MIT-ийн инженерүүд хүний биеийг нэвт харуулдаг наалт бүтээжээ

2022/08/01 Админ 1958 0 сэтгэгдэл

 

MIT-ийн инженерүүдийн цоо шинээр бүтээсэн, чүдэнзний хайрцгийн хэмжээтэй энэхүү шинэ хэт авианы наалдамхай төхөөрөмж нь зүрх, уушги болон дотор эрхтний дүрсийг маш тодорхой харуулдаг.

Хэт авианы оношилгоо гэж юу вэ?

Хэт авианы оношилгоо нь өвчтөний дотоод эрхтний бодит дүрсийг эмч нарт үзүүлдэг, бие махбодын үйл ажиллагаанд аюулгүй /арьс болон салст бүрхүүлийг гэмтээдэггүй/ арга техник юм. Өндөр давтамжтай дууны долгионы тусламжтайгаар хүний биеийн эрүүл ба эмгэг эрхтэн системийн бүтцийн болон голомтот өөрчлөлтийн талаарх мэдээлэл авах оношилгооны арга юм. Эдгээр зургийг авахын тулд сургагдсан техникчид хэт авианы хэрэгсэл ашиглан өндөр давтамжтай дууны долгионыг биед чиглүүлдэг. Компьютерын тусламжтайгаар буцаж ойн ирж байгаа дууны долгионыг дүрст хэлбэрт шилжүүлж өвчтөний зүрх, уушги болон бусад эрхтнүүдийн өндөр нарийвчлалтай зургийг гаргадаг.

MIT-ийн шинэ наалт

Одоогийн байдлаар хэт авиан оношилгоонд зөвхөн эмнэлэгт байдаг том хэмжээтэй тусгай тоног төхөөрөмж шаардлагатай. Гэвч MIT-ийн инженерүүдийн саяхан гаргасан шинэ загвар нь энэ технологийг эмийн сангаас шархны лент худалдаж аваад наахтай адил хялбар, хүртээмжтэй болгох юм байна. Энэхүү шинэ хэт авианы наалт нь шуудангийн маркийн хэмжээтэй, арьсанд наалддаг төхөөрөмж бөгөөд 48 цагийн турш дотоод эрхтний хэт авиан дүрсийг тасралтгүй авах боломжтой.

Судлаачид наалтыг сайн дурын хүмүүс дээр туршсан бөгөөд гол судаснууд болон зүрх, уушги, ходоод гэх мэт далд эрхтнүүдийн өндөр нарийвчлалтай зургийг гаргаж авсан байдлыг үзүүлжээ. Туршилтад оролцогсод суух, зогсох, гүйх, дугуй унах зэрэг янз бүрийн идэвхтэй хөдөлгөөн хийх үед тус төхөөрөмж нь маш сайн наалдцыг хадгалж дотоод эрхтнүүдийн өөрчлөлтийг тод харуулсан байна.

Одоогийн загвар нь наалтад туссан дууны долгионыг дүрс болгон хувиргах хэрэгсэлд холбогдох шаардлагатай. Судлаачид наалт нь одоогийн хэлбэрээр байсан ч шууд хэрэглэгдэх боломжтой гэдгийг онцолж байгаа юм байна. Жишээ нь эдгээр төхөөрөмжийг эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөнүүдэд хэрэглэх боломжтой бөгөөд техникчийн шаардлагагүйгээр дотор эрхтний зургийг тасралтгүй авах боломжтой.

Төхөөрөмжийг утасгүй ажиллуулах тал дээр судлаачдын баг одоогоор ажиллаж байна. Ингэж чадвал хэт авианы наалтыг өвчтөн дурын эмийн сангаас худалдан аваад нааж болдог болох юм. Мөн таны гар утастай холбогдож хиймэл оюун ухааны алгоритмууд хүссэн зургуудад дүн шинжилгээ хийх болно. "Хүний бие дээр цөөн хэдэн наалт наагаад дотоод эрхтнээ харж болох дүрслэлийн шинэ эрин үеийг нээсэн гэдэгт бид бат итгэж байна" хэмээн зохион бүтээгчид нь хэлж байгаа юм.

Төхөөрөмжийн бүтэц

Төхөөрөмжийн наалдамхай давхарга нь дууны долгионыг хялбархан дамжуулдаг голдуу усан суурьтай материал болох хатуу гидрогелийн дунд давхаргыг бүрхсэн эластомерын хоёр нимгэн давхаргаар хийгдсэн. Уламжлалт хэт авианы гелиүдээс ялгаатай нь MIT багийн гидрогель нь уян хатан, сунамтгай бүтэцтэй байдаг.

Доод эластомер давхарга нь арьсанд наалдахаар бүтээгдсэн бол дээд давхарга нь багийн зохион бүтээсэн тусгай хатуу цуваа хувиргагчид наалддаг. Хэт авианы наалт бүхэлдээ 2 хавтгай дөрвөлжин см, зузаан нь 3 миллиметр буюу шуудангийн маркийн хэмжээтэй байна.

Туршилтаас олж илрүүлсэн судалгааны дүн

Судалгааны багийнхан наалт дээрх зургуудаас сууж буй болон зогсох үеийн гол судасны диаметр хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах боломжтой байсан төдийгүй далд эрхтнүүдийн өөрчлөлтийг харж чаджээ. Жишээ нь дасгал хийх явцад зүрхний хэлбэр хэрхэн өөрчлөгдөж юм идэж уусны дараа ходоод хэрхэн томорч, агшиж байгааг ажиглаж чадсан байна. Мөн зарим хүмүүс жин өргөх үед булчингийн доод хэсэгт байрлах тод хээг илрүүлсэн бөгөөд энэ нь булчингийн бичил гэмтлийг илтгэсэн байна.

"Цаашид энэхүү наалтын тусламжтайгаар бид булчинг хэт их ачаалал авч булгарахаас өмнө дасгал хийхийг зогсоох боломжтой болно" гэж зохион бүтээгч нь хэлэв.

https://www.youtube.com/watch?v=Kn2J8W4csNc&t=5s

Эх сурвалж: MIT Institute


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
10мин 2022/03/30

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.