар: Аливааг шинэ маягаар харах, ямар нэг холбоо, хамааралгүй харагдах асуудал, концепцийн хоорондох онцгой холбоог харах чадвар юм.


Оюуны задлан шинжлэх чадвар: Энэ нь асуудлын боломжит шийдлийн ашиг тусыг үнэлэх чадвар юм.


Оюуны практик чадвар: Өмнөх мэдлэг, туршлагадаа үндэслэн асуудлын онцгой шийдлийг гаргаж ирэх чадвар.


Сэтгэлгээний хэв маяг: Хүмүүс нэг бол байгаа зүйлийг хувиргах, эсвэл цоо шинэ шийдэл гаргахын аль нэгээр нь сэтгэдэг.


Хувийн онцлог шинж: Суралцах чадвар өндөртэй, өөртөө итгэлтэй-гадагш чиглэсэн байдал өндөртэй, найдаж болох байдал султай хүмүүс илүү бүтээлч байдаг.


Дотоод идэвхи, санаачлага: Тулгарч буй асуудал хувь хүнийх нь хувьд сонирхолтой байвал хүмүүс илүү бүтээлч шийдлийг гаргадаг.


Орчны хүчин зүйлс: Удирдлага нь дэмждэг, цагийн шахалтгүй, баг нь тогтвортой, нийгмийн асуудалтай төдийлөн холбоогүй үед хүмүүс асуудлыг илүү бүтээлчээр шийддэг.



Холбон нэгтгэх чадвар: Өмнө нь бид холбон нэгтгэх чадварыг бүтээлч сэтгэлгээтэй адилтгадаг байсан. Энэ нь аливааг шинэ өнцгөөс харах, түүний онцгой зүй тогтол, холбоог илрүүлэх чадвар юм.


Оюуны задлан шинжлэх чадвар нь хүмүүст асуудлыг үнэлэхэд тусладаг бол оюуны практик чадвар мэдлэг, туршлагаасаа шинэ шийдэл боловсруулан гаргахад тусладаг. Аливаа хүн бүтээлч байхад дээрх 3 хүчин зүйл хамгийн их нөлөөлдөг бөгөөд дээрх гурван шинжийн аль нэг нь дутагдалтай удирдагч бүтээлч чадвар султай байдаг.


Сэтгэлгээний хэв маяг нь холбон нэгтгэх чадвартай холбоотой байдаг. Энэ нь бие даасан чадвар гэхээсээ байгаа чадваруудаа аль нэг хэлбэрээр ашиглах байдал юм. Сэтгэлгээний “дасан зохицох” ба “шинэлэг” гэсэн хоёр хэлбэр байдаг. Дасан зохицогчид байгаа бүтээгдэхүүн, процессыг бага зэрэг хувиргахыг илүүд үздэг бол шинэтгэгчид шинэ бүтээгдэхүүн, процесс бий болгохыг хүсдэг. Америкийн компаниуд шинэлэг, шинэтгэх сэтгэлгээгээр ажилладаг бол Японы компаниуд технологио сайжруулах, үр ашигтай болгох буюу дасан зохицох маягаар ажилладаг.


Бүтээлч сэтгэлгээнд хувь хүний онцлог, шинжүүд мөн нөлөөлдөг. Өөртөө итгэлтэй, бие даасан, эрч хүчтэй, эрсдэл хийх дуртай, төрөлхөөсөө сониуч хүмүүс өөртөө итгэлгүй, аялдан дагалдагч, шинэ зүйлд нээлттэй бус хүмүүсээс илүү бүтээлч байдаг.


Бүтээлч хүмүүс цаг хугацаанд нь амжуулах, ашиг орлого олох, бусдад сэтгэгдэл төрүүлэх гэхээсээ асуудлын шийдэлд төвлөрөх талтай байдаг.


Эцэст нь бүтээлч байдалд нөлөөлдөг орчны хүчин зүйлс байдаг. Ажил нь сонирхолтой, тухайн хүнийг сорьсон, цогц бөгөөд удирдлага нь дэмждэг, ажлаа хийх цаг олгодог хүмүүс илүү бүтээлч байдаг. Бүтээлч байдалд багийн тогтвортой ажиллагаа ч нөлөөлдөг. Харилцан сайн ойлголцдог багийн бүтээлч байдал сайн байдаг.


Дээрх чадваруудыг хэрхэн хөгжүүлэхийг мэдэхийг хүсвэл СЕО Коллеж захирлуудын сургалтад хамрагдаж болно.


Дэлгэрэнгүй мэдээллийг 99049075, 70111839 утсаар