“Та өөрөө старт-ап компани” номын танилцуулга

Фэйсбүүк, Аэпл, Твиттер, ЛинкэдИн зэрэг компаниуд өнөөдрийн энэ гайхамшигт амжилтанд хэрхэн хүрсэн бэ? Тэд монголын компаниудаас юугаараа ялгарч байна вэ? Үүсгэн байгуулсан, удирдаж буй эрхмүүд нь карьерынхаа энэ өндөрлөгт хэрхэн гарсан бэ? Тэд, бас ажилтнууд нь ямар арга барилаар ажиллаж, та биднээс юугаараа ялгардаг вэ?...

Дээрх компаниуд бүгд анх бусадтайгаа л адил старт-ап (саяхан байгуулагдсан, хөгжлийн шатандаа яваа компани) байсан. Тэд олон хүний боддог шиг анхны гайхалтай санаандаа дөрөөлөн даруйхан амжилт олчихоогүй. Өрсөлдөөн ихтэй зах зээлд хөлөө олохын тулд өрсөлдөх давуу талаа хөгжүүлж, алдаж онож, дасан зохицож, ухаалгаар эрсдэл хийж, танилын сүлжээ үүсгэж, үсрэлт хийх боломжийг эрэлхийлж байж, өөрөөр хэлбэл энтрепренерийн стратегиудыг хэрэгжүүлж байж тэд өнөөгийн өндөрлөгт хүрчээ.

Үүнтэй адил Стив Жобс, Марк Цукерберг, Рэйд Хоффман, Шэйрил Сандберг нар ч ийм л стратегийг барьснаар карьерын өндөрлөгт хүрсэн юм. Тэд оюутан байхаасаа карьерынхаа төлөвлөгөөг боловсруулж ягштал дагаагүй бөгөөд өөрийгөө цор ганц төлөвлөгөөнд түгжилгүй, шинэ боломж, шинэ эрсдэл гарч ирмэгц тэдгээрийг үнэлж, өөрийн агуурс, эрмэлзэл, зах зээлийн хэрэгцээг нэгтгэн зангидаж, танилын сүлжээндээ түшиглэн карьерын алхмуудыг хийж иржээ.

Дээр дурдсан аварга компаниуд, шилдэг мэргэжилтнүүд дэлхийн технологийн хамгийн том төв Цахиурын хөндийд (Silicon Valley) байршдаг. Фэйсбүүкийн Захирлуудын зөвлөлийн гишүүн Марк Андрийсэний хэлснээр, дэлхийн хөгжил дэвшлийн түүчээ болсон Цахиурын хөндийнхөн ажлын арга барилаа буюу “тоглоомын дүрэм”-ээ бидэнд танилцуулж байна. Энэхүү дүрмийг хоёрхон үгээр старт-ап сэтгэлгээ хэмээн томьёолж болох аж. Ажил бизнестээ амжилт олохыг хүссэн хүн бүхэнд сонирхолтой жишээгээр баялаг, энэ шинэлэг ном лавтайяа тусалж чадна.