​​Борлуулалтын боломж бий болгох 8 арга



Борлуулалтын боломж бий болгохын тулд танд дараах 3 зүйл хэрэгтэй:


- Зорилтот худалдан авагчийн талаарх бичмэл мэдээлэл


- Боломжит худалдан авагчдыг багтаасан бүх хэрэглэгчдийн жагсаалт


- Худалдан авагчиддаа хүрэх аргууд зэрэг болно.


Худалдан авагчиддаа хүрэх шалгарсан 8 арга байдаг. Үүнд:


Бие биенээ дэмждэг түншлэгч байгууллагаараа гэрчлүүлэх:


Ажиллаж байгаа зах зээлээс тань шалтгаална. Бизнесээс шууд бизнест борлуулалт хийдэг бол өөрийнхтэйгээ ойролцоо үйл ажиллагаа эрхлэгч байгууллагаар гэрчлүүлж болно. Жишээлбэл танайх мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бол техник хангамж үйлдвэрлэдэг компанитай түншлэх хэрэгтэй. Тэдний борлуулалтын ажилтнууд танай хэрэглэгчид рүү утасдаж, танай хоёр компани хэрэглэгчид болон худалдан авагчдын талаарх мэдээллээ харилцан хуваалцаж болно.


Зүс үзээгүй худалдан авагчидтай утсаар ярих:


Хүн бүхэн дургүй байдаг ч зөвөөр хийж чадвал борлуулалтын боломж бий болгох хамгийн үр дүнтэй арга юм. Хэрвээ та худалдан авагчидтай байнга утсаар ярьдаг бол борлуулалтын боломж бий болгох боломж төдийчинээ их байна.


Шууд семинар:


Шууд семинар нь борлуулалтын боломж бий болгох чухал арга юм. Энэ нь худалдан авагчийн худалдан авах процессын анхны шатуудад хүрч борлуулалт хийх боломж олгодог. Семинарыг амжилттай зохион байгуулах үндэс нь зорилтот зах зээлийн шийдвэрлэхийг үнэхээр хүсч буй асуудлын шийдлийг санал болгох явдал юм. Үүнийг танай компани бүхэлдээ юмуу нэг ажилтан тань хийж болно. Шууд семинарыг хямд өртгөөр хийж болно. Байр түрээслэх, цайны материал, аудио-видео тоног төхөөрөмжүүд, идэвхжүүлэлт зэрэгт л зардал гарна. Теле семинарыг бүр хямд өртгөөр хийж болно.


Үзэсгэлэн худалдаа:


Худалдан авагч болох боломжтой зах зээл рүү чиглэсэн бол үзэсгэлэн худалдаа нь борлуулалтын боломж бий болгох сайхан арга юм. Иймэрхүү арга хэмжээнд борлуулалт бий болгох зар сурталчилгаа нь өндөр чанартай байх албагүй байдаг. Яагаад гэвэл оролцогчид нь шийдвэр гаргагчид биш, голдуу зөвлөгөө өгөх, нөлөөлөх төдий эрх мэдэлтэй хүмүүс байдаг.


Олон хэрэглэгч рүү нэгэн зэрэг захиа явуулах:


Борлуулалтын танилцуулах захидал нь борлуулалтын боломж бий болгоход хэт их ашиглагддаг арга юм. Үүнийг шууд маркетинг гэдэг. Гэвч борлуулалтын талбар дээр ажиллаж буй борлуулалтын ажилтан болон бизнесийн мэргэжилтнүүд энэхүү аргыг яаж зөв ашиглахаа мэддэггүй. Энэхүү аргыг үр дүнтэй ашиглахын гол нууц нь цөөн тооны чанартай хэрэглэгчдэд сайн бичсэн захидал явуулах явдал юм.


Зар сурталчилгаа:


Энэхүү аргыг зөв хэрэгжүүлвэл маш үр дүнтэй. Хамгийн гол нь зорьж буй хэрэглэгчдэд хүрэх хэрэгслийг зөв сонгож авах нь л чухал. Хүмүүсийг үйлдэлд уриалах зар сурталчилгаа л явуулах ёстой. Борлуулалтын боломж бий болгохын тулд том компани маягийн дүр төрхтэй зар сурталчилгаа хийхээс зайлсхийх ёстой.


Интернэт сурталчилгаа:


Жижиг бизнес болон хувиараа бизнес эрхлэгч хүмүүст энэ нь маш тохиромжтой арга юм. Сайн зохион байгуулалт бүхий вэбтэй бол сурталчилгаа бүтээж тавих хэрэгтэй. Худалдан авагч ямар түлхүүр үгээр хайвал танай сурталчилгааг олж харах вэ гэдгийг бодолцож зорилттой, чанартай сурталчилгаа хийж тавих ёстой.


Электрон шуудангаар захиа илгээх:


Борлуулалтын ажилтан юмуу бизнес эрхлэгч электрон шуудангийн захиа бичиж семинар, үзэсгэлэн худалдаа, олон хүмүүст захиа илгээх үед бүртгүүлсэн, холбогдсон хүмүүс рүү явуулж болно. Хэрвээ та борлуулалтын ажилтан бол яагаад электрон шуудан явуулж болохгүй гэж? Салбарынхаа талаарх мэдээлэл болон санаа оноог зах зээлийн зорилтот хэсэг рүү илгээж болно. Таны хувьд тэдний санаанд хэрэглэгчдээс илүү тод байх учир тэд таны худалдан авагч болох магадлал төдий их байна.


- Мастер борлуулагч сургалтаас