Гайхалтай илтгэл танилцуулах үр дүнтэй 8 арга

2020/10/05 Админ 9343 1 сэтгэгдэл

 

Олон нийтийн яриа хийнэ гэдэг тийм ч амар зүйл биш гэдгийг бид бүгд мэднэ. Ихэнх хүн илтгэл тавихдаа, эсвэл зүгээр л олон хүний өмнө гарч ярихдаа сандарч, чичирч тэр ч бүү хэл сэтгэл санаагаар унадаг нь тогтоогджээ.

Мэдээж хүн бүхний дотор сайн илтгэгч болж, олон нийтийн яриандаа шилдэг нь болох хүсэл нуугдаж байдаг. Тэгвэл бид та бүхэнд хэрхэн айдсаа даван туулж, үр дүнтэй илтгэл тавих тухай гайхалтай хэдэн зөвлөмжийг хүргэж байна.

1. ИЛТГЭЛ ТАВИХ ҮЙЛ ЯВЦ ЧИНИЙ ТУХАЙ БИШ, СЭДВИЙН ЧИНЬ ТУХАЙ ГЭДГИЙГ САЙТАР ОЙЛГО

Нэгэн судалгаагаар маш олон хүн илтгэл тавихын оронд халуун шөл толгой дээрээ асгахыг илүүд үзнэ гэж хариулсан байдаг. Энэ нь хүмүүс илтгэл тавих тал дээр хэр зэрэг айдастай явдгийн тод жишээ юм. Иймэрхүү айдастайгаар хүн хэзээ ч амжилттай илтгэл тавихгүй бөгөөд харин ч эсрэгээрээ өөрийгөө ичгэвтэр байдалд оруулах нь элбэг байдаг.  Юун түрүүнд та өөрийгөө бусдад чухал хэрэгтэй мэдээллийг дамжуулан хүргэгч гэдгээ ойлгох хэрэгтэй. Та илтгэл тавьж байхдаа өөрийгөө тэмцээнд оролцож байгаа мэт бодож (оролцож байсан ч гэсэн) хэт их хичээж, биеэ барих нь айдсыг улам нэмэгдүүлнэ. Тиймээс өөрийгөө зүгээр л хийсэн ажлаа, хэлэх гэсэн санаагаа бусдад хүргэж байгаа энгийн нэг яриа  түгээгч гэдгээр хараарай.

Харин үүний дараа та ямар сэдвээр ямар санаа хүргэх гэж байгаагаа сайн ухаарах хэрэгтэй. Та өөр дээрээ биш зөвхөн хүргэж байгаа сэдэв дээрээ анхаарал төвлөрүүлснээр илүү үр дүнтэй илтгэлийг бусдад хүргэж чадна.

2. ГОЛ САНААГАА ТОДОРХОЙЛ

Та илтгэл тавихдаа өөрийн санааг агуулсан гарчиг өгч, ерөнхий санаагаа тодорхойлох нь мэдээжийн зүйл. Гэвч зарим хүмүүс өөрийн яг гол хүргэх гэж байгаа санаагаа өргөн том сэдэвтэй хольж хутгаад андуурах тохиолдол байдаг. Яваандаа тэр өргөн сэдэвтээ төөрөлдөж, гол санаанаасаа хазайж орхидог.  Хэрэв та өөрийгөө гол санаагаа сайтар тодорхойлсон гэж бодож байвал дараах хэдэн асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. wink

  • Гол санаа тань юу вэ?
  • Гол санаагаа ямар тактиктай хүргэх вэ?
  • Таны илтгэлийн үр нөлөө нь юу байх вэ?
  • Таны илтгэлээс бусад хүмүүс юу сурч болох вэ?

Гэхдээ гол нь эдгээр асуултууд тань олон баримт нотолгоо, мэдээлэлд суурилсан мөн шалтгаалаг байх ёстойг анхаараарай.

3. ТЭМДЭГЛЭЛ АШИГЛА

Та илтгэл тавихдаа үгээ болон ярих гэж байгаа сэдвээ мартахгүйн  тулд тэмдэглэл ашиглаад үзээрэй.  Гэхдээ хэдэн хуудас нуршсан тэмдэглэл биш нэг жижиг нүүрэн дээр багтаасан жагсаалт маягаар хийгээрэй.  Яг л та дэлгүүрээс худалдаж авах зүйлсээ жагсааж товчилж бичдэгтэй адил.

Жишээ нь:

4. ЧАНГА ТОД ЯРЬ

Та танхимд байна уу, онлайнаар илтгэл тавина уу, ямар  ч ялгаагүй дууны өнгө хамгийн чухалд тооцогдоно. Чанга, тод дуу хоолой нь таныг өөртөө итгэлтэй, зоригтой, удирдагч гэж бусдад харагдуулахаас гадна хүргэж байгаа санааг тань илүү ойлгомжтойгоор хүрэхэд тусална. Таны илтгэлийн санаа дутуу байсан ч дуу хоолойгоороо өөрийгөө аварч болдгийг нэгэн судалгаагаар тодорхойлсон байдаг. Багш сурагчид даа нэг хэсэгт нь чанга дуугаар илтгэл тавихыг даалгавар болгож нөгөө хэсэг бүлэгт нь сонсож дүгнэхийг даалгасан байна. Чанга дуугаар ярьсан сурагчид илтгэлийн үеэр өөртөө итгэлтэй болсон ба цаашдаа хэний ч өмнө ярьж чадах юм шиг санагдсан гэжээ. Харин дүгнэж суусан сурагчид тэднийг маш өөртөө итгэлтэй, итгэл төрөхүйц сонсогдсон гэсэн байна. Энэ бол дууны өнгө аясын хүч юм.

5. ӨӨРӨӨРӨӨ БАЙ

Илтгэл тавихаасаа өмнө хүмүүс бүгд нэг нийтлэг зүйлийг их асуудаг. Би найтаах ч юм уу эвшээвэл яах вэ? Сул үг ашиглах ч юм уу үгээ гэнэт мартаад таг болчихвол яах вэ? гэх мэт.

Яг үнэндээ энэ бүхний хариулт нь: Өөрөөрөө бай.

Хүмүүс яг үнэндээ хүний уугуул чанар, энгийн байгаа байдал, тэр ч бүү хэл эвгүй, эв хавгүй байдалд нь илүү дуртай байх хандлагатай байдаг. Харин хиймэл дүр эсгэж, аливааг дуурайн жүжиглэх, эсвэл биеэ барих нь бүүр ч эвгүй байдалд оруулан бусдад онцгүй сэтгэгдэл төрүүлдэг байна.

Тэгэхээр инээмээр байвал инээ. Эвшээмээр байвал эвшээ. Хэрвээ тухайн цаг мөчид хөгжилдмөөр байвал хөгжилд. Та өөрийнхөөрөө байснаар хүргэх гэсэн санаагаа төвөггүй хүргэж чадна.

6. ДАВТЛАГАА УТГА УЧИРТАЙ БАЙЛГА

Хэрвээ та  бэлтгэлээ ямар ч утга агууламжгүйгээр хийх юм бол түүнийгээ хэд ч хийгээд ямар ч үр дүнд хүргэхгүй гэдгийг санаарай. Утга учиргүй их давтсанаас, утга учиртайгаар тодорхой цагт чанартай бэлдсэн нь дээр. Тиймээс та эхлээд давтахдаа яг хүмүүсийн өмнө ярьж байгаа мэтээр төсөөлж, үгээ цэвэр тод хэлж, өгүүлж байгаа өгүүлэмжтэйгээ биеийн хэлэмжээ уялдуулаарай. Гэхдээ нэг зүйл сануулахад толины өмнө бэлтгэл хийхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нь таны сул талыг тодотгож, өө сэвийг тань харагдуулж, өөртөө итгэлгүй болж сэтгэлээр унагахад хүргэдэг аюултай. Мөн танд ямар ч видео бичлэг хэрэггүй гэдгийг ч бас санаарай.

7. СЭТГЭЛ ХӨӨРЛИЙН МЭДРЭМЖИЙГ БИЙ БОЛГО

Танд төрж байгаа сандралын мэдрэмж болон бусад онцгүй мэдрэмжийг яг үнэндээ өөрчлөх арга байдгийг та мэдэх үү. Энэ арга их энгийн. Та ердөө л бодолдоо өөрийгөө итгүүлэхэд хангалттай. Жишээ нь та “Би сандарч байна”, “Би сандарч байна” гээд л байвал аажимдаа бие организм чинь энэ мэдээг хүлээн аван бүхэл биеэр чинь айдас тархаж эхэлнэ. Харин үүний оронд “Би жаргалтай байна”, “Би жаргалтай байна” гэж хэлбэл мөн л адилхан таны тархины үйл ажиллагаа хэлснийг, бодсоныг тань хүлээж авах бөгөөд авсан чигээрээ дохио өгч энерги ялгаруулна. Тийм болохоор та өөрийгөө чадна гэж итгүүлэх, жаргалтай байгаагаа мэдрэх, сандрахгүй гэж бодох нь хамгийн чухал юм шүү.

8. РОЁ-ЫГ УСТГА

За тэгэхээр Роё гээч нь чухам хэн юм бол гэж гайхах хэрэггүй. Энэ бол таны дотор сууж байдаг хорчин нэгэн юм. Тэр таныг амьдралдаа юу ч хийж байсан үргэлж л илүү дутуу юм ярьж таныг самгардуулдаг нэгэн. Ялангуяа олон нийтийн яриа, илтгэл тавих үед тэр хамгийн ихээр хөндлөнгөөс оролцдог нь үнэхээр төвөгтэй. Тэрээр тархинд тань оршиж өдөр ирэх тутам та биднийг бага багаар хөнөөсөөр байдаг нь юутай харамсалтай. Тийм болохоор түүнийг гараад ирмэгц л шууд устгаж байх нь зүйтэй. Чи хэзээ ч чадахгүй, Чи онцгүй хоолойтой шүү дээ, Чи царай муутай болохоор хэн ч чамайг сонсохгүй, Чиний ярьж байгаа яг бусдад таалагдах уу, Ийм онцгүй илтгэлийг яг тэгээд хүмүүс ойлгох юм уу гэх мэт дуу хоолой дотроос тань сонсогдож таны итгэлийг үгүй хийх л юм бол Роё таниар даажигнаж байна гэж бодоорой.  Тиймээс иймэрхүү бодлуудтайгаа тэмцэж, нухчин дарж байх нь хамгийн чухал юм шүү.

 

Дэлгэрэнгүйг: Реторик сургалтаас....

 

 

 


СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.229.122.69] 2020/12/18
Сонирхолтой сайхан санагдлаа
Сүүлд нэмэгдсэн
Их уншсан
Видео инфографик
Бүх видео
Холбоотой мэдээ
Бүх мэдээ

Маркетингийн мэдээ, мэдээлэл авах

Та дижитал маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг ханпдлага, дэвшлүүд болон арга техникүүдийн талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авах хүсэлтэй бол и-мэйл хаягаа бүртгүүлээрэй. Баярлалаа.