Нөхцөл байдлаас хамаарах манлайллын онолууд



Хэв хэмжээт шийдвэрийн загвар


Зарим нөхцөл байдалд манлайлагчид шийдвэр гаргах эрх мэдлийг ажилтандаа шилжүүлэх буюу шийдвэр гаргахад нь хэрэгтэй мэдээллийг хүсэх нь бий. Харин яаралтай буюу хямралын нөхцөл байдалд манлайлагч ажилтнуудын оролцоогүй юмуу бага оролцоотой шийдвэр гаргах болдог. Хэв хэмжээт шийдвэрийн загвар нь манлайлалтай гэхээсээ шийдвэр гаргалттай илүү холбоотой байдаг.


Оролцооны түвшин. Хэв хэмжээт шийдвэрийн загвар нь манлайлагчийн үр нөлөөг сайжруулах зорилгоор гарч ирсэн. Вруум, Иеттон нар маш олон манлайлагч, дагалдагч болон шийдвэр гаргалтын үйл явцад дагалдагчийн оролцох байдалд нөлөөлөгч нөхцөл байдлын хүчин зүйлийг судласан. Оролцооны түвшин болон бүлгийн гүйцэтгэлд нөхцөл байдал болон дагалдагчийн талаас ямар хүчин зүйлс нөлөөлдгийг илрүүлэхийн тулд тэд юуны өмнө бүлгээр ажиллах явцад манлайлагчийн гаргадаг шийдвэр гаргах процессыг судласан. Тэд шийдвэр гаргах процессыг хэт захиргаадахаас (autocratic-AI) бүлгийн бүх гишүүдийг оролцуулдаг хэт ардчилсан (democratic-GII) хүртэлх континуум маягаар явцагддаг гэж үзсэн.


Шийдвэрийн чанар ба хүлээн зөвшөөрөгдөх байдал. Вруум, Иеттон нар шийдвэрийн үнэн зөвийг үнэлэх шалгуурууд бий болгосон. Ингэхдээ манлайлагчийн түшиглэж болохуйц, оролцооны 5 түвшинд аль алинд нь хэрэгжих шалгуурууд бий болгохыг оролджээ.


Шийдвэрийн чанар гэдэг нь аль нэг шийдвэр бодитойгоор болон оюун ухаанаар “сайн юмуу муу” хувилбаруудыг нь тогтоож болохуйц байвал манлайлагч хамгийн сайн хувилбарыг сонгохыг хэлнэ.


Шийдвэрийн хүлээн зөвшөөрөгдөх байдал гэдэг нь дагалдагсад аль нэг шийдвэрийг өөрсдөө гаргасан мэт хүлээн авч, дагахыг хэлнэ. Дагалдагч аль нэг шийдвэрийг хэрэгжүүлэх зарчмын хариуцлага хүлээж байгаа бол түүний хувьд шийдвэрийг хүлээн зөвшөөрөх асуудал хурцаар тавигддаг. Дагалдагч шийдвэрийг өөрөө гаргасан гэж хүлээн зөвшөөрч байвал удирдлагын цаг үрсэн, байнгын хяналт шаардлагагүй болдог.


Шийдвэрийн мод. Вруум, Иеттон нар шийдвэрийн чанар болон хүлээн зөвшөөрөгдөх байдлыг үр дүнтэй шийдвэрийг үнэлэх 2 гол шалгуур гэж үзээд Хэв хэмжээт шийдвэрийн загвараа боловсруулсан байдаг.


Мөн тэд буруу юмуу нийцгүй шийдвэрийн процессыг хасч, шийдвэрийн чанар, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах цогц асуултууд боловсруулсан. Шийдвэрийнхээ чанар, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг оновчтой болгохын тулд манлайлагч дагалдагсдынхаа оролцоог тодорхойлох ажиллагааг хялбарчлахын тулд Вруум, Иеттон нар энэхүү асуултуудаа шийдвэрийн мод гэгчээр илэрхийлсэн.


Шийдвэрийн модыг ашиглахын тулд хэн нэгэн зүүн гар талд асуудлаа томъёолж тавьж, энэхүү загвар дагуу ажиллана. Хайрцаг таарах бүрт тухайн хайрцагт харгалзах асуултад “тийм” юмуу “үгүй” гэж хариулах замаар цааш явна. Ингэснээр бүх зам шийдвэр гаргах цогц процесст хүргэх бөгөөд түүнийг ашиглаж шийдвэр гаргаснаар чанар болон хүлээн зөвшөөрөгдөх байдал нь сайн байна.




Манлайлагч дагалдагсад дундаа шийдвэрийн чанар, хүлээн зөвшөөрөгдөх байдлын талаар хүссэн шалгууртаа хүрсэн боломжит цогц хувилбаруудыг олоод нэмэлт шалгуур хэрэглэж болох юм. Энд үлдэж буй цаг хугацаа гэсэн хэмжүүр практик ач холбогдол ихтэй байдаг. Хэрвээ цаг хугацаа чухал бол манлайлагч зүүн талд аль болох хол буй боломжит цогц хувилбараас аль нэг хувилбарыг сонгох хэрэгтэй.


Захиргаадсан маягийн шийдвэр гаргах нь зөвлөлдсөн буюу бүлгийн шийдвэр гаргахаас бага цаг зарцуулдаг. Гэвч анхны чухал алхам бол шийдвэрийн чанар, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хамгаалах явдал юм. Шийдвэр гаргахдаа манлайлагч зохих үр дүнд хүрсэний дараа л цаг хугацааг анхаарч байх ёстой.


Анхаарвал зохих өөр нэг шалгуур бол ажилтан хөгжих эсэх асуудал юм. Манлайлагч шийдвэрийн модыг ашиглан чанар болон хүлээн зөвшөөрөгдөх байдлыг анхаарсаны дараа цаг хугацаа чухал бус гэж үзсэн бол дагалдагсдынхаа шийдвэр гаргах ур чадварыг нэмэгдүүлэх процессыг ашиглаж болно. Ингэхдээ баруун талаас аль болох хол буй цогц хувилбараас аль нэг хувилбарыг сонгоно.


Эцэст нь, цаг хугацаа болон дагалдагсдын шийдвэр гаргах чадвар хөгжих эсэх нь чухал биш гэж үзэж буй тохиолдолд манлайлагч өөрийн хэрэгцээнд хамийн тохирсон хэв маягийг сонгож болно. Энэ нь манлайлагчид өөрт нь их тохиромжтой юмуу өөр чадваруудаа хөгжүүлэхэд нь туслах процесс байх ёстой.


Нөхцөл байдлаас хамаарах манлайллын загвар

Манлайлагчийн зан үйл.


Нөхцөл байдлаас хамаарах манлайллын загвар цаг хугацааны явцад өөрчлөгдөн хувирч ирсэн. Энэхүү загварын анхны элементүүд 1969 оноос эхтэй буюу Охайо мужийн судалгаанаас үндэстэй. Охайогийн судалгаа манлайлагчийн зан үйлийг бүтэц, зохион байгуулалтад чиглэгч, хүмүүсийг анхаарагч гэж хуваасан байдаг. Нөхцөл байдлаас хамаарах манлайллын загвар энэхүү хоёр томъёоллыг бага зэрэг өөрчилж, бүтэц, зохион байгуулалтад чиглэгчийг “Ажил үүрэгт чиглэсэн зан үйл” гэж өөрчилсөн. Ажил үүрэгт чиглэсэн зан үйлд хүмүүст юуг, яаж, хэзээ, хэн хийхийг хэлж өгөх ажилбарууд багтана. Үүнтэй адилаар хүмүүст чиглэсэн зан үйлийг “Харилцааны зан үйл” гэж өөрчилсөн. Харилцааны зан үйлд хүмүүсийг сонсох, урамшуулах, зааварлах, ажлыг нь тодотгох, ажил яагаад чухал болохыг тайлбарлах, дэмжлэг үзүүлэх зэрэг нь багтана.


Энэхүү загвар ёсоор зарим нөхцөл байдалд ажил үүрэгт чиглэсэн болон харилцааны зан үйлийн тодорхой хослол бусдаасаа илүү үр нөлөөтэй байдаг учир манлайллын хоёр хэмжээс гаргах нь зөв гэдэг.


Жишээлбэл зарим тохиолдолд харилцааны зан үйлээс ажил үүрэгт чиглэсэн зан үйл их байх нь үр нөлөөтэй байдаг бол өөр нөхцөлд эсрэгээр байж болно. Гэхдээ энд энэхүү хоёр зан үйлийн харьцаа хамгийн үр нөлөөтэй байхад хүргэх дагалдагчийн болон нөхцөл байдлын ямар шинжүүд байдгийг авч үзэх ёстой. Херси өгөгдсөн аль нэг ажилд дагалдагчийн бэлэн буй түвшнээс хамааран ажил үүрэгт чиглэсэн болон харилцааны зан үйлийн 4 хослол манлайллын үр нөлөөг нэмэгдүүлнэ гэж үзсэн.


Дагалдагчийн бэлэн байдал. Нөхцөл байдлаас хамаарах манлайллын загварт дагалдагчийн бэлэн байдал гэдэг нь тэрээр аль нэг ажлыг гүйцэтгэх хүсэл болон чадвартай байхыг хэлнэ. Бэлэн байдал гэдэг нь тухайн хүний хувийн онцлог, шинж, үнэт зүйл, нас гэх мэт биш юм. Тухайн хүн аль нэг ажлыг гүйцэтгэхэд хэр бэлэн буй байдал юм. Хэн нэгэн дагалдагч аль нэг ажилд бэлэн байдал муутай, өөр нэг ажилд өндөртэй байж болно.




Загварын гол санаанууд.

Дагалдагчийн бэлэн байдлыг тодорхойлсны дараа бид түүнийг өмнө үзсэн манлайлагчийн зан үйлийн 4 хослолтой холбох ёстой болно. Дээрх зураг дахь хэвтээ дүрслэл дагалдагчийн бэлэн байдал баруунаас зүүн тийш нэмэгдэж байгааг харуулж байна. Энд R1(сул)-ээс R4 (өндөр) хүртэл үргэлжилсэн континуум байна.


Энэхүү загварыг гүйцэд болгохын тулд дагалдагчийн бэлэн байдлаас хамааран хамгийн үр нөлөөтэй байх манлайлагчийн зан үйлийг харуулсан муруй зурсан байна. Энэхүү загварыг хэрэглэхийн тулд манлайлагч юуны өмнө аль нэг ажил үүрэгт дагалдагчийн бэлэн байдлын түвшин ямар байгааг (R1-R4) үнэлэх ёстой. Тэгээд бэлэн байдлын түвшний харгалзах шугамаас дээш нь муруй шугамтай огтлолцуулан шулуун татах хэрэгтэй. Уг шулуун муруй шугамтай огтлолцож буй нүд дагалдагчийг удирдах хамгийн зөв арга барил, манлайллын зан үйлийг харуулна.


Херси манлайлагчийн анхаарвал зохих өөр нэг алхмыг санал болгосон байдаг. Дээрх загвар манлайлагчид дагалдагчийн бэлэн байдлаас хамааран хамгийн тохирох зан үйлийг сонгоход нь тусладаг. Гэвч манлайлагч дагалдагчийн өөрийгөө хөгжүүлэхэд нь хөндлөнгөөс удаа дараа оролцох замаар бэлэн байдлыг нэмэгдүүлж болно гэдэг. Ингэхийн тулд дагалдагчийн тухайн үеийн бэлэн байдлыг үнэлж, манлайлагчийн зан үйлээ сонгох замаар үргэлжилнэ.


Нөхцөл байдлаас хамаарах манлайллын загвар нь ойлгоход хялбар, ердийн ойлголттой дөхүү байдаг.


Эх сурвалж: СЕО Коллеж сургалтаас