​Шинэ оны 9 санамж



2018 оны ажлын эхний өдрийн мэндийг хүргэе. Шинэ жил, шинэ сар бүх зүйл цоо шинэ болохгүй хэдий ч удаан хүлээсэн өөрчлөлтийг хийж эхлэх цаг яг одоо шүү дээ.


Бодлын зуршил.


Хүн эхлээд зуршлыг, дараа зуршил хүнийг бүтээдэг гэдэг. Бодол санаагаа зөв эргүүлэгт байлгахгүй бол гол эрч хүч, энергиэ буруу зүйлд алдахад хүрнэ. Бидний зарим нь өнгөрсөн өдрүүдийг өөрсдийн эрч хүчээр хооллож байдаг. Өнгөрсөнд их ач холбогдол өгдөг хүний бие сэтгэл үргэлж ухарч байдаг. Тиймээс өнгөрсөнтэйгээ салах ёс хийгээрэй. 2018 онд хийж бүтээх үйл хэрэгтэй төвлөрөөрэй.


Төлөвлөгөө бол төсөөлөл биш.


Та бидэнд хийх ажил их байгаа нь үнэн. Хэчнээн хүслээ ч эхнээс эцэс хүртэл зөв төлөвлөж чадахгүй бол ажил хэрэг болгож чадахгүй ч байж мэднэ. Бидний ихэнх нь төсөөллөө төлөвлөлт хэмээн төөрөлддөг. Хийх ёстой, хийх боломжтой, хийхийг хүсэж буй ажлуудын алтан огтлолцол дээр таны ажил хэргээ явуулаарай.


Нэг жил нэг зүйлд төвлөр.


Бүхнийг зэрэг амжуулах хүсэл тээсэн хүн юу ч амжуулахгүй ч байж мэднэ. Нэг жил нэг том ажилд л төвлөрцгөөе. Өдөр бүр тухайн үйл хэрэгтээ бие, сэтгэл, ажил гурваа зориулах нь чухал. Хийж буй ажил нь өөр, сэтгэл санаа нь өөр газар байгаад байж болохгүй шүү дээ.


Өдөр бүр 2 зүйл.


Тухайн жилийн үйл хэргийг бүтээхэд туслах хоёр ажлыг өдөр бүр гүйцэтгэж байх. Чухал ажлаа гүйцэтгэхдээ аль болох хамгийн бүтээмжтэй байдаг өглөөний цагийг ашиглаарай. Хувийн зохион байгуулалтаа эргэн нэг харж, олон нийтийн цахим сүлжээг аль болох бага ашиглаарай. Эмх цэгцгүй байдал бол цаг хугацааны паразит л байдаг шүү дээ.


Асуудлыг шийдвэрлэж байх.


Ажил өрнөж байхад асуудалтай нүүр тулах нь гарцаагүй. Угаас асуудалгүй айл өрх, албан байгууллага гэж байхгүй. Асуудлыг шийдэхдээ эхлээд бүх асуудлаа жагсаа, ард талд бүх нөөцөө жагсаа. Түүний дараа зөв шийдлийн тухай ярьж болно.


Унш тэгээд холбо.


Амжилттай хүмүүст уншдаг нууц ном гэж байдаггүй. Тэд бидний уншдаг номуудыг л уншдаг. Тэд 100 ном гүйлгэн уншихаас илүү нэг сайн номыг 100 удаа уншихыг илүүд үздэг. Уншсан номоо өмнө уншсан бусад мэдээлэлтэй холбон бодох замаар мэдлэгийг эргэлтэд оруулж ажил амьдралдаа ашигладаг.


Өдрийн тэмдэглэл.


Өөрийн бодол санаа болон уншсан зүйлээ тэмдэглэж байх нь өөрийгөө өмнөх бодлуудтай харьцуулахад үр дүнтэй байдаг.


Нийгмийн хэрэгцээг мэдрэх.


Нийгэм хувьсан өөрчлөгдөж байна. Өмнө мэдээлэлгүйн зовлон байсан өнөө цагт хэт их мэдээлэлтэй болж. Энэ хэрээр та бидний мэддэг, чаддаг гэх зүйлс харьцангуй болж байна. Дэлхий ертөнц нэг ижил биш өвөрмөц, өөрийн онцлог бүхий зүйлд татагдаж байгааг та анзаарна биз ээ.


Цаг хугацаа таны мэдэлд.


Ажил их байна гээд завгүй хүний дүр эсгээд явах амархан. Гэр бүл, үр хүүхэд, ээж аавдаа заавал цаг гаргаарай. Хожим хойно хүний амьдралын үнэ цэн болсон ижий аавтайгаа сайхан ярилцаад суух минь яав даа л гэж бодогддог л юм.


За танд амжилт хүсье. Өнөөдрөөс эхлэн хэн болох оо, хэрхэн амьдрахаа шийдвэрлэх өдрүүд нь эхэлж байна.