Икужиро Нонака: Мэдлэгийн спирал

Икужиро Нонака, Хиротака Такуэк

 

Мэдлэгийн спирал

 

Икужиро Нонака, Хиротака Такуэк нарын “Мэдлэг бүтээгч компани”/The Knowledge Creating Company/ ном 1995 онд хэвлэгдэн гарсан даруйдаа олон анхаарлыг татаж, бизнесийн салбарынханд шинэ санаа, өөрчлөлтийн хүч болж өгсөн. Энэ номын үндсэн агуулга нь далд ба ил мэдлэгийн хоорондох спирал хөдөлгөөнд үндэслэгдэх мэдлэг бүтээх үйл явцын онол байсан юм.

 

Нонакагийн онолоор мэдлэг ил ба далд гэсэн үндсэн 2 хэлбэртэй. Далд мэдлэг нь тусгай, нарийн агуулгатай холбогдох бөгөөд үг, өгүүлбэр, тоо, томъёоллоор илэрхийлэгдэх боломжгүй, туршлаганд тулгуурласан субьектив шинжтэй байна.  Итгэл үнэмшил, дүр төсөөлөл, зөн совин, сэтгэлгээний загвар зэрэг нь мэдлэгийн энэ төрөлд хамаарна. Харин ил мэдлэг нь үг, өгүүлбэр, тоо, томъёололоор илэрхийлэгдэх боломжтой, обьектив шинжтэй байдаг. Мэдээллийн сан, асуудал шийдэх гарын авлага, онол зэрэг нь мэдлэгийн энэ төрөлд хамаарна. 

 

Нонака мэдлэг бүтээгдэх үйл явцыг 2x2 матриц дээр спирал хөдөлгөөнөөр загварчилжээ.

Conceptual knowledge – ойлголтын мэдлэг

Systematised knowledge – системтэй мэдлэг

Operationalised knowledge – үйл ажлын мэдлэг

Sympathised knowledge – өрөвдөж энэрхүйн мэдлэг


Ил мэдлэг/explicit/ нь  далд, далд мэдлэг/tacit/  нь ил болон хувирах боломжтой. Үүнийг 2x2 матрицын булангуудад харуулжээ. Суралцахуйг тасралтгүй  өрнөх үйл явц гэж харвал загвар  маань цагийн зүүний дагуу эргэх спирал хөдөлгөөн болно. Байгууллага дахь суралцахуйн үйл нь суралцахуйн спиралыг хэрхэн хөдөлгөөнд оруулж, цааш нь хэрхэн өдөөн дэмжихээс шууд хамаарна. Энэ загвар цагираг биш спирал хөдөлгөөнөөр дүрслэгдэж байгаа нь суралцахуйн үйлээр ойлголт улам гүнзгийрэн нарийсч байдгийг илэрхийлж байгаа хэрэг.

 

Найзлан дотносох замаар/socialization/  нэг хүн нөгөөдөө мэдлэгээ дамжуулахад тухайн хүний далд мэдлэг нь нөгөө хүний далд мэдлэг болон хувирна. Энэ нь байгууллагын доторх хүмүүстэй эсвэл гадны нийлүүлэгч, худалдан авагч нартай шууд харилцах явцдаа мэдлэг олж авах, бодит туршлага, амьд харилцааны үйл юм. Найзлан дотносох үйл голцуу хувь хүмүүсийн хооронд л явагдах бөгөөд үүгээр туршлагаа бусадтай хуваалцаж, бусдын ойлголт, загвараас суралцдаг.

 

Мэдлэгийг ил болгох/externalization/ үйлээр далд мэдлэг ил мэдлэг болон хувирна. Нэгдүгээрт, энэ нь өөрийн далд мэдлэгийг үг, адилтгал, зүйрлэлийг ашиглан санаа, зураг дүрслэл болгон хувиргах үйл явц байна. Хоёрдугаарт, хэрэглэгч, шинжээч зэрэг бусад хүмүүсийн далд мэдлэгийг ойлгож ухаарахад хялбар ил мэдлэг болгон хувирган хөрвүүлэх үйл байдаг. Мэдлэгийг ил болгох үйл ажиллагаанд харилцан ярилцах үйл их чухал. Нүүр тулсан ярилцлагын үед хүмүүс өөрсдийн бодол санаа, итгэл үнэмшлээ бусадтай чөлөөтэй хуваалцдаг бөгөөд тодруулга асуулт, хариулт мэдээллээр тухайн хүний хэлэх гээд байгаа санааг илүү зөв, нарийн тусгаж авдаг.

 

            Хослуулан холбох/combination/ үйлээр ил мэдлэг өөр нэгэн ил мэдлэг болон хувирна. Энэ үйл ажиллагаанд мэдээллийн технологийн хөгжил тус нэмэр болж байгаа бөгөөд баримт бичиг, захидал, өгөгдлийн сан, хурлын протокол зэрэг ил мэдлэгүүд нь хослуулан нэгтгэхэд ашиглагдах материал болж өгөх юм. Дотоод болоод гадаад эх сурвалжаас холбоо хамааралтай мэдлэгүүдийг цуглуулах, хэрэглэхэд хялбар болгох үүднээс хянан засварлах, хувирган өөрчлөх, хувилан олшруулах зэрэг нь хослуулан холбох үйлд хамаарна. Мэдлэгийг хослуулан холбох нь байгууллагын дотор тасаг, бүлгүүдийн дунд мэдээлэл дамжих бололцоог нээж өгдөг.

 

            Хувь хүн олж авсан ил мэдлэгээ ажил, амьдралдаа хэрэглэх замаар/Internalization/  далд мэдлэг болгон хувиргадаг. Энэ үйл ажиллагаагаар байгуулага, хамт олон, нийгмийн бий болгосон ил мэдлэг хувь хүний туршлага, харах өнцөг, сэтгэлгээгээр баяжигдан тухайн хүний өөрийн далд мэдлэг болно. 

 

            Энэ  загвараас нэгтгээд харахад байгууллага хамтын мэдлэгийн санг тэлэх мэдлэгийн спиралыг эргэлтэнд оруулъя гэвэл “дотно харилцаа”, “харилцан яриа”, “хослуулан холбох”, “үйл ажил, хэрэглээ” 4 арга хэрэгслийг ашиглах хэрэгтэй болж байна. Эдгээр нь тухайн хамт олны мэдлэгийн санг өргөжүүлэх үндсэн 4 хөшүүрэг юм.