Таны бизнест чухал нөлөө үзүүлдэг хүмүүст талархалаа заавал илэрхийлж байх нь маш чухал юм. Ялангуяа та бизнес эрхлэгч бол баяр наадам бүрээр юу ч хийлгүй өнгөрөөнө гэдэг маш том алдаа байх болно. Тиймээс та бүхэнд тэдгээр чухал хүмүүст хэрхэн талархал илэрхийлж болох хэд хэдэн аргыг танилцуулж байна.
Үйлчлүүлэгч нартаа
Магадгүй таны бизнест хамгийн чухал хэрнээ хамгийн их мартагдаж орхидог хүмүүс таны үйлчлүүлэгч нар байж болох юм. Үйлчлүүлэгч нар гэдэг бол зөвхөн танайхаар үйлчлүүлснийхээ төлөө мөнгө төлөхөөс гадна танай компанийн талаар гэр бүл найз нөхөддөө ярьдаг гэдгийг битгий мартаарай. Тиймээс та үйлчлүүлэгч нартаа зориулан дараах талархах арга хэмжээг аваарай.
- VIP худалдаа зохион байгуулах: Таны бизнесийн нэлээд хэсгийг бүрдүүлдэг хүмүүс нь танай байнгын үйлчлүүлэгч нар болон алтан карт эзэмшигч зэрэг хэсэг бүлэг хүмүүс байх нь бий. Тиймээс тэдгээр хүмүүст тэднийг хамгийн чухал хүмүүс гэдгийг нь мэдрүүлэх зорилгоор зөвхөн тэдэнд зориулсан тусгай худалдаа зохион байгуулах нь их үүр дүнтэй байдаг.
- Хүмүүст тусгайлан үйлчлэх: Баяр наадмын өдрүүдээр хүмүүс дэлгүүр хоршоо хэсэх, бэлэг сэлт сонгох гээд нэлээд стресстэй байдаг. Тэгвэл та тэдний стрессийг намжааж, тэдэнд хэрэгтэй байгаа үйлчилгээг нь яагаад санал болгож болохгүй гэж. Ялангуяа та худалдааны бизнес эрхэлдэг бол дэлгүүрийнхээ тасгийг төрөлжүүлж, сонголт хийхэд нь туслах ажилтныг ажиллуулах зэрэг нь үйлчлүүлэгч нарын цаг завыг маш их хэмнэдэг.
- Гараар бичсэн талархалын захиа илгээх: Орчин үед иймэрхүү төрлийн ил захидал, баярын мэндчилгээ гэж бараг байхаа больсон байна. Тэгвэл харин ч энэ боломжийг ашиглан гараар бичсэн ил захидлыг үйлчлүүлэгч нартаа хүргүүлээрэй. Хэдийгээр их цаг зарцуулж болох ч ийм захиа хүлээн авсан үйлчлүүлэгч танайхаар заавал дахин үйлчлүүлэхээр ирнэ гэдэгт итгэлтэй байж болно.
Стратегийн түнш нартаа
Стратегийн түнш гэдгийг таны бизнест чухал нөлөө үзүүлдэг таны бизнесийг дэмждэг бусад компаниуд гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв та жижиглэн худалдаа эрхэлдэг бол таны стратегийн түнш нь таны түрээслэдэг дэлгүүр, рестораны бизнес эрхэлдэг бол хуримын үйл ажиллагаа явуулдаг компани зэрэг нь таны стратегийн түнш юм. Эдгээр хүмүүс болон компани нь таны бизнест ашиг авчирч, үйлчлүүлэгч нарыг татахад маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг.
- Мэндчилгээ илгээх: Өөрийн хамгийн чухал стратегийн түншдээ тусгайлан мэндчилгээ бэлтгэж шуудангаар явуулаарай. Энэ нь имэйлээр ирсэн ямар нэг мэндчилгээнээс илүү их сэтгэгдэл төрүүлэх болно. Тэдний таны бизнест оруулж буй хувь нэмэрт талархалаа илэрхийлж бичих нь мэдээж бөөнд нь хэвлэсэн ил захидлаас хавьгүй илүү шүү дээ.
- Бэлэг илгээх: Мөн мэдээж баяр наадмын өдөр дөхөж байгаатай холбогдуулан зөвхөн ил захидлаар өөрийнхөө талархсан сэтгэлийг хязгаарлах хэрэггүй. Онцлох бүтээгдэхүүний багц, шинэ бүтээгдэхүүний дээж, тусгай үйлчилгээний эрх гэх мэт аль ч байдлаар талархалаа илэрхийлж болон шүү дээ.
Ажилчиддаа
Ажилчид бол танай компаний зүрх юм. Тэд таны л бизнесийг амжилтанд хүргэхийн тулд өдөр шөнөгүй хичээн ажиллаж байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Мэдээж тэдэнд талархалаа илэрхийлж амжвал тэд цаашдаа улам л хичээж ажиллана шүү дээ.
- Ажилчидаа өдрийн хоолонд урих: Хоол идэнгээ хоорондоо ярилцах нь илүү нээлттэй байдлыг бий болгож үзэл бодлоо чөлөөтэй солилцох боломжийг олгодог. Тэдэнд ажил дээр юу таалагдахгүй байгааг, цаашид ямар төлөвлөгөөтэй байгаа талаар ярилцах нь ажилчид таныг өөрсдөд нь анхаарал тавьдаг гэдгийг мэрүүлж чаддаг.
- Цалинтай чөлөө өгөх: Мэдээж баярын өдрүүд дөхөөд таны бизнес завгүй байх нь тодорхой хэдий ч ажилтнуудын тань хувийн амьдралд ч гэсэн завгүй өдрүүд ирж байгаа гэдгийг мартаж болохгүй. Шууд мөнгөн шагнал өгөхгүй ч гэсэн цалинтай амралт ажилчдын чихэнд ямар сайхан сонсогдохыг бодоод үз л дээ. Цалинтай амралт авсан ажилчид гэр бүлтэйгээ аз жаргалтай, сэтгэл хангалуун өнгөрөөсөн цаг хугацаа бүртээ танд талархаж, улам бүр хичээж ажиллах болно.
- Нууцаар бэлэг өгөх: Энэ нь заавал үнэтэй том бэлэг байх албагүй. Өглөө ажилдаа орж ирээд ширээн дээрээ суухад нь бэлэг байвал, эсвэл шүүгээн дотор нь жижигхэн ч гэсэн бэлэг хийсэн байвал баярлахгүй хүн байна гэж үү. Энэ нь баярын өмнөх завгүй өдрүүдийг илүү сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэхэд туслах болно.
- Хамтдаа баяраа тэмдэглэх: Мэдээж энэ нь яг баярын өдрөөр тэмдэглэнэ гэсэн үг биш шүү дээ. Бүгд дарга ажилтан гэлтгүй тал талаасаа идэж уух зүйл зэрэг бэлтгэж, ширээ засан ажлынхантайгаа баяраа тэмдэглээрэй. Энэ нь ажилчдад нэг төрлийн амралт болж баяраа хоёр дахин тэмдэглэж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх болно.
Эцэст нь өөртөө
Та ч гэсэн талархал хүртэх эрхтэй хүн юм шүү. Асар олон хүний өмнөөс хариуцлага хүлээж, өдөржин шөнөжин завгүй ажилласан учраас та ч мөн өөрөө өөртөө “талархаж” баяр хүргэж байх хэрэгтэй. Өөртөө бага зэрэг амралт гарган өгч хаа нэг тийшээ аялж яагаад болохгүй гэж. Ямартаа ч юу таныг баярлуулахыг гагцхүү та л хэнээс ч илүү сайн мэдэж байгаа биз ээ.
Таны ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье.