Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай 30-аад нэр төрлийн витамин, эрдэс бодис байдаг бөгөөд үүнийг хүний бие хангалттай хэмжээнд үйлдвэрлэж чаддаггүй. Тиймээс үүнийг хоол хүнсээр эсхүл нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх хэрэгтэй болдог. Витамин, эрдэс бодисын дутагдал эсхүл илүүдэл үүсэхийн аль аль нь хүний бие өвчлөхөд хүргэдэг. Дутагдлаас сэргийлэхийн тулд олон төрлийн жимс, ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн, сайн чанарын өөх тос, зохих хэмжээний уураг зэргийг хоол хүнсэндээ тэнцвэртэйгээр хэрэглэх хэрэгтэй. Харин илүүдэл нь хоол хүнсний хэрэглээнээс нэг их үүсдэггүй, нэмэлт бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар, өндөр тунгаар хэрэглэснээс үүсдэг. Илүүдэл үүсэх нь ч сөрөг нөлөөтэй байдаг учраас тунг нь тааруулах нь чухал юм. Харвардын их сургуулийн эрдэмтнүүд эдгээрийг нэмэлт бүтээгдэхүүнээр авсанаас хоол хүнсээр дамжуулан авах нь хамгийн сайн арга гэж үздэг.
Витамин, эрдэс бодисын ялгаа:
Энгийнээр хэлбэл витамин гэдэг нь хүний биед бага хэмжээгээр шаардагддаг, ургамлын болон амьтны гаралтай органик бодис юм. Харин эрдэс бодис гэдэг нь чулуулаг, хөрс, уснаас гаралтай органик бус элемент юм. Бүтцийн хувьд витамин нь агаар, халуун, хүчлийн нөлөөгөөр хувиралд ордог бол эрдэс бодис витамин шиг хувиралд орж бүтцээ алддаггүй. Хоорондоо ялгаатай ч эдгээр нь ихэвчлэн бие биенээ дэмжин ажилладаг. Жишээлбэл, витамин D нь хоол хүнсээр дамжин биед орж буй кальцийг шингээн, ясан дахь кальци алдагдахаас сэргийлдэг.
Витаминыг усан болон тосон суурьтай, эрдэс бодисыг макро болон микро гэж ангилдаг.
Тосон суурьтай витаминуудад A, D, E, K витамин багтах бөгөөд хүний биеийн өөхөн эд болон элгэнд хуримтлагдаж шаардлагатай үед бие рүү зөөгддөг. Эдгээр нь яс, эс, нүдний хараа зэргийг эрүүл байлгахад тустай байдаг.
Усан суурьтай витаминуудад B витамины төрлүүдээс B7, B3, B5, B2, B1, B6, B12, B9 агуулсан фолийн хүчил болон C витамин ордог бөгөөд эдгээр нь хүний биед хялбархан эргэлтэд ордог. Эдгээр нь хоол хүнсийг энерги болгон хувиргах, эсийн хуваагдал, коллаген ялгаруулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг.
Макро эрдэс бодист кальци, хлорид, магни, фосфор, кали, натри, хүхэр багтдаг бөгөөд хамгийн чухал үүрэг нь эсийн мембраны тэнцвэрийг хадгалах, дохиолол, шим тэжээл, элч зэргийг эс рүү болон эсээс гадагш зөөх юм.
Микро эрдэс бодист хром, зэс, фтор, иод, төмөр, манган, молибден, селен, цайр багтах бөгөөд хүчил төрөгчийг биеэр дамжуулах, амт, үнэр болон дархлааны хариу урвалыг сайжруулах гэх мэт чухал үүрэг гүйцэтгэдэг.
Антиоксидант гэдэг нь ДНХ, эсийн мембран болон эсийн бусад хэсгүүдийг гэмтээдэг чөлөөт радикалууд гэж нэрлэгддэг тогтворгүй молекулуудыг эсэргүүцэх аливаа нэгдлийн ерөнхий нэр томъёо юм. Чөлөөт радикалууд бусад молекулуудаас электроныг нь авч тэдгээр молекулуудыг гэмтээдэг. Хүний бие тамхины утаа, хэт ягаан туяа, агаарын бохирдол зэрэг хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс болон эсийн хэвийн үйл ажиллагааны явцад чөлөөт радикалуудыг үүсгэдэг. Антиоксидантууд өөрийн электроноос хуваалцах замаар чөлөөт радикалуудыг саармагжуулдаг учраас бидний биед хэрэгтэй байдаг. С, Е, зэс, цайр, селен зэрэг маш олон витамин болон зарим төрлийн эрдэс бодисууд антиоксидантын үүрэг гүйцэтгэдэг.
Эх сурвалж: A HARVARD MEDICAL SCHOOL, SPECIAL HEALTH REPORT
Та бүхэн үргэлжлэлийг дараагийн нийтлэлээс үзээрэй.